ҮР УДМААРАА ДОРОЙ БАЙХ НЬ

“Хүүхэд насандаа том хүмүүсийг эзгүй байх үед би ангийнхаа хүүхдийн хамт тэдний буйдан дээр дэвхэрч тоглодог байлаа. Биднийг буйдангийн бүлтрэх шахсан пүрш баярлуулж, дэвхрэх үед гарч байгаа тоос нь сэтгэл хөдөлгөдөг байж. Хорин жилийн дараа би ангийнхаа хүүхдийнд ороход хүүхэд байхдаа бидний харайж үсэрдэг байсан тэр буйдан байж л байлаа. Миний бодож байгаагаар буйдан бараг өөрчлөгдөөгүй юм шиг санагдав. Харин би тэдний ядуу дорой байдлаас цочирдов...

Би тэднийд шинэ буйдан авах, хуучирсан хоёр сандал, цуураад шоколадын цаасаар тогтоосон толийг нь солих мөнгө хэд болох бол гэж дотроо тооцоолов. Гэрийн эзэгтэйтэй ярьж байх зуур таазыг нь будаж, ханын цаасыг сольж байна гэж төсөөлөв. Ялааны баас бүрхсэн цонхыг угааж, буйдан дороос цухуйж буй саваа, картонан цаас, уранхай шилэн оймсоор бүрсэн хагархай цэцгийн савыг хаях хүсэл төрлөө. “Мөнгө байхгүй бол яахав...” гэж би эргэлзсэн ч оюун ухаан маань эсэргүүцэж, ядаж модны өнгөтэй хуулга авч ширээг нь бүрэхийг шаардаж байлаа. Хаашаа ч харсан хугархай хагархай зүйл, хөгц толбо, хог дайралдана.

Гэтэл гэнэт ухаан санаа минь ингэж хэлэв: “Ядууралтай хамт хир буртаг үргэлж цуг явдгийг юу гэж бодож байна?”. “Үргэлж” гэдгийг “бараг үргэлж”, “ихэнхдээ” гэж солиод ч нэмэргүй ээ. Хир буртаг нь мөнгөгүй байсны үр дагавар биш, сэтгэлгээний төлөв байдал юм. Хир буртаг, гуйланчлал хоёр салшгүй хөршүүд бөгөөд гуйланчлал гэдэг бол сэтгэлгээний хэв маяг мөн. Тийм ээ, угаагаагүй толгойд гуйланчлал оршиж байдаг юм...

Дунд сургуульд Тамара Григорьевна гэдэг уран зохиолын багш, сүрхий хүүхэн байв. Гярхай, хэрсүү ухаантай багш байлаа. Нэгэн удаа тэр миний бүхий л амьдралын туршид мартагдашгүй тогтоож авсан үгийг хэлсэн юм. Бэртэгчин үзлийн тухай ярьж байгаад тэрээр “Бэртэгчин үзэл гэдэг бол шүүгээнд шинэ аяга байсаар байтал эмтэрсэн хуучин аяганаасаа уухыг хэлнэ...” гэж билээ. Олон орос айлд ийм үзэгдэл байсаар байгаа. Шилэн шүүгээнд жаргалтай өдөр хэрэглэх шинэ аяга хураасан байна. Гэвч жаргалтай өдөр ховорхон тохиолдох бөгөөд амьдрал хар бараан өдрүүдээр дүүрэн. Хэзээ ч юм ирэх хүлээлтээр амьдардаг хүнд ирээдүй байдаггүй юм байна. Гуйлгачин байх, хиртэй байх нь ичгүүртэй болохыг тэгэхэд би ойлгосон юм. Хоосон толгойтой байх бүр ичгүүртэй...

Лагерийн байшин авахын тулд хорин хэдэн жил мөнгө хураасан нэг авгайг мэдэх юм. Тэр авгай хоёр охинтой. Охидууд дан ганц будаа идэж өссөн бөгөөд том охин нь өвдгийг нь нөхсөн хуучин өмдтэй гарах ямар ичгүүртэй байсныгаа ярьж билээ... Хангалттай цалин өгч чадаагүй төрийн тухай би яриагүй. Би тогтолцоо систем яриагүй, би хүний тархи толгой доторх ядуурлын тухай ярьж байна. Ижил цалинтай мөртлөө нэг нь баян хүн шиг, нэг нь гуйлгачин мэт амьдрах. Энэ авгай эцсийн эцэст зуслангийн байшингаа авсан боловч хоёр охин нь сонирхсон ч үгүй. Охид өсөж том болоод ээжийгээ эмэгтэй хүн болгосонгүй гэж эцэс төгсгөлгүй зэмлэж байлаа. Энэ хоёр бүсгүйд "Үнсгэлжингийн комплекс"(бусдаас хамааралтай байх, идэвхгүй байдал, дадлага туршлага хомс, өөрсдийгөө багаар үнэлэх...) бий болжээ. Элэгдэж муудсан сандал, эмтэрсэн аяга таваг, гандаж хуучирсан алчуур, хэдэн жил ч болсон юм мэдэхгүй нэг пальто, цүнхийг харж өссөн тэд мөнгийг зарцуулахаас айдаг болсон байв. Юм худалдаж авах бүрдээ тэд сэтгэл санаа нь тавгүйтэж, шинэ юм авах хувьгүй юм шиг бодогдоно. Үүнийг л бодол ухамсар хийгээд эд эс, яс, цусанд шингэсэн ядуурал гэж хэлнэ...

Халцархай хана туурга харж өссөн хүүхдийн дотоод ухамсарт нь ядуурал суусан байдаг. Өсөх явцдаа тэд аль хэдийн ядуурлын дарамтыг мэдэрч өснө. Бүр Антон Павлович Чехов хүртэл халцархай хана, хог шороотой гудамж оюутны сурах чадварт муугаар нөлөөлдөг... гэж бичиж байв. Хог шороо, ядуурал нь хүнд дарамт үзүүлж, ядуу дорой байдал нь азгүйтлийг зөгнөнө. Ядуурлыг үзэн ядах чанар нь зарим хүнд тус болж, мөнгөтэй болохын эх үүсвэр болсон...гэж та хэлэх байх. Тэгвэл өөр олон хүн, маш олон хүн ядууралд дарлуулж яваа шүү гэж би хэлнэ. Гай зовлонг хөөж гарга. Ядуурлыг ч мөн хөөж гарга. “Баян байх нь оюун санааных юм...” гэсэн үг надад их таалагддаг. Тэгэхээр ядуурал ч бас оюун санааных ажээ...

Эх сурвалж: Наталья Грэйс

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү