Таниас суралцъя, Таныг дэмжье “Та” буланд маань “Сайхан бүсгүй” группийн бүтээлч, бусдад үлгэр дууриалал бүхий гишүүдийг урьж оролцуулж байгаа билээ. Бусдад үлгэр жишээ болсон хөдөлмөрч, бүтээлч бүсгүйчүүдийг та бүхэндээ танилцуулья. Ээлжит дугаарт маань сайхан бүсгүйчүүдийн нэг болох Сайхан бүсгүй группийн гишүүн Япон улсад амьдран суугаа таван сайхан үрийн ээж Э.Ариунцэцэгийг урьж оролцуулж байна.
Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны түрүүнд та манай уншигчдад өөрийгөөө танилцуулахгүй юу?
Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Юуны түрүүнд урьж оролцуулсан та бүхэндээ баярлалаа. Намайг Ариунцэцэг гэдэг. Улаанбаатар хотод төрж өссөн. 2011 онд анх Япон улсанд ирээд одоо Хоккайдо арал буюу хойд арлынх нь Обихиро гэдэг хотод нөхөр, таван хүүхдийн хамт гэр бүлээрээ амьдарч байна.
Япон улсад амьдраад багагүй их хугацаа өнгөрчээ. Япончууд маш их ажилсаг завгүй улс гэж ойлгодог. Гэр бүл, үр хүүхэддээ хэрхэн цаг зарцуулдаг бол?
Япон улсад ирээд нэг мэдсэн 10-н жил өнгөрчээ. Цаг хугацаа маш хурдан юм. Япончууд их завгүй ажилсаг хүмүүс. Миний анзаарч байгаагаар гэр бүл гэдэг маш том хариуцлага гэдэг утгаараа аавийн үүрэг, ээжийн үүрэг гээд бүгд маш хариуцлагтай байдаг. Аав нь өдөржин ажлаа хийгээд, ээж нар нь гэртээ хүүхдээ хараад ажил амьдралаа зохицуулдаг. Амралтын өдрүүдэд харин аав нар нь хүүхдүүддээ зав гаргаж салхинд авч гарах, хүүхдүүдтэйгээ зугаалж байгаа харагддаг. Бусдаар өдөр тутамын амьдралд ээж нар нь анхаарч бүхий л цаг заваа зориулдаг. Мөн сургууль, цэцэрлэгийн орчин маш чухал нөлөө үзүүлдэг.
Хүүхдээ зөв хүн болгон төлөвшүүлхэд эцэг эхийн оролцоо хамгаас чухал. Энэ тал дээр өөрийн тань үзэл бодол?
Хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоо маш чухал. Мөн хүүхэд нийгэмшиж байгаа гэдэг үүднээсээ сургууль цэцэрлэгийн орчин ч чухал нөлөөтэй гэж боддог. Өөрийнхөө жишээ дээр л хархад манай хүүхдүүд бүгд өөр өөрийн гэсэн онцлог зан төрхтэй. Тухайн сургууль цэцэрлэгийн багш сурган хүмүүжүүлэгчийн зан харилцаа хүүхдэд нөлөөлдөг гэж харагддаг.
Хүүхдээ зөв хүн болгон төлөвшүүлхэд эцэг эхчүүд эхлээд өөрөөсөө эхлэх хэрэгтэй гэж боддог. Өөрөө зөв хүн байвал хүүхэд зөв хүн байна. Тиймээс аливаа зүйлийг өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй. Үүнтэй холбоотой хүүхэд тойрсон асуудлаар эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид хамтран суралцах, санал бодлоо солилцох зорилгоор мэргэжлийн сурган хүмүүжүүлэгч, монтессори багш Д.Отгончимэгийн санаачилгаар, АНУ-ын Аризонад амьдардаг М.Нэргүй нарын хамт “Хүүхэд тойрсон яриа” facebook групп нээгээд хамтран ажиллаж байна. Үүнд хүүхэд яаж хүн болох, яаж төлөвших, эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хэрхэн харьцаж ойлголцох гээд эцэг эх хүүхдүүдүүдэд хамаатай сэдвийн дагуу ярилцаж, зөвлөлддөг.
Манай улс болон Япон улсын залуу эцэг эхчүүдийн хүүхэддээ хандах хандлагыг харьцуулбал? Бид юун дээр анхаарах хэрэгтэй гэж харагддаг вэ?
Миний ойлгож байгаагаар хандлага маш чухал. Гэхдээ хүн байх нь чухал гэж боддог. Энэ улсад амьдраад хараад харьцуулахад олон талын ялгаа харагддаг. Энд эцэг эхчүүд нь хүүхдээ хүмүүжүүлэхдээ бусдад төвөг удахгүй байх хэрэгтэй гэж багаас нь ойлгуулж хүмүүжүүлдэг. Амьдралд, хүн болоход нь бэлддэг. Хүүхэд гэж үл ойшоохгүй том хүн шиг л хоорондоо ярилцаж ойлгууллдаг. Энэ хүүхэд ээж болно, аав болно гэдэг үүднээс зөв хүн болоход нь бэлддэг. Жишээ нь манай Монгол улсад саяхан Коронотай холбоотой засгийн газраас айлуудын ус тогны мөнгийг нь чөлөөлж өглөө. Энд энэ асуудал бол маш том үйл хэрэг. Манайхан энэ сургаар тогоо илүү хэрэглэх, илүү зардал гаргасан гэх мэдээлэл сошиалаар явж байсан. Гэтэл Япончуудад ийм том хэмжээний арга хэмжээ аваагүй ч гэсэн айл дор бүрнээ ус тогоо маш хариуцлагтай хэмнэдэг. Тухайлбал нэг өрөөнд бүгд байхдаа нөгөө өрөөнийхөө тогийг унтрааж, үзээгүй үедээ зурагтаа өдөржин асаадаггүй. Бид анх 2011 онд Японд болсон Цунамигийн дараа ирж байхад энд бүгд л ус тогоо хэмнэж, сурталчилгаа уриалга явуулж байсан. Бүгд нэг өрөөндөө бай. Том өрөөнийхөө тогоо унтраая гэж байсан. Мөн нэгэн Япон эмэгтэй манайд орж ирээд биднийг нэг өрөөндөө зурагт асаагаад үзэхгүй, хүүхдүүд тоглож байгааг хараад их л сандарч ирээд хэн ч үзэхгүй байгаа юм чинь зурагтыг нь унтраачья тэхүү гэж байсан. Эндээс хархад л хүн болох төлөвшил харагдаж байгаа юм. Аливаа хүн хий дэмий цээжээ дэлдэж “Эх орон минь” гэхийн оронд дор бүрнээ улс орныхоо төлөө жоохон ч болов хэрэгтэй ганц үйлдэл хийхэд л эх орондоо хэрэгтэй алхамаа хийж байгаа гэсэн үг гэж боддог.
Энгийн юмнаас л хараггдаг шүү дээ.Ийм учираас Япон улсын хөгжил нь өдий зэрэгтээ явж байгаа юм болов уу.
Орон орны хүүхдийн зан төлөвийн онцлог өөр байдаг байх тийм үү?
Орон орны хүүхдийн зан төлөв мэдээж өөр, айл бүрийн хүүхдийн зөн төлөв ч өөр. Бүгд гэр бүлийн хандлагаас хамаарна. Өглөө аав ээжүүд юу гэж хэлж гарч байна гэдгээс эхлээд л хүүхдүүд даган дуурайдаг. Жишээ нь Япончууд өглөө гэрээсээ гарахдаа “Би явлаа - Сайн яваад ирээрэй... Би ирлээ- сайн явж ирэв үү? Гэх мэт хоорондоо заавал хэлж ярилцдаг. Хүүхдүүүд нь ч эндээс суралцаж байдаг . Зуршил хэвшил нь тухайн орны соёл нь болдог гэж боддог. Монгол соёл заншлаа ч бид баримталж, бусад орны соёлоос хэрэгтэйг нь авч тусгах хэрэгтэй гэж боддог. Улс орны үнэт зүйл нь юунд байна вэ? гэдгийг мэдэх хэрэгтэй. Би том хүүдээ хандан чи Монгол хүн, бас дэлхийн хүн тиймээс ямар ч орны соёлыг хүндэлж хүнтэй зөв харьцаж, хүндэтгэх хэрэгтэй гэж хэлдэг. Бид нийгэмтэй салшгүй холбоотой. Бид өөрсдийн нийгмийн амьтан шүү дээ.
Хүүхэддээ цаг зав зарцуулж,хүмүүжүүлэх гээд маш их анхаарал хандуулдаг ч үйлдэл хийж хэрэгжүүлэх нь хамгаас чухал. Таны хувьд хүүхдүүдээ хэрхэн хүмүүжүүлдэг вэ?
Энэ талаар ээж нар их ярьдаг. Хүмүүс намайг хараад их завгүй байдаг байхдаа гэж асуудаг. Хариуд нь би хүмүүст тоглоомоор хүүхдүүд ч гэсэн завгүй шүү дээ гэж хэлдэг./Инээв/
Энд өртөг өндөр, хүний нутагт ажил хийхгүй өдөржин хүүхдээ гэртээ хараад суух боломжгүй. Тиймээс хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт хамруулаад өөрөө ажилаа хийдэг. Орчин нь сайхан учир санаа зовохгүй ажилаа хийдэг. Анх Японд хоёр хүүхэдтэйгээ ирж байсан. Гурав дахь хүүхдээ энд төрүүлээд ганц сарын амралт аваад эргээд сургуульдаа орж байсан.
Ажил гэр гээд нилээн завгүй байдаг. Гэхдээ хүүхдүүдтэйгээ өдөржин хамт байж чадсангүй гэж санаа зоволгүй хамт байхдаа чанартай цаг гаргах хэрэгтэй гэдэгтээ анхаардаг. Би өөрөө их яриа хүн болоод ч тэр үү хүүхдүүдтэйгээ их ярилцдаг. Сургууль, цэцэрлэгт нь хүргэх замдаа ярилцаад хүслийг нь сонсоод , юу хийж байгааг нь , юунаас айж ямар мэдрэмжтэй байгаа гээд бүхий л асуудалд анхаарал хандуулж ярилцдаг. Таван хүүхэд маань бүгд өөр өөрийн зан төлөвтэй. Үүнд багш сурган хүмүүжүүлэгч нарынх нь ч зан нөлөөлж байдаг. Энд байгаа багш нарт чадахгүй зүйл гэж үгүй. Дуулж бүжиглэнэ, заана, ярилцана гээд тэр бүгдийг хүүхдүүд маань даган дууриаж суралцаж байдаг. Ээж аавтайгаа байх багахан хугацааг чанартай өнгөрүүлэхийг хичээдэг.
Манай гэр бүл их сонирхолтой 7-н өөр ертөнц, 7-н өөр сонирхол шүү дээ. /Инээв/ Бүгд хоорондоо ярилцдаг. Хүүхдүүдийнхээ хийж байгаа зүйлийг нь анхаарч урам өгч баярлуулдаг. Хүүхэд бүгдийг ойлгодог. Маш ухаантай. Чи хүүхэд учираас ингэж , тэгж болохгүй гэж харьцаж болохгүй. Хүүхэд бүгдийг ойлгодог учир найз шиг нь л илэн далангүй ярилцах хэрэгтэй гэж боддог. Бид найзтайгаа чин сэтгэлээсээ сайхан ярилцдаг шигээ хүүхэдтэйгээ тэгж л хандах ёстой. Хүүхэд том болно. Эргээд бид нарт яг тэгж л хандана шүү дээ. Би том хүүдээ заримдаа уучлаарай гэж хэлдэг. Олон дүүтэй болгож, заримдаа ярилцдаггүйд, тэвэрдэггүйд уучлаарай гэж хэлдэг.
Таны ойрын зорилго юу вэ? Өөрийнхөө хийж бүтээхээр төлөвлөж байгаа ажлынхаа талаар бидэнтэй хуваалцахгүй юу?
Япон улсад ээж хүн суралцаад зэрэг цол горилоод зогсоо зайгүй ажиллана гэж байдаггүй. Энд эрчүүд нь илүү давамгай эрхтэй. Эрчүүд нь өндөр цалинтай том албан тушаалд ажилладаг. Нэг ёсондоо эмэгтэй хүн каррер хөөж ажиллана гэж байхгүй. Хүлээж авч ч чадахгүй байх. Ээж хүн гэртээ хүүхдүүдээ хараад ар гэрийн амгалан тайван байдлыг хариуцдаг бол аавууд ажилаа хийгээд ар гэрээ тэжээдэг. Миний хувьд хэдий ийм орчин нөхцөлд байгаа ч гэсэн найз нөхөдтэйгөө олон ажил төлөвлөн, хэтийн зорилго тавин зүтгэж яваа. Тухайлбал цахим орчинд ажиллаж тусгайлан цаг гаргах бодолтой байгаа. Хүнд туслах, хүнийг хүн байх талаас нь юу хийж, яаж туслах уу гээд цаашлаад хүнийг аз жаргалтай байхад нь юу хийх үү? Тэр дундаа залуу ээж нартаа зориулан аз жаргалтай амьдраасай гэх үүднээс цахим сургалт зохион байгуулж зөвөлгөө өгөх гээд миний зүгээс туслах зүйл юу байна түүнийгээ хийнэ гэсэн зорилготой байгаа. Үүнтэйгээ уялдуулаад олон ажил хийх бодолтой байгаа. Бусдын амьдралд туслахын тулд миний зүгээс юу хийх боломжтой байгааг судлаж ихийг хийх том зорилготой байгаа.
Та “Зүтгэл” -ийг юу гэж боддог вэ? Таны хувьд өөрийн амьдралдаа гаргасан зүтгэлд ямар үнэлэмж, үнэлгээ өгөх вэ?
Хүн болж төрөөд л мөлхөнө, алхаж гишгэж явж сурахаас эхлээд л хүн зүтгэдэг гэж боддог. Хүн өдөр хоног бүр зүтгэдэг. Хүний амьдралын цаг мөч бүхэнд гарч байгаа үйлдэл нь зүтгэл юм болов уу гэж боддог. Би өөрөө айлын ганц охин. Ийм олон хүүхэдтэй болно гэж төсөөлөөгүй. /Инээв/
Япон улс чанга улс. Хүүхдүүдийнхээ төлөө зоригтой зүтгэж байгаа, чи хичээж байна шүү. Чадаж байна шүү Ариунцэцэгээ гэж өөртөө үргэлж урам өгдөг. Өглөө бүр өөртөө үнэлгээ өгдөг.
Хүн болгон өөр өөрийн ертөнцтэй. Та ярилцлагынхаа төгсгөлд манай уншигч бүсгүйчүүдэд хандаж урмын үг хэлэхгүй юу?
Сайхан асуулт байна. Бүсгүйчүүддээ хандаж хэлэхэд: Та бол цор ганц хувь. Аливаа зүйлийг бусдаас эрэх хэрэггүй. Хайж байгаа зүйл чинь бүгд чамд өөрт чинь байгаа. Бусдаас эрэх хэрэггүй шүү гэж дахин хэлье. Бүгдийг чи өөрөө хийж чадна. Хэрэгтэй зүйлээ хайж, элэрхийлж байгаа бол өөрөөсөө хай. Хүсч байгаа бүхий л зүйл чамд бий. Чи өөрөө бүгдийг хийж чадна гэж хэлье.
Та бүхэндээ баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье.