ХАЛТАРЫН ЭНХТАЙВАН: ХИЛЧНИЙ АЛБА БОЛ ДЭЛХИЙ ДЭЭРХ ХАМГИЙН САЙХАН АЖИЛ, МЭРГЭЖИЛ

Бид энэ удаагийн дугаартаа хилчин хурандаа, аялагч, нийтлэлч Халтарын Энхтайваныг онцлон цэрэг, эх орны тухай сэдвээр хөөрөлдсөн юм

 Сайн байна уу та. Сайхан зусаж байна уу?

 Сайн байна уу. Сайхан зусаж байна. Ажил алба тавтай байна уу?

Тавтай сайхан. Урилга хүлээн авсанд баярлалаа. Аав ээж, төрсөн нутгийн тухай дурсамжаар яриагаа эхлэвэл болох болов уу?

Би Дорноговь аймгийн Сайншанд хотод төрж, өссөн. Өдөржин, шөнөжин галт тэрэгний дохио, зарлагчийн дуу хангинах төмөр замын гэр хороололд бага нас минь өнгөрсөн дөө.

Аав маань Төмөр замчин хүн л дээ. Харин ээж минь худалдааны хүн байв. Бид эцэг эхээс наймуулаа, өнөр өтгөн, гайхалтай сайхан өссөн дөө. Аав, ээж минь үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл ажиллана. Шөнө ирээд л угаалга, цэвэрлэгээ хийж, өглөө сэрэхэд хашааныхаа шороог цэлийтэл шүүрдээд, ус цацаад л ширхэг чулуугүй, боорцог хайрч, цай чанацгааж байдагсан. Бид нар олуулаа учир том түмпэн дүүрэн боорцогийг хоногт нь л дуусгачихдаг байсан. Тэгээд л ажилдаа явцгаана. Би аав ээж шигээ тийм ажилсаг улс ахиад олж хараагүй ээ. Аав минь тэр олон жил ээлжийн амралтаа авч үзээгүй 13 дугаар сарын цалин авна гээд л зүтгэчихдэг, ганц хоёр удаа хүчээр амралтыг нь өгхөөр нь тэр үеийн бөөний баазад очиж ачаа бараа буулгах ажил хийдэг байж. Ингэж ажилласаар ерээд оны шуурганаас болоод залуудаа тэтгэвэрт суусан. Зах зээл ч эхэлж, бид ч эхнээсээ дунд ангид орж эхэлсэн. Тэгээд муу аав ээж хоёр минь тааралдсан болгоныг хийж, ачаа бараа буулгаж, зам бараадаж хоол цай зарцгааж, бид ч тусад орж эхэлсэн. Ер яаж тэр хүнд үеийг туулж, наймын найман хүүхэд өсгөж, бүгдийг нь боловсрол эзэмшүүлж хүний зэрэгт хүргэсэн юм бол доо гэж одоо хэр нь гайхаж, биширч суудаг юм. Бурхан гэж байдаг бол аав ээжээс илүү бурхан гэж байхгүй шүү дээ...

 Аав ээжийн ачийг хариулж байна уу?

Яаж хариулах вэ дээ. Муу ээж минь биднийг өсгөх, хооллох, гэр орноо цэвэр цэмцгэр байлгах их ачааг нуруундаа үүрсээр, биднийг дөнгөж эхнээс нь ажил хийж тус нэмэр болохын даваан дээр бурхан болсон. Биеэ ч бодолгүй л тэгж зүтгэж л дээ. Он жил холдох тусам л улам их бодож суудаг болж байна. Аав минь нутагтаа ач, зээ нараа эрхлүүлээд, бага хоёр охиныхоороо ээлжилж очоод л байж байгаа. Хааяа нутагруугаа давхиж очиж, нутгийн агаарыг мэдэрч, аавындаа байж байгаад ирэх сайхан, буцмааргүй л байдаг.

Ачийг хариулаагүй байх, хариулж ч чадахгүй байх.., гагцхүү хүний дайтай явж, үр хүүхдээ бас хүний дайтай өсгөхсөн, “тэднийхний хүүхдүүд мөн сайхан” гэж нутаг усныхандаа аав, ээжийнхээ нэрээр дуудуулахсан гэж л бодох юм. Их яриад баймааргүй, эмзэг нандин сэдэв шүү дээ

209094908_235641834838559_2246663798653368837_n

Багаасаа цэргийн хүн болно гэж мөрөөдөж, зорьж байв уу?

Галт тэрэгний машинист болно л гэж мөрөөдөж өссөн. Аав маань галт тэрэгний зүтгүүрт суулгаад л хөдөө гэрлүү явуулдаг байлаа. “Богооны жолооч болно” гэх ганц өгүүлбэртэй өссөн. Манай төмөр зам чинь тэр үед найман жилийн сургуультай, тэгээд аймгийн төвдөө 10 жилийн сургуулийн есдүгээр ангид очиж суралцсан. Сурсан дассан сургуульдаа нийлж дарвиж, хичээл сурлагадаа хичээдэггүй байсан юм шиг байгаа юм. Шинэ орчинд бага зэрэг хичээж сурлага сайжирч эхэлсэн. Танихгүй охид, танихгүй багш нарыг хараад хичээж, бузгай сайжирсан. Одоо Ардын багш болсон Ч.Отгонбаяр гэж мундаг багш байв. Шахаж, загнаж, магтаж байгаад хэл уран зохиолд ихээхэн сайжруулсан шүү. Бүр Утга зохиолын ажилтан, судлаач болно гэж хөөргөнө. Тэрэндээ итгээд л хөөрч явлаа. Төгсөх үед хуваарь сонгох болж бас ч үгүй хэдхэн “дунд”-тай, ганц хоёр сургууль сонгож болохоор төгссөн санагддаг юм. Тэр үед сургууль дээр нэг цэргийн дарга цэргийн мэргэжил тайлбарлаж явсан шиг санагддаг юм. Тэгээд сургуулийн коридорт таараад асуутал ер нь болмоор юм ярьж байна шүү. Нагац ахын гэргий нэг эгч маань хуульч, их сайхан хүн байсан юм. Хичээлийн дундуур гүйж очоод асуутал “Цэргийн сургуулийн хуулийн анги төгсвөл тэгээд хэрэг бүртгэгч юм уу тагнуулын хүн болно оо, бүртгүүл” л гэж байна. Цувны зах босгосон, хар шилтэй, чихэвч зүүсэн л хүн харагдаж байгаа юм чинь. Конкурсны хажуугаар, бие бялдрын нэмэлт шалгалтыг нь өгөөд арай гэж тэнцээд гэрийнхэндээ дуулгатал намайг тэгж дээд сургуульд орох тухай зүүдлээ ч үгүй байсан аав ээж хоёр маань учиргүй баярлаж “цэргийн дарга нар сайхан, төлбөр мөнгөгүй сайхан сургууль байна” л гэнэ. “Манай удамд дээд сургуульд сурсан хүн байхгүй” л гэнэ. Байхгүй ч юу байх вэ, ээж аав маань хоёулаа л малчны гэрт төрцгөөсөн. Юу байх билээ. Ингээд л цэрэг болсон. Очтол нөгөө дэврүүн мөрөөдлөөс минь арай өөр орчин угтаж, цэргийн хатуу дэг журамд цочирдож билээ. Тэгээд сурах гэж алдаа оноотой л залуу настайгаа учирсан даа.

Нөгөө дуунд өгүүлдэг “Амьдралын минь алтан босго” маань Их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Цэргийн их сургуулийн тэр цэлгэр хаалга байсан юм билээ.

Бужигнуулж явсан биз?

Хүн бүрийн залуу нас алдаа, оноо, томоогүй явдал, хайр, аз, сонголт гээд тохиодог байх. Тэр жишгээр л явсан. Цэргийн амьдрал, гэрээсээ хол явсан минь үнэхээр завшаантай үзэх, туулах, ухаарах зүйл ихтэй сайхан зам байсан.  

Сайхан цэргийн дарга байсан байхаа та...?

Залуу явсан, сайн явсан гэвэл ойртох байх. Бас мандаж, онгирч явсан... Манай хилийн цэрэгт Застав гэж сайхан газар бий. Би заставт найман жил ажилласан. Хоёр жил заставын орлогч, долоон жил заставын дарга хийсэн. Яг хил дээр, үндсэн салбарт тэгж олон жил ажилласанаараа бахархаж, дурсаж явдаг.  Ер нь би хилийн цэрэгт 20 жил ажиллахдаа 10 жилд нь анги байгууллагын аваргаар, шалгарч ажиллажээ. 26 настай ахлах офицер болж байв. Тэр үед хамгийн залуу хошууч цол зүүлээ гэж байсан. Үнэн эсэхийг мэдэхгүй. “Бас л гялалзуулдаг байжээ” гэж хааяа онгирч бодож суудаг юм. Тэгээд нэг хэсэг “намайг хэн хэлэх вэ?” гэж алдаж оносон. Хэрвээ бүр уначихгүй л бол ер нь залуудаа алдаа, оноог туулах чинь сургууль болдог юм шиг байна. За тэгээд дүү нарт үлгэргүй яриа болчихвий. Алдаа гаргахыг бол зөвтгөөгүй, авах гээхийн ухаанаар хандана биз ээ.

212789295_220247280101515_3950383718779934582_n

Монголын дорнод, өмнөд хилд, тэр сайхан цаг үед, тийм эгэл сайхан хүмүүсийн итгэл хайран дунд томоогүй залуу насаа үдсэн минь аз завшаан байж. Жагсаалын талбай дээрээ дарга цэрэг, хүүхэд хөгшидгүй сууж дуулалдаж, инээж баясаад л, агт мал, ахуй амьдрал зэрэгцээд сайхан алба шүү. Алсрах тусам ойртдог нандин сайхан зүйл гэж байдаг. Ачтай буянтай сайхан дарга нар, хамт олон, цэргийн нөхдүүд, он жавууд гэж сайхан улс байна шүү дээ. Тэднийхээ хүчинд л цэргийн амьдралд өнгөтэй явсан гэж боддог.

Залуу нас минь залуу нас шиг л шуугисан шүү/инээв/

Цэргийн албаны бахархал, сайхныг цахим орчинд таны мэдээллээс л ойлгож баясдаг. Цэргийн амьдрал сайхан уу гэж асуултгүй байх..?

Эх орноо хамгаална гэдэг сайхан байхгүй гээд яах билээ, бахархалтай байхгүй яах билээ. Цэргийн алба хаасан бүхэн л бахархаж, шагшдаг. Одоо энэ оюутан цэргүүдээс асуусан ч бүгд л нүд нь сэргээд л ярих байх.

Ардын хувьсгал, Зэвсэгт хүчний 100 жил тохиож буй үед та цэргийн хүний хувьд сайхан зүйл ярих болов уу гээд л..?

Цэрэг гэдэг өргөн утга дээр нь авч үвэл Төрийн цэргийн байгууллага буюу Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Онцгой байдлын байгууллагууд, түүнээс гадна Цагдаа, Дотоодын цэрэг, Тагнуул, ШШГЕГ гэх мэт Хууль сахиулах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудыг хамруулсан өргөн ойлголт яригдана.  Өөр өөрсдийн тусгай чиг үүрэг бүхий боловч үндсэндээ улс орон, хүн ардын аюулгүй байдлыг хангах нэгэн зорилгын төлөө ажиллаж байдаг. Үүгээрээ бахархалтай. Ерөөсөө улс орны аюулгүй байдал нь хангагдахгүй бол тэгээд бусад бүх асуудал утга учиргүй болно шүү дээ. Юу ч байгаад нэмэргүй. Иргэд төдийлөн сайн мэдэхгүйгээс ихэвчлэн цэрэг гэх утгын хүрээнд Зэвсэгт хүчнийг л гэж ойлгодог юм шиг санагддаг. Миний хувьд энэ бүгдийн тухай ярих мэдлэг мэдээлэлтэй хүн биш, ярьдаг субьект нь ч биш байж мэднэ. Дээрээс нь өргөн цар хүрээтэй  асуудал яригдах болов уу. Харин ах нь хилчин хүний хувьд хил хязгаартай улс орныхоо залууст хилийнхээ тухай бол өөрийн хэмжээнд ярьчихмаар санагдаж байна. Болох уу?

Бололгүй яах вэ. Харин ч сонирхолтой санагдаж байна. Таны мэргэжил, хилийн албаны тухай яриагаа үргэлжлүүлье.

“Хилчний алба бол дэлхий дээрх хамгийн сайхан ажил, мэргэжил” гэх дэлхийн нэртэй судалгааны байгууллагаас гаргасан судалгааны дүгнэлт байдаг юм билээ. Миний хувьд ч хилчний албаа ажил мэргэжил гэхээсээ бараг хувь заяа, оноогдсон тавилан гэх юм уу.., их өөр хэмжээс, шалгуур дээр тавьж үзэж, дээдэлдэг дээ.

Хорвоод хүн болж төрсөн минь гайхамшиг, төрөхдөө Монгол нутгаа онож төрсөн минь гайхамшиг, дараа нь төрж өссөн Монгол нутгаа хамгаалах хилчин заяаг сонгосоноо үнэхээрийн гайхамшигт тохиол учрал гэж боддог. Хүний хөл хүршгүй онгон хязгаарын сүр жавхлан, олон эрсийн уухайн түрлэг дор эх нутаг, элгэн түмнээ хамгаалан зогсох шиг эрхэм нандин ажил үүрэг, хосгүй тавилан үгүй биз ээ...

Хил бол анхдагч. Хил, зааггүй юм хорвоод нэгээхэн ч үгүй шүү дээ. Би таны биед зөвшөөрөлгүй хүрвэл, эсвэл танай гэрт баруун хашааны Батаа орж ирээд хоймрын орон дээр гарч хэвтээд байвал болохгүй шүү дээ. Аюулгүй байдлаа хангах талаар анхаарна биз дээ, тийм үү. Хуулинд заасан тодорхойлолт, албан ёсны үг хэллэг бий л дээ. Монгол улсын хилийн тухай хуулиар “Монгол Улсын нутаг дэвсгэрийн зах хязгаарыг газрын гадаргуу, усны мандал дээр хил залгаа улсын нутаг дэвсгэрийн хязгаараас зааглаж, Монгол Улсын олон улсын гэрээгээр тодорхойлж, тогтоосон шугамыг Монгол Улсын хил гэнэ. Уг шугамаас эгц дээш агаарын, мөн шугамаас эгц доош газрын хэвлийн хил байна” гэж тодорхойлсон байдаг. Энэ зааг шугам байгаа учир, тэр нь хамгаалж хайрлах эзэнтэй учир бид энэ орон зайдаа эрх чөлөөтэй, амгалан тайван аж төрж буй хэрэг.

“Цаана нь гишгэж үл болох, наана нь гишгүүлж үл болох” гэх хэлц үг байдаг. Улсын хил хязгаар бол Монгол хүн бүрийн хайр, баяр, бахархал, эрх чөлөөний бэлэг тэмдэг, үнэ цэнэ юм. Улс оршин буйн баталгаа, тусгаар тогтнолын үндсийн үндэс юм. Ойлгогдож байна уу.

206556423_908735236654270_7263096634709508533_n

 Сонирхолтой байна аа. Манай залууст ч сонирхолтой байх. Хилчид ер нь яг юу хийдэг вэ?

Эх орны хил хязгаар гэдэг салхинд уруудсан мал хил давахаас эхлээд, төөрсөн, будилсан, оргосон, тэр бүү хэл тагнуул, хорлон сүйтгэгч, атаатан шуналтны хорон нүд тасралтгүй эргэлдэх учир тэдэнд амрах өдөр, амгалан шөнийн тухай ойлголт байдаггүй. Тэд амрах өдөр, амгалан шөнөө хасан зүтгэхийн хэмжээгээр ард иргэд амар тайван өдрүүд, амгалан шөнийн сайхныг мэдэрч байдаг. Дараагийн нэг чухал үүрэг нь хилийн шалган нэвтрүүлэх үйл ажиллагаа гэж байна. Замын-Үүд, Алтанбулаг гээд хилийн боомтуудаар гадаад улс руу нэвтэрч үзээгүй хүн ховор байх. Тэнд өөрийн орны төдийгүй дэлхийн бүх л улс орнуудын зорчигч, тээврийн хэрэгслийг Монгол улсын хууль, Олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу шалган нэвтрүүлдэг. Энэ тухай олон асуудал яригдана л даа. Бас нэг чухал үйл ажиллагаа бол хилчид Эх орноо төлөөлж, хил дээр энхийн элч болж, хөрш улсын хилийн төлөөлөгчидтэй шууд дипломатын үйл ажиллагаа явуулан, хэдэн арван олон улсын гэрээ, конвенцийг хэрэгжүүлж байдаг. Тэгээд энэ бүхнийг тойрсон сургалт, сурталчилгаа, хангалт, үйлчилгээ, инженер техникийн гээд өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явагддаг юм.

Бас алба байлдааны үйл ажиллагаа ч гэж тодорхойлдог. Улсын хил бол онцын онц чухал объект бөгөөд энх цагт байлдааны сум, зэвсэгтэй үүрэг гүйцэтгэдэг ганц газар шүү дээ.

Тэгвэл хил дээр ажиллахад хүнд, бэрхшээлтэй тал нь юу вэ, хэцүү асуудлуудтай тулгарч байв уу?

Өвдөгнөөс дээш цас, өдөржин, шөнөжин шуурга, шамарга сөрөх, хацраа хайруулах, цангах, нарших нь хилчдийн хувьд ердийн үзэгдэл юм. Ээж, аавдаа очиж золголгүй ганц, хоёр оныг үдэх, үр хүүхдээ харалгүй хэдэн сар, улирал дамжих нь тэдний амьдралын наад захын асуудал гэж болно. Ер нь ганц хилийн алба гэлтгүй цэргийн алба гэдэг даарах, халууцах, ядрахыг тэвчиж, амьдралын зарим эрх чөлөөгөө хязгаарлаж хаадаг алба! Хэцүү үед бүхнийг туулах гэж, хэрэгтэй үед галруу орж, сумны өөдөөс явах гэж л цэрэг болдог. Амаргүй бөгөөд хариуцлагатай алба шүү дээ. Тангараг өргөхийн учир нь тэр юм.

Манай хилчид өөрсдөө бол хэцүү гэж боддоггүй болов уу. Энгийн бусад ажил албаны хажууд бол амаргүй л дээ. Алба үүрэг гүйцэтгэх үед тэр алс хязгаар, байгалийн хатуу догшинд, хэзээ хаанаас ч гарч ирэхийг таашгүй хил зөрчигчийн өмнөөс үүрэг гүйцэтгэхэд гэнэтийн цочмог, чадвар ухаан, тэвчээр шаардсан явдал, учрал тохионо оо...

213510430_3692567220967576_5135188443002236208_n

Хил наашаа, цаашаа болгочихлоо, хүмүүс дураараа орж гараад байна гэх яриа үе үе гардаг. Энэ тал дээр та цахим орчинд багагүй эсэргүүцэж илэрхийлж байгаа харагддаг...

Эсэргүүцэлгүй яах вэ. “Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хил халдашгүй дархан байна” гээд үндсэн хуулиараа бататгачихсан улс шүү дээ.

Хил гэдэг бол ганц манай улсын биш хил залгаа улсын ч хил, мөн түүнчлэн манай улсын хилээр өдөр тутам дамжин өнгөрч буй дэлхийн 200 гаруй улсын эрх ашигтай ч холбогдох асуудал шүү дээ. Манай улс хоёр хөрштэйгөө ямар ч маргаангүй хилээ тогтоогоод, баталгаажуулчихсан. Нэг сөөм ч хөдлөх боломжгүй гэдгийг л хэлмээр байгаа юм. Улсын хилийн баталгаажилт, асуудалгүй байдлаараа Ази, Европ тивдээ манлайлдаг гэж болно. Энэ бол манай ахмад үеийнхний ухаалаг бодлогын үр шим, хойч үеийнхээ төлөө байгуулсан гавьяаны нэгээхэн хэсэг гэж үздэг.

Цахим орчинд олон нийтийг санаатайгаар төөрөгдүүлж, нийгэмд талцал, бухимдал үүсгэх, ийм бохир явуулга үе үе явах болсон нь харамсалтай. Элдэв гадаад, дотоодын хүчний нөлөө, явуулга байхыг ч үгүйсгэх арга байхгүй. Улсын хил бол улс төржүүлэх  сэдэв биш, хэрүүл ховын сэдэв бүр ч биш.

Уран бүтээлч Х.Энхтайваны тухай ярьж болох уу?

Ярьж болохгүй ч гэх юу байх вэ. Гэхдээ уран бүтээл гэхэд хэцүү, сонирхол юм даа. Сүүлийн дөрөв, таван жил өөрийнхөө хэмжээнд дэмий юм оролдож, суралцаж байгаа.

Ямар уран бүтээлүүд дээр ажиллаж байна вэ?

Нийгэмдээ дусал боловч нэмэртэй байх юм сан гээд л аялалын хоёр ном, хэдэн дуу, ганц хоёр баримтат кино, нэвтрүүлэг хийж байгаа... Хамгийн сүүлд “Генерал” гэж Эх орон тусгаар тогтнолын тухай нэвтрүүлэг, нийтлэл бүхий сэтгүүл зүйн гэх юм уу бүтээл эхлүүлсэн. Эхний дугаараа гаргаад энэ цар тахлын нөхцөл байдлаас болоод завсарлага авсан. Бас нэг аялалын нэвтрүүлэг эхлүүлж байгаа. Сайхан цаг ирэхээр үргэлжлүүлнэ дээ. Номын хувьд бол 21 аймгийн байгалийн сайхныг харуулсан бүрэн тайлбар, гэрэл зураг хосолсон ном хийхээр сэтгэл шулуудсан. Бас бус судалгаа, бичгийн ажил хийж байгаа. Дор хаяж 10 жил хийх байх аа...

Би ер нь Цэрэг - Эх орон, Аялал - Эх орон гэсэн хоёр чиглэлтэй яваа. Энэ хоёр маань ч гэгээн, сайхан сэдэв, бас яван явсаар Эх орон гэсэн нэг л үзүүр дээр очих байх.

 Сонирхолтой юм аа. Энэ олон авьяас чухам хаанаас гараад байна аа?

Авьяас ч бас биш юм аа. Дураараа хүн л яваад байгаа. Энэ сайхан байгаль, түүхийн гайхамшгийг чинь ганцаараа шагшин магтаад явах тиймэрхүү. Олон түмэнд яаж хүргэх вэ гээд л бичиж, тэмдэглэж явдаг шүү дээ. Ер нь аялал гэдэг юм чинь олон шинжлэх ухаан, судлагдахууны уулзвар дээр байдаг юм байна. Түүх, газар зүй, биологи, археологи, угсаатан зүй, соёл гээд олон талын мэдлэг, мэдээлэл шаардлагатай болно. Тэгээд тэрийгээ буулгах, нийтлэх, хүргэх чадваруудыг эзэмших хэрэгтэй болно. Тэр сайхан нутгаар чинь хэлгүй дүлий мэт явж болохгүй, олж мэдэж, судалж, хүргэхийг бодно. Тэгээд л оролддог. Хийгээд, оролдоод байгаа зүйлс маань дан байгаль, аялалын агуулгатай байдаг. Авьяас гэхээс илүү оролдлого, сонирхол гэдэг чинь тэгээд баргийн юмыг хийлгэчих гээд байх юм даа.

     204327049_240011231009672_7138402908973481368_n

Анх таныг урлаг соёлын талын хүн гэж ойлгодог байлаа. Олон чиглэлтэй юм шиг санагдаад таны мэргэжил боловсролын талаар асууж байгаа юм аа?

Саяхныг хүртэл урлаг соёл гэдгийг үнэндээ ойлгодоггүй, сонирхдоггүй явлаа. Сүүлийн хэдэн жил нөгөө аялалтайгаа холбоотой иймэрхүү зүйл сонирхдог болчхоод л явна.

Ахынх нь үндсэн мэргэжил, боловсрол бол ерөөсөө “Хилчин” хүн. Цэргийн удирдлагаар сурч боловсорч, анхан шатнаас нь ажиллаж өнөөдрийг хүргэсэн. Сүүлд Бизнесийн удирдлагын магистр хамгаалсан. Одоо бас зүгээр байхаар Төр, нийтийн удирдлагаар докторантурт сураад байгаа. Удирдах гэж ажил мэргэжил гээд байх нь юу юм бэ, гэхдээ л онол, практик, сонирхол аль ч талаасаа удирдах ажилд л ойр хүн гэж боддог.

За тэгээд дараа урлаг, соёл, аялалын тухайд энэ цар тахлын ар дээр гараад удалгүй нэг тайлан, үзэсгэлэн ч юмуу зохион байгуулахсан гэж бодож байгаа. Тэр үед дэлгэрэнгүй ярьж болох биз ээ. 

Танд баярлалаа. Аялал, уран бүтээлийн өндөр амжилт хүсье!

          Баярлалаа. Дараа баяртай уулзахын ерөөл өргөе.

 

ЯРИЛЦСАН: Э.СОЛОНГО

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [66.181.161.xxx] 2 жил
Эрхэм даргадаа амжилт хүсье.
Цэцгэмаа [66.181.186.xxx] 3 жил
Хутагтын нутгийн нэгэн бахархал
Ar biluut [202.126.89.xxx] 3 жил
Er hun bolj tursnii baharhalt alba ter bolgon aaviin huud hil manah huvi tohioohgui shuu.
Эрхэмээ [202.126.88.xxx] 3 жил
Мундаг залуу шүү
Зочин [103.20.152.xxx] 3 жил
Halhiin gold zastaviin darga bhd ni iim darga bolnoo gej boddog bailaa tand eruul enhiig husey
Зочин [117.111.12.xxx] 3 жил
Улаан уулын номин хязгаар анх цэрэгт татагдаж очиход 18-гээд ногооний талбай дээр анх энэ хүнийг харж билээ их ажилсаг нягт нямбай хүндээ
Зочин [103.229.123.xxx] 3 жил
Чин сэтгэлийн сайхан ярилцлага болжээ .эзэмшсэн ажил мэргэжлээрээ бахархаж бусдад үлгэр жишээ манлайлж яваа шавиараа бахархаж б.на .цаашдын ажил.уран бүтээл хүсэл мөрөөдөлд нь амжилт хүсье
Б.Отгонбаяр [202.126.89.xxx] 3 жил
Үнэхээр сэтгэлд нийцсэн сайхан ярилцлага болжээ. Нийгэмд ийм л гэгээлэг агаад эерэг мэдрэмж давамгайлж, иргэд, залуусаа соён гэгээрүүлэх нь сэтгүүл зүйн үүрэг, сэтгүүлчдийн оролцоо гэж ойлгодог юм. Сайн хүмүүстэй уулзах нь сэтгэлд цаанаа л нэг эгшинлэнтэй шүү ... Баяр хүргэе
Зочин [150.129.141.xxx] 3 жил
Гайхалтай
zochin [150.129.141.xxx] 3 жил
"Өвдөгнөөс дээш цас, өдөржин, шөнөжин шуурга, шамарга сөрөх, хацраа хайруулах, цангах, нарших нь хилчдийн хувьд ердийн үзэгдэл юм" гэж гоё хэлжээ