Таниас суралцъя, Таныг дэмжье “Та” буланд маань “Сайхан бүсгүй” группийн бүтээлч, бусдад үлгэр дууриалал бүхий гишүүдийг урьж оролцуулж байгаа билээ. Бусдад үлгэр жишээ болсон хөдөлмөрч, бүтээлч бүсгүйчүүдийг та бүхэндээ танилцуулья. Ээлжит дугаарт маань хүүхдүүдийнхээ авьяас чадварыг нээн гэр бүлээрээ хамтран хоббигоороо гар урлал тэр дундаа ноосоор эсгий эдлэл хийдэг “Сайхан бүсгүй” группийн гишүүн Л.Гантуяаг урьсан юм.
Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны түрүүнд та манай уншигчдад өөрийгөөө танилцуулахгүй юу?
Намайг Гантуяа гэдэг. Сонгинохайрхан дүүрэгт хүүхдийн цэцэрлэгт эрхлэгчээр ажилладаг. Нөхөр, дөрвөн хүүгийнхээ хамт амьдардаг. Ам бүл зургаа. Чөлөөт цагаараа хоббигоо хөгжүүлж гар урлал, үндэснийхээ уламжлалт эсгий ноосоор бүтээл хийх дуртай.
Та Алдарт эхийн 2–р одонтой юм байна. Үр хүүхдүүддээ анхаарлаа хандуулж, хажуугаар нь гэрийн эзэгтэйн ажлаа, цаашлаад хүүхдүүдийнхээ хүмүүжилд хэрхэн цаг зав гаргадаг вэ?
Гэрийнхээ ганц эмэгтэй болохоор бүх зүйлийг санаачилж амжуулдаг. Нөхөр бид хоёр төрийн албан хаагч. Хүүхдүүд маань улсын сургууль, цэцэрлэгт явдаг. Сургуулийн хоёр, цэцэрлэгийн хоёр хүүтэй. Том хүү маань 9-р анги, бага хүү маань 4-н нас хүрч байгаа. Тиймээс хоёр бага маань найдтай хамт цэцэрлэгтээ явдаг үндсэндээ хамт байдаг гэсэн үг. Ажлаа тарж ирээд гэр бүлдээ цаг гаргаж чөлөөт цагаа зориулахын тулд амралтын өдрүүдэд бусад ажлуудаа амжуулж хоол хүнсээ бэлтгэдэг гэж ойлгож болно. Бид хоёр өглөө гараад л орой ирдэг, зарим тохиолдолд хүүхдүүд үлдэх тохиолдол ч гарна. Энэ үед гарч орох шаардлагагүй нөхцлийг нь бүрдүүлнэ. Хоол хүнсийг нь бэлдээд, хэрэгтэй гэсэн бүхий л зүйлийг нь бэлдэж өгдөг. Том хүү олон төрлийн хоол хийж сурсан. Сүүлийн хоёр жилийн хувьд онцлог байна. Өмнө нь бүгдээрээ өглөө гараад л орой ирдэг байсан бол одоо гэр бүлтэйгээ өглөө, өдөр, орой гэртээ байж цагаа зарцуулж байна.
Цар тахлын үед хөл хорионоос болж хүүхдүүд маань гэртээ байна. Гэртээ ихэнхи цагийг өнгөрүүлж байна. Тэгвэл энэ хугацаанд хүүхдүүдийнхээ хүмүүжил болон мэдлэг боловсролд хэрхэн анхаарч байна вэ?
Ер нь аливаа зүйлийг сөрөг талаас нь хархаасаа илүү дэлхий нийтийг аюулт өвчин хамарсан энэ үед нэгэнт л мэдэж байгаа учир айгаад байхгүй өөрсдөө болон үр хүүддүүддээ аливаа бүхнийг яаж даван туулах вэ? Яаж өөрсдийгөө урдчилан сэргийлж хамгаалах вэ? гэдэг талаас нь хандаж байгаа. Мөн энэ үед хүүхдүүдээ анхаарч сонирхлыг нь илүү олж мэдсэн. Том хүүгээ л гэхэд чи айлын том учир хичээлээ сайн хийх ёстой, ном сайн унших ёстой гэдэг байсан. Гэтэл хүүгийнхээ жинхэнэ сонирхлыг нь мэддэггүй байсан байна лээ.
Коронагийн үед гэртээ хүүхдүүдтэйгээ хамт байж, ярилцаад ирхээр тэдний сонирхол миний төсөөлж байснаас тэс өөр байсан. Гэртээ байх хугацаандаа ер нь зүгээр байдаггүй шүү.Тэд дэлгэцтэй ойрхон байх гээд байна.Тиймээс юу хийх үү? яаж цагийг үр бүтээлтэй өнгөрөөх үү? гэдэг талаар ярилцдаг.
Би өөрийнхөө хоббиг байнга хөгжүүлж сайжруулахыг эрмэлзэж байдаг үүн дээрээ тулгуурлаад хүүхдүүдтэйгээ хамтраад гар урлал хийдэг. Манай хүүхдүүд ч сонирхолтой байдаг. Нөхөр хүртэл их дэмжиж тусалдаг.
Өөрийнхөө хобби болон хүүхдүүдийнхээ авьяас чадварыг нээсэн талаар, гэр бүлээрээ хамтран гар урлал хийдэг тухай дэлгэрэнгүй хуваалцаач?
Сургууль соёлийг нь дүүргээд, төгсөөд, бизнесээ болгоод гар урлал хийдэг хүмүүсийн дэргэд бол би сонирхогч төдий. Цэцэрлэгийн багш мэргэжилтэй учираас ажил мэргэжлийн онцлог юм. Манай ээж ч гэсэн цэцэрлэгийн багш, насаараа цэцэрлэгийн багш хийсэн хүн. Би тийм орчинд өссөн. Намайг жоохон байхад ээж аавтай минь хамт юм хайчлаад л хамаг ажлаа хийгээд суудаг байсан. Тэр үед одоогийнх шиг цэцэрлэгийн хэрэгсэл бэлэн байгаагүй. Бараг бүгдийг нь л гараараа хийдэг байсан. Кардонан цас, чихрийн цаасыг ч хаялгүй ашигладаг байсан. Аав ээжийнхээ яг тэр үйлдлийг харж өссөндөө. Тэгээд тэр замналаар багш болсон. Өөрөө ч мэргэжилдээ сонирхолтой, хайртай, бүтээлч байхыг эрмэлздэг. Жишээ нь гэртээ байх энэ цаг хугацаанд сонингийн цаасаар төрөл бүрийн сагс сүлжиж гэртээ хуванцар сав хэрэглэхээ байсан. Нодьлингийн карентинаар том хүү бид хоёр цаасаар ихэнхдээ сагс хийсэн.
Энэ нь нэг талаараа үр хүүхдүүд минь байгальдаа ээлтэй зүйлийг эдэлж хэрэглэх хог хаягдал багатай амьдрах талаар багаасаа нь сургах зорилготой. Гар урлалын түүхий эд маань байгалийн гаралтай, байгальд хаяхад устаж алга болох хүний эрүүл мэндэд ээлтэй байх талаас нь бодож судалдаг. Мөн сургалтынхаа байгууллагыг ч эко байлгахыг хичээдэг. Бид орчиноо өөрөө л бүтээнэ шүү дээ. Би орчноо эрүүл, эко болгож эхэлбэл намайг даган дуурайх хүмүүс байна шүү дээ. Хүн ер нь том юм бодхоос илүү орчиндоо л зөв амьдрах ёстой гэж боддог.
Таны энэ зан чанарт юу нөлөөлсөн бэ? Мэргэжил холбоотой юу?Хүүхэд наснаасаа хобби болгосон уу?
Би өөрөө энэ талын сонирхолтой хүн юм байна лээ. Аавын минь ээж эмээ минь монгол гутал хийдэг мундаг хүн байсан. Жоохон байхдаа эмээдээ тусалж өссөн болохоор багахан ч гэсэн зүйлийг сурсан гэж боддог. Одоо ширмэл ширээд сууж байхдаа яг тэр үе минь их санаад орж эмээ өвөөгөө санадаг. Миний өссөн орчин, мөн мэргэжил минь ч нөлөөлсөн гэж боддог. Өөрөөр хэлбэл хүүхэд байхаасаа л сонирхолтой байсан гэсэн үг юм. Тийм болохоор ээжээсээ өвлөгдөж ирсэн энэ сайхан мэргэжилдээ хайртай хоббигоо хөгжүүлэх сайхан талбар минь байгаа юм. Тэгээд ч олон хүүхэдтэй болохоор эмэгтэй хүн цаанаасаа л эдийн засгийн хувьд хэмнэлттэй байх тал дээр бодож эхэлдэг. Тиймээс материалаа аваад л гэр бүлийнхэндээ хувцасыг нь өөрөө оёдог. Гэрийн оёж болох бүхий л зүйлийг чадвал өөрийн гараар хийчихдэг. Хоёр бага хүүхэддээ хувцас аваагүй гэж хэлж болно. Подволк, цамц, шорт, өмд, дээл, гээд бүгдийг нь өөрөө оёдог. Дэлгүүрээс гутал л авдаг гэж хэлж болно. Сүүлийн үед хэрэглээний саван боко хүртэл өөрөө хийдэг болсон, айл бүрт байдаг өөх тосоор хийж хэрэглэж байгаа. Ямар ч химийн найрлагагүй зүйлийг хайртай хүмүүсдээ хэрэглүүлэх хүн бүр л дуртай байдаг биздээ тэ? Би ч мөн адил тийм л бодолтой явдаг. (Инээв)
Материалаа аваад хийхээр хамаагүй хэмнэлттэй тусдаг. Өнгөрсөн зун бид аялалд явхад багахаан мөнгөнд төсөвлөөд авч явах хувцаснуудаа өөрөө оёод явсан. Маш их хэмнэлт гарсан. Өрхийн санхүү төсөвт хэмнэлттэй байдаг.Элдэв олон толгой эргэсэн зүйлээс сонголт хийх, хэрэгтэй хэрэггүй зүйл авах сонирхолгүй болчихдог гэх юм уу даа. Энэ нь их амар тайван стресгүй болгодог шүү. (Инээв)
Сайн чанартай үйлдвэрийн бренд хувцас авалгүй л яахав гэхдээ аялалд явахдаа ч юм уу гэрийнхээ хувцасыг ч юм уу эмэгтэйчүүд маань өөрсдөө хийгээд өмсчиж байгаасай гэж боддог. Ер нь хүн өөрөө хийгээд ирхээр аливаа зүйлийн үнэ цэнийг маш сайн ойлгож эхэлдэг.
Адаглаад л дэлгүүр ороод гол юмаа л авдаг, эмэгтэй хүний шунал гэж нэг юм байдаг даа. Тийм зүйл байхаа болиод сүүлийн үед дэлгүүр орвол материалын л тасаг ордог болсон. Тэгээд ажлынхаа чөлөөт цагаар оёдог. Ингэснээр ажлын стресс ч тайлагддаг. Хүүхдүүд маань орцоор гараад л манай ээж оёсон хувцас гээд л таньдаг хүмүүстээ зарлаад явдаг. Тэд нарт маань таалагддаг ,гоё байгаа юм байна гэж боддог. (Инээв)
Тодруулж ярьвал юу юу хийдэг вэ?
Би ч тийм ч мундаг гар урлаач хүн биш л дээ. Өөрийнхөө үндсэн ажлаа маш сайн хийж гүйцэтгэхийг хичээдэг төрийн албан хаагч хүн шүү дээ би чинь. Чөлөөт цагаараа бол сүүлийн 2 жилийн хугацаанд эсгий ноостой их зууралдаж байна даа. Их ч дурлаж байна. Эсгийгээр ширмэл ширдэг ширж байгаа. Ширмэл ширдэг гэдэг маань үндэсний өв соёл, ганцхан түүхий эдээс бүрддэг тэр нь шимт малын минь ноос юм. Бид Монголдоо ноосны эх оронд амьдарч байна. Ноос байхгүй шахуу зарим улс оронд л ноосоор юм хийгээд байхад ноос нь элбэг байгаа эх орондоо байдаг байж энэ сайхан ноосноосоо хол байдаг. Саяхан гурав , дөрвөн жилийн өмнө гэхэд л хятадаас орж ирдэг бэлэн эсгий авч анги танхимдаа юм хийдэг л байсан. Сүүлд яагаад бид өөрсдөө хийж болдоггүй юм гэж бодоод эсгий хийж байгаа хүмүүсийг хараад очиж заалгаад чадан ядан оролдож суралцсаар л явна даа. Урдаас орж ирж байгаа бэлэн эсгийг харьцуулаад үзэхэд хятад эсгий хүүхдүүдэд хортой л байгаа байхгүй юу.
Гэртээ хүүхдүүддээ ч хичээл маягаар заадаг. Хонь гэдэг чинь ийм ноостой, ноосоор нь ингэж эсгий хийдэг, ийм шат дараалалтай хийгээд та нарын тоглоом боллоо гээд нэг бүрчлэн хүүхдүүдийнхээ нас сэтгэхүйд тохируулан сонирхолтой байдлаар заахад тэд маш их сонирхож сурдаг. Маргааш өглөө нь тест шалгалт маягаар эвтэйхэн асуухад миний ярьсан зүйлийг марталгүй яг хэлж ярьснаар минь тогтоосон байдаг. Бид өв соёлоо түгээн дэлгэрүүлж өдөр тутмын хэрэглээ болгож ирээдүй хойч үедээ өвлүүлж сургах нь бидний үүрэг гэж бодож явдаг юм.
Одоо би ширмэл ширдэг ширж байгаа. 2Х3-ын харьцаатай ширмэл ширдэгний захиалга авсан. Миний анхны том бүтээл гарах гэж байгаа. Ширмэл ширнэ гэдэг бол нэг үйлдлийг маш олон давтамжтай хийдэг. Маш их тэсвэр тэвчээр шаардсан урлал. Монгол эмэгтэйчүүд маань энэ урлалыг их бага хэмжээгээр мэдэж байх ёстой. Үүнийг түгээн дэлгэрүүлж байгаа сургалтын төвүүд байгуулагдаж байгаад маш их баяртай байдаг. Эсгийний маань давуу тал хэлээд баршгүй.
Хүүхдүүд маань том болоод гадаадын өндөр хөгжилтэй орноор аялана, сурна. Тэр үед олон улсад Монголынхоо нэг ч гэсэн өв соёлыг төгс мэдэж байх хэрэгтэй гэж боддог. Том хүүдээ хандан одоо чиний хувьд энэ газар дэвсдэг ширдэг гэж санагдаж магадгүй. Энэ бол чиний заавал мэдэх ёстой том өв соёл юм шүү гэж хэлдэг. Ер нь ноосоо эсгийрүүлээд юу л бол юу хийж болдог.
Ганцхан ширмэл хийдэг зүйл биш л дээ хөвгүүдтэйгээ хамтраад ноосон бөмбөг хүртэл хийдэг энэ нь бас нэг талаар хүүхдийн гарын жижиг булчин хөгжүүлэх дасгал болчихож байгаа юм л даа. Том хүү бид 2 олон гоё гоё зүйлийг хийхээр ярилцаж байгаа.
Уйггүй хөдөлмөр, тууштай зан чанарт суурь хүмүүжил маш чухал. Таны энэхүү зан чанарт сургасан эцэг эхийнхээ талаар бидэнтэй хуваалцаач.
Хүний зан төлөвийн үндэс суурь нь гэр бүлийн хүмүүжил байдаг. Аав ээж минь биднийг их хайраар өсгөсөн л дөө. Манай аав ээж хоёр дараалсан ихэр хүүхэдтэй, манай ах эгч ихэр, би өөрөө ихэр, 2 эмэгтэй дүүтэй ээж ааваасаа 6-лаа. Аав ээж хоёр маань бас төрийн албан хаагч, нийгмийн идэвхтэй, сэхээтэн хүмүүс. Аав маань бөх барилддаг аймгийн начин цолтой, бөх сонирхдог, сайн барилддаг хүн байсан. Харамсалтай нь аав маань биднийгээ жоохон байхад эрт бурхан болсон. Бараг 20 гаруй жил болж байна даа...
Хэдий жоохон байсан ч аавтайгаа өнгөрүүлсэн дурсамж маш их тод санагддаг. Ээж маань 6-н хүүхдээ хүний дайтай өсгөөд явж байгаа. Насаараа цэцэрлэгийн багш хийсэн хүн. Ээжээрээ маш их бахархдаг. Өнөөдрийн би болон бид бол ээжийн минь гавъяа шүү дээ. Миний ээж маш дайчин. Залуу насандаа хайртай ханиа алдаад олон жоохон хүүхэдтэй үлдсэн ч биднийг юугаар ч дутаагаагүй бүгдийг нь сургууль соёлтой ажилтай амьдралтай л болгосон. Бид их сайхан өнөр өтгөн л дөө миний ээж одоогоор 19-н ач зээтэй, нэмэгдэх ч төлөвтэй байгаа. Одоо бол ээж минь тэтгэвэртээ суусан биднийхээ дунд сайхан л амьдарч байгаа. Ач зээ нар нь эмээгээ булаацалдана .
Ээж минь юманд чин сэтгэлээсээ ханд, аливаа зүйлд тарларх гэж үргэлж хэлдэг.
Аав чинь бурханы орноос та нарыгаа харж байгаа тийм болохоор надад ийм сайн бэр, хүргэнүүд заяасан юм гэж ярьдаг. Ер нь их өөдрөг хүн шүү цоглог. Ээждээ маш их хайртай их хүч авдагдаа.
Таны ойрын зорилго юу вэ? Өөрийнхөө хийж бүтээхээр төлөвлөж байгаа ажлынхаа талаар бидэнтэй хуваалцахгүй юу?
Одоо мэргэжилтэйгээ холбоотой нэг сургуульд сурч байгаа. Мөн эсгийний чиглэлээр, өөрийгөө хөгжүүлэх, хоббигоо хөгжүүлэх гээд цахимаар гурван сургалтанд сурч байгаа. Эдгээр сургууль болон сургалтаа амжилттай төгсөнө. Мөн өөрийн гэсэн бүх зүйлийг өөрийн гараар хийж тохижуулсан урлантай болохыг зорьж төлөвлөж байгаа. Би ер нь багш хүн болохоор нийтэч нээлттэй байхыг хичээдэг. Манай нөхөр бас яг ийм хүн. Би нөхөртэйгээ маш их зөвөлдөг. Миний хамгийн сайн сонсогч, хэзээ ч миний яриаг таслахгүй нухацтай сонссдог. Харин дараа нь надад зөвөлгөө болон зэмлэлийг шууд яг үнэн хэлдэг. Миний хобби сонирхол ажил мэргэжлийн онцлогийг минь ойлгож үргэлж дэмждэг ханьтай би их азтай хүн шүү. Надад бас их туслана хэрэгтэй зүйлсийг минь авч өгөхөөс гадна эсгийн дээр хээ зурж өгнө, ажил нь гайгүй эрт ирсэн үедээ оёно, янзтай гоё оёно. Манай хадам ээж сайхан оёдог хүн байсан юм билээ. Хадам эгч минь бас монгол дээл сайн оёно.
Гэрийн эзэгтэйн ажил, хүүхдээ хүмүүжүүлнэ. Мөн цэцэрлэгийн эрхлэгч гээд өглөөнөөс орой хүртэл цаг наргүй ажилтай байдаг. Нэг ёсондоо завгүй амьдралд дунд өрнөдөг юм байна тийм үү?
Тийм шүү энгийн үед бол завгүй талдаа л байдаг. Энэ жилийн хувьд гэрээсээ ажиллаж байна. Бас ч зөндөө цагийг хүүхдүүддээ зориулж байна. Бид 2-ын хувьд бол 4 эрэгтэй хүүхэд хүмүүжүүлж өсгөж байна тийм болохоор их том хариуцлага гэж боддог. Аль болох зөв зүйлийг үлгэрлэх аливаа зүйлд нь туслах нээлттэй байхыг хичээдэг. Гол нь хүүхдээ тийм бай гэхээсээ илүү бид өөрсдөө зөв дадал хэвшилтэй байх хэрэгтэй гэж боддог.
Жишээ нь: Манай хүн архи, тамхи хэрэглэдэггүй. Тийм болохоор хөвгүүд минь аав шигээ хорт зуршлаас хол байх гэж боддог. Хүүхдийн оюун санааны хөгжил, хүмүүжлээс гадна бие бялдарын хөгжил сайтай ялангуяа эрэгтэй хүүхдүүдийг өөрийнх нь сонирхдог спортоор тууштай хичээллүүлэх нь зүгээр гэж боддог. Манай 2 том хүү чөлөөт бөхийн спортоор хичээллэдэг.
Харин ажил мэргэжлийн хувьд хамт олноо зөв удирдан чиглүүлж, үлгэр дууриалал болж өөрийнхөө чадах зүйлээр тусалж, мөн хамт олноосоо суралцаад хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлж чанартай сургалтын үйл ажиллагааг хүртээмжтэй явуулах гол зорилго байна.
Маш олон ажил төлөвлөсөн байсан хөл хорионоос болж хойшлоод байна. Гэхдээ удахгүй сайхан цаг ирж бодож төлөвлөсөн ажлуудаа амжуулна гэж бодож байна.
Энэ их ажлын ард том зорилго зүтгэл, чармайлт байдаг. Та “Зүтгэл” -ийг юу гэж боддог вэ?
Хүн болгон амьдралаа сайжруулах юмсан гэж зүтгэж байгаа. Гэхдээ миний бодлоор хэн нэгнийг дуурайж зүтгэх биш. Өөрийнхөө хүсэл сонирхолдоо хөтлөгдөн өөрийнхөө чиг шугамаар зорилго тавиад зүтгэх хэрэгтэй. Энэ бол жинхэнэ зүтгэл. Үүнд ямар нэгэн үр дүн гарна.
Зүтгэсэн цаг хугацаа үр хүүхдүүдэд маань хүмүүжил, хамт олонд маань үлгэр дууриалал болж, хажууд байгаа хань ижилд маань урам зориг өгч, надад аз жаргал сайхан бүхнийг бий болгосон байвал энэ нь хамгийн чанартай зүтгэл гэж боддог.
Хийж байгаа ажилдаа аз жаргалтай байж, өдөр бүр хөгжиж байх хэрэгтэй. Чин хүсэл байхад гарц , гаргалгаа аяандаа гараад ирдэг.
Таны хувьд өөрийн амьдралдаа гаргасан зүтгэлд ямар үнэлэмж, үнэлгээ өгөх вэ?
Би өөрийнхөө амьдралдаа гаргасан зүтгэлд сайн үнэлгээ өгнө. Нөхөр бид хоёр 20-хон насандаа танилцаад л 23 насандаа хүүхэдтэй болж байсан. Дөрвөн хүүхэд төрүүлсэн маань үгээр хэлэхийн аргагүй маш том аз жаргал гэж боддог. Бид хоёрын хувьд аливаа ажлыг гололгүй хийсээр өдий хүрсэн. Эхлүүлсэн ажлаанхаа ард даваад гардаг, ингээд бодохоор ажил, сургуулиа алийг нь ч хойш нь тавилгүй, хүүхдүүдийнхээ хажуугаар амжуулж зохицуулсаар ирсэн.
Бид хоёр саяхан л энэ талаар ярилцаж байлаа. Сургуулиа төгсөөд, хүүхдүүдээ төрүүлж өсгөөд, төлөвлөсөн ажлуудаа гүйцэтгээд зүтгэлтэй амьдарчээ гээд сайн үнэлгээ өгсөн. Одоо ч тасралтгүй аз жаргалтайгаар зүтэгсээр л байна.
Хүн болгон өөр өөрийн ертөнцтэй. Та ярилцлагынхаа төгсгөлд манай уншигчдад хандан урмыг үг илгээхгүй юу?
За маш их баярлалаа. Хүн бүр байгаль дэлхийдээ хайртай бие биеэ хүндэтгэж, бүтээлч, хичээнгүй байж санасан зорьсон бүхэндээ хүрээрэй гэж хэлье. Танай хамт олонд ажлын гялзсан том амжилтыг хүсье.