Таниас суралцая, Таныг дэмжье “Та” буланд маань “Сайхан бүсгүй” группийн бүтээлч, бусдад үлгэр дуурайлал бүхий гишүүдийг урьж оролцуулж байгаа билээ. Ээлжит дугаарын зочиноор Монголын усан будгийн нийгэмлэгийн гишүүн зураач Б.Мөнхзул оролцлоо.
Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны түрүүнд та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
Намайг Б.Мөнхзул гэдэг. 2009-2012 онд ДУДС-ийн Монгол зургийн ангийг Ганзам багшийн урлалд суралцан төгссөн. Гол төлөв усан будгаар зурдаг. Хүүхэд болон эмэгтэй хүнийг хайрлаж, хүндэлдэг. Тиймдээ ч бүтээлүүд маань ихэнх нь хүүхдийн хөрөг байдаг. Эмэгтэй хүн, хүүхдийн мөн чанар нь хайрлахуй, энэрэнгүй юм. Уран бүтээлээрээ хүүхдийн цагаахан харц болоод хайр хүрэм төрхийг олон янзын дүр төрхөөр илэрхийлэхийг зорьдог. Хүүхэд зурах нь өөрөө нь хайр мэдрүүлж, аз жаргалтай болгодог болохоор анхны үзэсгэлэнгээ “Талын Монголын үрс” нэртэйгээр гаргаж байсан.
Хэзээнээс уран зураг сонирхож, зурж эхэлсэн бэ?
Бага наснаасаа, 3 настайгаасаа л зурдаг байсан гэж ээж минь ярьдаг юм. Арван жилийн нэгдүгээр ангид байхаасаа л дэвтэр дээрээ хойно нь зураад л сууж байдаг байсан. Өдөр шөнөгүй үргэлж л зурдаг байж билээ. Тэр үед цаас ч их ховор байсан үе. Нагац ах маань их дэмждэг байсан. Жижиг хөзрийн хэмжээтэй цааснууд, үйлдвэрийн нимгэн цаас гэх мэт олж ирдэг байсан нь мартагддаггүй юм.
1990 – ээд оны үед ханийн плакат их байдаг байсан бөгөөд плакат дээрээс хүний царай, хамар, нүд, үс зэргийг дуурайлгаж зуран сурч байсан. Энэ үед гар зурахад хэцүү байдаг байсан учраас өөрийнхөө гарыг янз бүрээр зурж үздэг байснаа санаж байна. Дуртай болохоор юуг, яаж зурахаа үргэлж бодон зурж явдаг байсан.
Таны анхны бүтээл ?
Маш олон бүтээл байдаг. Тодруулж хэлвэл 2016 онд эгчийнхээ хүүхдийг цагаан сараар зурж байсан. Би өөрөө ихэвчлэн хөрөг зурдаг. Тийм учраас ч тэр үү их хөөрхөн харагдаад, тухайн үеийн агшинийг нь тааруулж байгаад бүтээлээ болгон зурж байсан юм. Тэрхүү хөрөг бүтээл маань Канад улсын үзэсгэлэнд оролцох эрхтэй болж маш их урам авч байсан. Мөн тосон будгийн цөөн тооны зураг зурж байсан ба анхны бүтээл болох “Бяцхан сахиусан тэнгэр” охин зурж байлаа. Анхны бүтээлүүд маань үнэхээр хайр хүрэм нандин санагддаг. /Инээв/
Ямар чиглэлээр бүтээлээ туурвидаг вэ?
Голдуу хөрөг зураг, байгалийн, судалбар зураг зурдаг. Хөрөг зураг дотроо хүүхэд зурах дуртай. Усан будаг ашиглан зурдаг. Усан будаг анхнаасаа л сэтгэл татдаг байсан. Уран зургийн олон материал техник байдаг боловч усан будаг нь бусдаасаа өвөрмөц, хамгийн гол нь сэтгэл хөдлөл, дотоод мөн чанар, зан төлөв хурдан илэрхийлдэг гэж боддог. Мөн усан будгаар зурж байхад алдах эрхгүй гээд маш олон гайхалтай чанарууд нь эргэж буцалтгүй энэ урсгал техник рүү оруулсан.
Би реалист хөрөг зураг тал руу голдуу зурдаг. Монгол аж байдал, монгол хүүхэд хоёрын нэгдмэл нүүдэлчин эртний сайхан өв уламжлалыг бүтээлээрээ гаргахыг хүсдэг.
Зураач хүний дотоод мөн чанар зургаар илэрхийлэгдэж цаасан дээр буудаг гэж би хувьдаа боддог. Тэгвэл зургаар зүйрлэвэл таны дотор ямар хүн байдаг вэ?
Өөрийгөө товчхон тодрхойлвол: бодлогоширонгуй их юм боддог бас тууштай урлагт үнэнч бүх сэтгэлээ зориулж яваа хүн гэж боддог. Надаас олон өнгө олж харах байх. Голдуу зөөлөн цайвар, хөх ногоон өнгө зонхилох боловч зарим хэсгээр хурц тод өнгө замбараагүй гарч ирнэ гэж бодож байна. Ойлгомжгүй мэт боловч сонирхолтой зураг гарч ирэх байх.
Таны бүтээлүүд юуг илэрхийлдэг вэ?
Энгийн мэт боловч гэрэл гэгээ, хайрыг, хүүхдийн инээмсэглэл, яг байгаа байдлыг нь илэрхийлэхийг зорьдог. Бүтээлийнхээ санаагаа өдөр тутмын амьдралын энгийн жижиг зүйлсээс харж дүрсэлдэг. Бүтээлээ туурвихын өмнө дотроо бясалгаж, зүрх сэтгэл, оюун ухаандаа төвлөрч, хайрлаж зурдаг.
Таны ойрын зорилго юу вэ? Өөрийнхөө хийж бүтээхээр төлөвлөж буй ажлынхаа талаар бидэнтэй хуваалцахгүй юу?
Ойрын зорилгоо оны өмнө бодож байсан зүйлээ хэрэгжүүлэхээр шийдсэн. Тэр нь юу гэхээр өмнө нь яг байгаль дагнаж үзэсгэлэн гаргаж байгаагүй учир өөрийгөө бяцхан сорьж үзэх үүднээс “Аглаг бүтээлийн хийд”-ийг цуврал хэлбэрээр зурж эхэлсэн байгаа. Аглагийн хийдэд хавар үзэсгэлэн гаргах зорилготой байгаа. Энэ үзэсгэлэндээ хөөрхөн ламхайнууд зурж оруулах санаа байна.
Та уран зургийн чиглэлээр сургалт мөн явуулдаг, энэ талаараа танилцуулвал?
Зураг зурах нь стресс тайлж, өөрийгөө илэрхийлэх тайвшруулах боломж олгодог. Зурах нь нэг төрлийн бясалгал ч гэж ярьдаг. Зурах нь хүүхдэд олон талын ач холбогдолтой, зурж байхдаа хүүхэд илүү төвлөрч сууж сурдаг. Сэтгэхүй чөлөөтэй хөгжихийн зэрэгцээ баруун зүүн тархи эрчимтэй хөгжиж байдаг. Аливаа зүйлийг үнэлж дүгнэх бүтээлч сэтгэлгээ бага наснаас сууснаар том болоод илүү олон талын чадвартай лидер хүн төлөвших магадлалтай байдаг. Иймд илүү тууштай тэвчээртэй бүтээлч байх үндсэн өгөгдлүүд өгөгдсөн байдаг. Өмнө нь ЮЛИП студи болон Моза арт сургалтын төвүүдээр зургийн багшаар ажиллаж байсан бол өнгөрсөн жилийн 4 сараас хойш өөрийн мөрөөдлийн урлангаа ажиллуулж сургалтаа явуулж байгаа билээ.
Манай сургалт хүүхэд болон насанд хүрэгчдэд уран зургийн хичээл зааж, авьяас чадварыг нь нээж өгөхдөө баяртай байдаг. 2020 онд урлагийн сэтгэл засалаар суралцаж төгссөн ба мэдсэн сурсанаа сургалтдаа энэ жилээс хэрэгжүүлж эхэлж байна. Хүүхдийн арт треапи буюу урлагаар сэтгэл засах хөтөлбөр юм. Хүүхдийг хэдий бага наснаас нь дэмжиж өгнө төдий чинээ хүүхдийн тань авьяас чадвар нь тодордог.
Сургалтад 3 наснаас эхлээд бүх насныхан манай сургалтад суух бүрэн боломжтой. Мөн нэг өдрийн арт өдөрлөг болон төрсөн өдрийн арт үйл ажиллагаа явуулдаг. Цаг үеийн байдлаас хамаарч цахим сургалтаа явуулж байгаа бөгөөд чанартай сургалт хүндээ хүрч ажиллахыг чухалчлан зорьж байна. Сургалтын талаар “Zmagic art” пэйж хуудас болон 88987750 утсаар холбогдон мэдээлэл авах боломжтой. /Инээв/
Та “Зүтгэл”-ийг юу гэж боддог вэ? Таны хувьд өөрийн амьдралдаа гаргасан зүтгэлд ямар үнэлэмж, үнэлгээ өгөх вэ?
Зүтгэл нь тууштай байх гэдэг үгтэй утга нэг гэж бодож байна. Хичээл зүтгэлтэй байхын тулд хүн өөрөө маш их хүсч, хийж байгаа зүйлдээ дуртай байх хэрэгтэй.
Хичээл зүтгэл одооны намайг бий болгосон. Мөрөөдөл, зорилгынхоо төлөө хичээж зүтгэж яваа тэр үйл явц нь өөрөө аз жаргал байдаг. Яагаад гэвэл чиний хичээл зүтгэл л чамайг аварна. Аливаа юмыг хийхдээ чин сэтгэлээ зориулах хамгийн гайхалтай.
Зураачид онгод гэж ярьдаг тэр бол бидний дотор орших бурхан гэж боддог итгэдэг.
Тэр бурхан миний таны бид бүгдийн сэтгэл зүрхэнд байдаг. Уран бүтээлч хүн доторхоо сайн сонсож өөртэйгээ ярилцаж байж илүү гайхалтай бүтээл гардаг гэж боддог.
Би одоо ч өөрийгөө гүн ойлгож таниагүй л байна. Энэ дэлхийд юу хийж бүтээхээр ирснээ мэдэхийн тулд хичээл зүтгэл ямар ч янзаар гарч болно. Жишээ нь би зүүд нойрондоо олон гайхалтай бүтээлийн санаа олж хардаг. Өөрийгөө сонсож доторхоо илэрхийлэхээс зугтаад хийсээд байвал онгод хийсч одно.
Намайг залхуурахад намайг итгэл алдахад шантрахад тэр онгод (бурхан) дургүйцэж өгөөмөр гараа татаж авдаг гэдэгт итгэдэг. Тэгэхээр хүн маш их хөдөлмөрлөж сэтгэлээсээ зүтгэлтэй байж хүсч буй зүйлдээ хүрдэг гэхдээ юуны өмнө тухайн зүйлдээ чин сэтгэлээсээ хайртай байх.
Хүн болгон өөр өөрийн ертөнцтэй. Та ярилцлагынхаа төгсгөлд манай уншигч бүсгүйчүүдэд хандан урмын үг хэлэхгүй юу?
Чадна чадахгүй гэж байдаггүй, харин хүсч байна уу хүсэхгүй байна уу л гэж байдаг. Тиймээс хүн өөрөө хүсээд хийвэл чадахгүй зүйл гэж байхгүй. Тиймээс хүн бүр хүсээд хийе гэсэн зүйлээ хийвэл амжилттай хийж чадна аа гэж хэлье.