Одоогоос 98-н жилийн өмнө Монгол улсын анхны дунд сургуулийн тулгын чулууг тавьжээ. Шинэ Монгол Улсын Засгийн газар 1921 оны 8-р сарын 25-нд дунд сургуулийн танхимын дүрэм, хэмжээг тогтоож өгсөн байдаг. Энэхүү Монгол Ардын Засгийн газраас тогтоосон сургуулийн дүрэм хэмжээний:
1-р зүйлд: Бага сургуулийн танхим төгссөн 10-16 насны хөвгүүдийг дунд зэргийн сургуульд сургах,
4-р зүйлд: Анх сургуулийн хөвгүүдийн тоог 40-өөс дээш 80-аас доош сонгон жил бүр 20 хөвгүүдийг нэмж байх,
5-р зүйлд: Цөм нэгэн өнгийн тэмдэгт хувцас өмсөх,
8-р зүйлд: Үзэх хичээлийг: Монгол манж үсгийн бичиг, орос, хятад, ба Ин, Фа-гийн зэрэг гадаад улсын аж төрөх ёс ба түүх, дүрс бодис шинжлэх, хэмжих зурах, эд боловсруулах, биеийн судал, тамирыг сайжруулан боловсруулах,
10-р зүйлд: Хөвгүүдийг сурган боловсруулах хугацааг 5 жил болгон тогтооно хэмээжээ.
Энэ тогтоол батлагдсанаас хойш 2 жилийн дараа буюу 1923 оны 2 сарын 16-нд ийнхүү хүрээний анхны дунд сургуулийн тулгын чулууг тавьсан түүхтэй аж. Анх 2 бүлэг, 40 сурагч, 4 багштайгаар байгуулагдаж байсан сургууль өдгөө 3500 гаруй сурагч, 150 гаруй багш ажилчидтай болон өргөжин тэлжээ.
1928 онд тус сургуулийг Засгийн газрын шийдвэрээр Ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль болгон өргөтгөж 10-н жилийн сургалтын хөтөлбөр төлөвлөгөөг шинэчилж мөрдөж эхэлсэн байна. Энэ үеэс багш нарыг давтан бэлтгэж бүрэн дунд боловсролыг олгож эхэлжээ. Тун удалгүй 1940 онд Маршал Х.Чойбалсаны санаачлагаар хичээлийн 4-н давхар барилга бариулж, ашиглалтанд орсон бөгөөд энэ ондоо Улсын Бага Хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор тус сургуулийг “Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит” болгосон байна. Энэ үеэс Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит Улсын лаборатори 1-р сургууль гэж нэрлэгдэх болжээ. Нэгдүгээр дунд сургуулийн одоо ашиглаж байгаа энэхүү барилга нь Улаанбаатар хотын анхны барилга бөгөөд түүхэн чухал үйл явдлууд энд өрнөж байсан учир нийслэлийн түүхэн дурсгалт газрын нэг гэж үздэг юм.
Нэгдүгээр сургууль байгуулагдсанаас 10-н жилийн хугацаанд хот хөдөөд ерөнхий боловсролын сургуулиуд байгуулагдаж, материаллаг баазын суурь тавигдаж, анхны сурах бичиг, хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулагдаж эхэлснээс гадна мэргэжлийн багш нарыг бэлтгэж эхэлжээ.