Мацаг барих гэдэг нь бие организмыг цэвэршүүлэх, өвчнөөс ангижрах, оюун ухаанаа төгөлдөржүүлэх зорилгоор хүн ямар нэг хоолноос, зарим тохиолдолд уснаас татгалзах сайн дурын үйлдэл юм. Эрт цагаас хүмүүс оюун санааны өндөрлөгт хvрэх, эрүүлжихийн тулд мацаг барьдаг байжээ. Өнөө цагт ч мацаг барихын үнэ цэнэ алдагдаагүй.
Мацаг барих өдрөө долоо хоногт нэг удаа байхаар сонгож, тэр өдрөө тогтмол мацаг барьж чадвал биед хуримтлагдсан хорт бодис алга болж, олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх болно. Долоо хоног бүр нэг удаа мацаг барихад жилд 52 өдөр болно. Энэ хугацаанд бол таны үе мөчөөс хорт хүчлийн талстуудыг зайлуулж биед эрч хүч хангалттай хуримтлагдах болно.
Хэрхэн зөв мацаг барих вэ? Мацаг барих өдрөө 24 цагийн турш зөвхөн ус л ууна. Өмнө нь мацаг барьж үзээгүй бол эхний удаад тараг уух, жимс ногоо идэх мэтээр хөнгөн чанарын хүнс бага зэрэг хэрэглэж болно. Мөн жимс болон сүүгээр дагнаж болно. Дараагийн удаа жимс буюу жимсний шүүстэй, дараагийн удаа зөвхөн усаар эцэст нь юу ч идэхгүй, уухгүйгээр мацаг барьж үзээрэй. Хоол тэжээлийн нэг мэргэжилтэн “Хэдийчинээн бага шингэн ууна, төдий чинээ их хүчээр мацаг үйлчилнэ” гэж хэлсэн байдаг. Энэ үгийг битгий мартаарай. Мацагаа хөдөлгөөнтэй хослуулвал гайхалтай үр дүнд хүрнэ. Гэхдээ өөртөө хэт их ачаалал өгөх хэрэггүй, алхах, хөнгөн дасгал хийх зэргээр биеийнхээ бодисын солилцооны өөрчлөлтийг дэмжиж өгөх хэрэгтэй. Мацаг барьдаг хүмүүс мацгийн өдрүүдэд ухаан санаа нь тод ойлгомжтой байж эрч хүч, эрүүл байдлыг мэдэрдэг. Харин эхний удаад бие махбодь чинь хэт нэвчсэн хорыг гадагшлуулж эхэлж буй учир таныг мацаг нэлээд сульдааж болно. Чухам энэ бол мацаг үйлчилж буйн шинж. Нөгөө талаар бие махбодид удаан хугацаагаар тагларсан хортой хаягдлууд нь цусанд нэвчиж гадагшлан ялгарахад бэлэн болж буй нь тэр. Цагаавтар өнгөөр хучигдсан салст бүрхэвч ходоод, нарийн гэдсэнд хуримтлагдсан нян, хог хаягдлууд хэлээр дамжин гардаг. Чухам энэ үед хэлээ маш сайн хусаж хорыг цэвэрлэх хэрэгтэй. Энэ гадагшилж байгаа процесс бол цэвэршилтийн нэг үзүүлэлт юм. Ходоод хонхолзоход хэрэв ядарлаа тэвчихгүйгээр ихээр идэж эхэлбэл мацгийн хамаг үр ашгийг баллах болно. Мацгийн үе дэх чанд сахилга нь таныг сэтгэлийн тэнхээтэй болгоно. Оройн хоол идсэнээс 10-12 цаг болоод биемахбод өөрийгөө ямар нэг хэмжээгээр цэвэрлэж байдаг. Хорт хаягдлууд цусанд орж түүгээр гадагшлуулагдаж байдаг. Хүмүүс өглөө босоод түргэхэн хоол идэхийг яардаг. Чухам энэ байдал нь дээрхи процессыг зогсоодог байна. Зарим хүмүүс бие нь тавгүйтэхэд шөнө дунд босч хоол иддэг. Өөрөөр хэлбэл тэд хуримтлагдсан хорын шингээлтийг зогсоохын тулд ходоодоо хоолоор дүүргэж байна гэсэн үг. Энэ бүх өөрчлөлт нь хүний биед дотоод цэвэрлэгээ хийхийг шаардаж буй сануулга дохио. Хүн хэд хэдэн удаа мацаг барьсны дараа бие нь цэвэршиж эдгээр сулралын мэдрэмжүүд нь арилдаг. Бүр огт өлсдөггүй. Учир нь сахар цардуул мэтийн залгидаг биет байхгүй болдог.
Мацаг яаж тайлах вэ? Мацаг хэрхэн тайлах нь мацаг барихаасаа чухал юм. Та бүх махбодоо амрааж цэвэрлэсний дараа өөх тос махтай хүнд хоолыг ихээр цадатлаа идэх юм бол ходоод тань дахин сунаж хэт ачаалалд автан мацгийн бүх үр дүн устах болно. Мацаг тайлах өглөө нар мандсаны дараа давс буюу зөгийн балтай нэг аяга нимбэгний шүүс уух. Нимбэгний шүүс нь маш шүлтлэг бөгөөд бие махбодыг цэвэрлэхэд хамгийн сайн нөлөөтэй. Энэ нь хүчлийг саармагжуулж мацгийн үед эд эрхтнээс цэвэрлэгдэн бүх зүйл салстуудыг устгах төдийгүй, шингээж амархан гадагшлуулдаг.
Дараа нь хагас эсвэл бүтэн гадил идэхдээ зажлалгүйгээр жижиг жижгээр хазаж шууд залгих хэрэгтэй. Гадил/банан/ шингээн уусгах хөвхөнцөр мэт үйлчилж ходоод нарийн гэдсэн дэх хорыг саармагжуулан хялбар гадагш хөөнө. Энэ нь хоол тасралтгүй боловсруулахад таатай нөхцөл бүрдүүлэн нарийн гэдсийг тосолж байдаг юм. Хэрэв бололцоотой бол өглөөний ундаа хагас цагийн дараа уувал зохимжтой. Мацгийн дараахь анхны хоол хөнгөн чанарын шинэ ногоо жимсээр баялаг байх шаардлагатай. Ялангуяа цэцэгт байцаа, навчит ногоо нь хоол боловсруулах замд үлдсэн хор хаягдлыг шингээж угааж суллана. Ширхэглэг хальстай ногоо нь шүүрдэж цэвэрлэж буй мэт үйлчилнэ. Шүүслэг жимс нь хоол боловсруулах замыг цэвэрлэн хамахад тусална. Өглөөний хоол амархан шингэхүйц хөнгөхен байх тусам ходоод нарийн гэдсэн дэх үлдэгдэл хор салсыг түргэн гаргадаг.
Мацгийн дараахь өдөр усанд орохдоо арьсны нүх сүвүүдээр гадагшилсан хор, хог хаягдлыг цэвэрлэхийн тулд биеэ сайтар үрж угаана.
Түүнчлэн 7 хоногийн аль гарагт мацаг барьвал хаана ямар нөлөө үзүүлдэг болохыг нарийвчлан судласан байдаг.