Монгол Улсын иргэдээ!
Бидний цөөн монголчууд улс, эх орныхоо аюулгүй байдлын төлөө, хайртай бүхнээ цар тахлаас хамгаалахын төлөө эе эвийн хүчээ нэгтгэн, үүрэг хариуцлагаа гүнээ ухамсарлан, хамтран тэмцэх цаг ирлээ. Иргэн бүр хорио цээрийн дэглэмийг чандлан сахих нь эх орноо хамгаалах, аюулгүй байдлыг нь хангах үүргээ биелүүлж буй хэрэг гэж үзэж, Монгол цэргийн нэгдсэн холбооноос ард түмэндээ хандан дараах уриалгыг сонордуулж байна.
1. Албан бус мэдээ, худал цуурхал, ам дамжсан үг ярианд авталгүй тайван амгалан байж, ахмад настан, нялхас балчир, үр хүүхдүүддээ анхаарал халамжтай байцгаая.
2. Алхам бүрдээ анхаарал болгоомжтой байж, мэргэжлийн байгууллага, албан хаагчдын заавар, зөвлөмжийг сахин биелүүлцгээе.
3. Гудамж, талбайд үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдын шаардлага зөвлөмжийг төрийн үүрэг, шаардлага гэж хүндэтгэн биелүүлцгээе.
4. Монгол Улсын төр, засаг иргэдээ аюулт цар тахлаас хамгаалахын тулд бололцоотой бүх арга хэмжээ авч байна. Иргэн бүр хариуцлагатайгаар гэртээ байж, хайртай бүхнээ хамтран хамгаалцгаая.
5. Хорио цээрийн дэглэмд байх цаг хугацааг сурч мэдэх, бүтээж туурвих, төлөвлөх, санаж сэдэхэд зориулан үр дүнтэй өнгөрүүлцгээе. Эх орон минь амар амгалан, түмэн олон минь эрүүл энх байх болтугай.