Таниас суралцъя, Таныг дэмжье “Та” буланд маань “Сайхан бүсгүй” группийн бүтээлч, бусдад үлгэр дууриалал бүхий гишүүдийг урьж оролцуулж байгаа билээ. Бусдад үлгэр жишээ болсон хөдөлмөрч, бүтээлч бүсгүйчүүдийг та бүхэндээ танилцуулья. Анхны дугаартаа эдгээр сайхан бүсгүйчүүдийн нэг болох Сайхан бүсгүй группийн сургалт хариуцсан модератор Б.Баяртуяаг урьсан юм.
Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны түрүүнд та манай уншигчдад өөрийгөөө танилцуулахгүй юу?
Сайн байна уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе ээ. Намайг Баатарбилэгийн Баяртуяа гэдэг. Нөхөр 2 охины хамт амьдардаг.
“Сайхан бүсгүй” групп маань үүсгэн байгуулагдаад хэр удаж байгаа вэ? Одоо зохион байгуулагдаж байгаа ажлууд болон цаашдын зорилго, үйл ажиллагааныхаа талаар танилцуулахгүй юу?
“Сайхан бүсгүй” группийг маань анх 2017 онд Б.Дэлгэрмаа буюу фейсбук хаягаар бидний сайн мэдэх Deegii Bold маань үүсгэн байгуулсан. Гурван жилийн хугацаанд 290 мянга гаруй дагагчтайгаар, үйл ажиллагаагаа тогтвортой, маш идэвхтэйгээр явуулж байна. Бид “Сайхан бүхнийг түгээх” зорилгыг урдаа тавьж ажилладаг. Манай хамт олон 18-аас дээш насны охид эмэгтэйчүүдэд чиглэсэн эрүүл мэнд, хууль эрх зүй, сэтгэл зүйн зөвлөгөө болон хувь хүнийг хөгжүүлэх олон талт сургалт, спорт, олон нийтийн арга хэмжээ, сайн үйлсийн аян, ажлын байр бий болгох гэх мэтээр үйл ажиллагаагаа үргэлж өргөжүүлэн идэвхтэй ажилладаг. Нэг үгээр хэлэхэд аль болох олон охид бүсгүйчүүдийг баярлуулж, тэдгээрт хэрэгтэй эерэг сайхан бүхнийг л түгээх зорилготой.
Сайн үйлсийн аян гэдэг өөрөө маш том буян шүү дээ. Танай хамт олны хувьд үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн олон сайн үйлсийн аян зохион байгуулсан юм билээ. Тэдгээр ажлуудаасаа жишээ татаж ярихгүй юу?
Групп маань одоогийн байдлаар нэг админ найман модератор ажиллаж байгаа. Бүгд өөр өөрсдийн хариуцсан ажил үүрэгтэй. Бид гар нийлж хамтарч ажилласан өдрөөс өнөөдрийг хүртэл олон сайн үйлс хийсэн. Тухайлбал: Манай группийн админ Б.Дэлгэрмаа маань өөрийн гэр бүлийн зүгээс хувиасаа 21 аймагт нярайн шарлагын аппарат авч өгөх зорилготой. Тавьсан зорилгоо хэрэгжүүлж эхлээд өнөөдрийн байдлаар л гэхэд Сэлэнгэ аймаг Зүүнхараа, Хэнтий аймаг Бор-өндөр, Увс аймаг, Ховд аймгуудын нэгдсэн эмнэлэгүүдэд нярайн шарлагын аппарат авч өгөөд байгаа.
Мөн тодотгож хэлэх ажилуудаас дурьдвал:
- 6-н Дүүргийн өрх толгойлсон эмэгтэйд Монгол гэр бэлэглэсэн
- Утааны эсрэг аянд нэгдэж сургуулиудаар шүүлүүртэй маск тараасан
- Цэлмэг охины эмчилгээний хандив
- Гэмтлийн хүүхдийн тасгийг тохижуулсан
- Асрамжийн газрын гаднах тохижилт
- Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт халаагуур
- 10 хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүл болох группийн маань гишүүн Минжээгийндээ гэр бүлийн машин бэлгэлсэн.
- Гялгар уутны хэрэглээг багасгах зорилгоор сайхан бүсгүй даавуун тор тараасан гэх мэт яриад байвал хийсэн сайн үйлсийн ажлууд маш их байгаа.
Ярилцлага өгч байхад тулгамдаад заримыг нь мартаад байна. Уучлаарай.
Бид бүхний хамгийн бахархам хийсэн томоохон сайн үйлсийн ажил гэвэл Админ Дэлгэрмаагийн маань санаачлагаар улсын хэмжээнд Хан-уул дүүргийн 73-р цэцэрлэг, Сонгинохайрхан дүүргийн 176-р цэцэрлэг, Баянзүрх дүүргийн 251-р цэцэрлэг гээд нийт гурван дүүрэгт Цэцэрлэгийн өргөтгөл барьж өгсөн байгаа.
Энэ өргөтгөл маань тус бүр 110 м2 бүхий нийт 50-60 хүүхэд хичээллэх боломжтой стандартын дагуу дөрвөн жорлонтой, дөрвөн угаалтууртай.
Гал тогоо, хөнжил гудас хадгалах өрөө, хүүхдийн хувцасны шүүгээ гээд бүх зүйл нь стандартын дагуу болсон, иж бүрэн тохижуулсан өргөтгөл байгаа. Энэхүү бүтээн байгуулалтууд маань группийн бүсгүйчүүдийн 100% хандиваар бий болж админ маань бүх зүйл дээр манлайлж гар бие оролцон хоосон газар байхаас нь эхлээд өргөтгөл бэлэн болтол хонон өнжин ажиллан хүлээлгэж өгсөн.
Цэцэрлэгийн хүрэлцээ муу байгаагаас маш олон бяцхан үрс маань цэцэрлэгт орж чаддаггүй. Зарим нь цэцэрлэгийн сугалаанд нь ч багтаж чадахгүй үлддэг шүү дээ. Бид бүгд л үр хүүхэдтэй ээж хүмүүс бидний ганц санаа зовж байгаа зүйл бол үр хүүхдүүд минь хүмүүжих цэцэрлэг хомс байгаад маш их санаа зовдог. Мэдээж хувийн олон цэцэрлэгүүд байгаа боловч тэр бүр хамрагдаж чадахгүй маш олон хүүхдүүд байгаа. Олон хүчин зүйлээс нөлөөлсөн энэхүү томоохон асуудалд манай админ Б.Дэлгэрмаа маань өөрийн санаачлагаар анхны цэцэрлэгийн өргөтгөлийн ажлаа 2017 онд эхлүүлж байсан. Сайхан бүсгүй группийн сайхан бүсгүйчүүдийн хүчээр хамтдаа босгосон тав тухтай энэхүү гурван цэцэрлэгийн өргөтгөлд одоогийн байдлаар нийт 160 гаруй бяцхан үрс маань хүмүүжиж сурч байна. Эдгээр бяцхан үрсийн маань аав ээжүүд үр хүүхэддээ санаа зовохгүйгээр ажилаа хийх боломж олдож байгаа гэж бодохоор хамгийн сайхан байдаг даа.
Монголчууд бид тэр дундаа бүсгүйчүүд маань гар бие, сэтгэл зүрхээ нэгтгэн хамтраад хийвэл юуны ч ард гарч чадах нь үүнээс харагдаж байна шүү дээ. Тэгвэл сайн үйлсийн аянаас гадна олон төрлийн сургалт зохион байгуулдаг юм байна. Энэ хугацаанд ойролцоогоор хичнээн эмэгтэйчүүдийг сургалтандаа хамруулсан вэ? Сургалтынхаа онцлогын талаар ярихгүй юу?
Админ маань санаачлаад модераторууд болон гишүүдийнхээ тусламжтайгаар бид маш олон төрлийн үйл ажиллагаа, сургалт, хөтөлбөрүүд явуулжээ. Яриад байвал дуусахгүй их байна шүү. Инээв.
Манай группт гишүүддээ зориулан маш олон төрлийн баярлуулах үйл ажиллагаа өдөр тутам явагдаж байдаг. Одоогоор 30,000 гаруй бүсгүйчүүдийг баярлуулсан байна лээ.
Спортын булангийн маань хувьд 7-н удаагийн сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулж 1000 гаруй сайхан бүсгүйчүүдээ хамруулж, 6-н удаагийн Волейболын тэмцээнд 600 гаруй, Теннис, Биллиард, Боулинг гэх мэт тэмцээнүүд зохион байгуулж нийт 2000 гаруй сайхан бүсгүйчүүдээ спортын үйл ажиллагаанд хамруулсан. 2019 оны зургаадугаар сард групп дотроо сагсан бөмбөгийн тэмцээн явуулаад шалгарсан шилдэг багаа Япон улсад зохион байгуулагдсан “Ази номхон далайн орнуудад амьдардаг Монголчуудын дундах сагсан бөмбөгийн тэмцээн”-д явуулж оролцуулсан. Сагсны багийнхан маань Мөнгөн медаль авч ирсэн. Манай гишүүд маш мундаг байгаа биз.
Арга хэмжээний хувьд одоогоор 7-н удаагийн уулзалт, ковер болон нийтийн дууны тэмцээн, 4 удаагийн караоке тэмцээн, шинэ жил, цасны баяр, тэмдэглэлт баярууд, уулзалтууд гээд маш олон арга хэмжээ зохион байгуулж байсан. Энэ жилийн хувьд цаг үеийн нөхцөл байдлаас болоод олон нийтийн арга хэмжээнүүд маань зохион байгуулагдаагүй байгаа.
Миний хувьд сургалтын булангаа хариуцдаг. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд 3500 гаруй бүсгүйчүүдэд шаардлагатай гэж үзсэн олон төрлийн сургалтыг зохион байгуулж хамруулсан.
Жишээ нь: Сэтгэл зүйчийн, гэр бүлийн харилцаа, хандлага, оёдол, үсчин, хэлний сургалтууд, маркетинг менежемент, хувь хүний хөгжлийн, хууль эрхзүй, эрүүл мэнд, хоол хүнсний чиглэлийн гэх мэтчилэн маш олон төрлийн сургалтуудыг зохион байгуулсаар байгаа. Бид гишүүдээсээ санал аваад түүнийхээ дагуу сарын төлөвлөгөө гаргаад сард дунджаар 8-10 танхимын болон онлайн сургалтыг зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд хоёрдугаар сараас хойш зөвхөн онлайн сургалтуудыг зохион байгуулсан байгаа.
Онцлох сургалтууд гэвэл бид зөвхөн группийнхээ гишүүдэд бус тэднийхээ үр хүүхэд гэр бүл рүү чиглэсэн сургалтуудыг мөн зохион байгуулдаг байгаа. Өсвөр насны хүүхэдтэй ээжүүдийн санааг чилээдэг гол асуудлуудын нэг бол өсвөр насны хүүхдийн хүмүүжил ба төлөвшил. Бид энэ тал дээр түлхүү анхаарч Сэтгэлзүйч Г.Наранбаатартай хамтран өсвөр насны хүүхдэд зориулсан 10-н удаагийн лекц маш амжилттай зохион байгуулсан. Одоогийн байдлаар 6-аас 12-р ангийн нийт 800 гаруй хүүхдүүдийг тус сургалтанд хамруулсан. Сургалтын явцаас харж байхад хүүхдүүд маань их дотогшоогоо хаалттай болчихсон юмуу даа гэж их бодогдсон. Эцэг эхчүүд маань хүүхдүүдтэйгээ ярилцаад байдаггүй, цаг гаргадаггүй нь харагдсан. Сэтгэлзүйч хүний хэлж буй үг бүр хүүхдүүдийн маань сэтгэлд их хүрч сэтгэл нь их догдолцгоодог. Сургалтын төгсгөлд танхимд байгаа зарим хүүхдүүд маань нулимас унагаж харагддаг. Хэдийгээр сургалт маань нэг цаг гаруй хугацаанд үргэлжилдэг ч минут бүр үнэ цэнэтэй ухаарал хайрласан маш гоё сургалт болдог. Энэ сургалтанд сууж буй хүүхдүүдээс сэтгэл ханамжийн судалгаа авдаг. Үүнд хүүхдүүд маань ихэвчлэн манай ангийнхан буруу зүйлд уруу татагдаад байна. Зорилгогүй байна, Ээж аав багшийнхаа үгэнд орохгүй байна гэх мэт олон шалтгаан бичиж энэ сургалтыг ангид маань зохион байгуулж өгөөч гэсэн санал бичсэн байдаг. Мөн сургалт бүр дээр давтагддаг нэг хүсэлт бий. Манай ангид үг дуу цөөтэй, бүрэг ичимхий хүүхэд олон байдаг тэр хүүхдүүдээ энэ сургалтанд хамруулмаар байна гэдэг. Тэгэхээр ээж аавууд маань хүүхдүүдтэйгээ маш сайн ярилцаж хүүхэддээ цаг гаргаж байгаарай гэж хэлмээр байдаг. Нэг хүүхдийн бичсэнг уншаад би их бодолд автсаан...
“Энэ сургалт их таалагдлаа. Мартсан сайхан дурсамжийг минь нээж өглөө. аав ээждээ заавал хайртай гэж хэлнээ гэхдээ одоо биш хэлэх боломж гарах хугацаа хүртэл хүлээнэ” гээд бичсэн байсан. Ээж аавдаа хайртайгаа хэлмээр байгаа боловч хэлэх боломжийг ээж аав нь олгохгүй анхаарахгүй байна уу даа гэж бодогдсоон.
Мөн хамгийн сүүлийн жишээ гэвэл өсвөр насны хүүхдийн сургалтаа зохион байгуулаад дууссаны дараа нэг охин эгчээ утсаа өгөөч би ээжтэйгээ ярих гэсэн юмаа гээд утсаар ээжрүүгээ залгаад учиргүй уйлаад л байсан. Хамгийн тод сонсогдсон үг нь :“Ээжээ би энэ ангийн хаалгаар гараад явчихвал хэлье гэсэн үгээ хэлж чадахгүй юм шиг санагдаад” гэх нь сонсогдсон. Дараа нь намайг гэрт хариад байж байхад утас дугараад.
Түрүүн утсаар чинь ярьсан охины ээж нь байна аа. Эгч нь баярлалаа гэж хэлэх гээд... Миний охин чинь айлын ганц охин. Эрх дураараа. Бид хоёр сүүлийн үед ерөөсөөө ойлголцохгүй болчихсон байсан. Охинтойгоо яаж харьцах учраа олохгүй хэцүү байсан юм. Өнөөдөр охин маань сургалтаа тарангуутаа залгаад маш их зүйл ярьж ээжээсээ уучлалт гуйсан. Бид хоёр зөндөө ярилцаж уйлж дотроо онгойлголоо. Охин маань нэг цаг гарангийн сургалтнаас их зүйл ойлгожээ. Би ингэнэ гэж бодсонгүй Г.Наранбаатар сэтгэлзүйчийн энэ мундаг сургалтыг над шиг хүүхэдтэйгээ харилцаж чадахгүй байгаа зөндөө ээж нарт дэм болоод тасралтгүй зохион байгуулаарай гэж хүсье” гэж ярьсан…
Энэ чинь бидний зориод байгаа үр дүн. Тэр өдөр нэг ч гэсэн хүнд тусалсандаа маш их жаргалтай байсан.
Өөрийнхөө зохион байгуулж байсан хамгийн гоё сургалтаа хэлмээр санагдаад байна. Би чинь ингээд хийж буй дуртай зүйлийнхээ талаар ярьхаараа догдлочихдог юм.
IBT буюу Монголын англи хэлний академитай хамтраад хүүхэд асрагчтай англи хэлний анги хамгийн анх нээж, гэртээ хүүхдээ хараад сууж байгаа олон арван ээжүүдэд хэл сурах, хэлний мэдлэгийг нь сайжруулах боломжоор хангаж байсан. Гурван сартайгаас нэг нас гарантай хүүхэдтэй 40-н ээж суралцсан. Ээж нар маань хичээлдээ хүүхдүүдтэйгээ ирээд сургалтын төвийн хүүхэд асрагч нарт хүүхдүүдээ харуулаад хажуугийн ангид бяцхан үрсдээ санаа зовохгүйгээр хичээллэж байсан. Энэ маш гоё санаачилсан ажил минь байсан.
Үнэхээр бахархмаар олон сайхан ажлын ард гарчээ. Танай группын хамт олонд баяр хүргэе. Сүүлийн үед бүсгүйчүүд маань өөрийгөө хөгжүүлж суралцах хандлагатай болсон. Эдгээр бүсгүйчүүдээ хэрхэн дэмжиж сургалтандаа хамруулж байна?
Өмнө нь бол танхимын сургалт, өглөөний уулзалтуудыг зохион байгуулдаг байсан. Гэхдээ 2020 оны хоёр сараас хойш онлайн сургалтууд руу илүү их төвлөрч ажиллаж байгаа. Групп дотроо онлайн сургалтын ач холбогдлыг сайн ойлгуулсан гэж бодож байгаа. Онлайн сургалтанд маш их ач холбогдол өгч гишүүд маань илүү их хамрагддаг болсон. Мөн бид гишүүдээсээ ч хэрэгцээтэй байгаа сургалтын талаар санал асуулгыг авдаг. Аль болох гишүүддээ хөнгөлөлттэй хэрнээ чанартай үр дүнтэй сургалтуудыг зохион байгуулахыг их хичээдэг дээ.
Танайхаас гадаад хэл, санхүү эдийн засаг, нарийн мэргэжил, өөрийгөө хөгжүүлэх гэх мэт сонирхолтой, олон төрлийн сургалтууд зохион байгуулдаг юм байна. Тэгвэл бүсгүйчүүд маань аль сургалтанд түлхүү хамрагдаж байна вэ?
Гишүүдээсээ сургалтын хэрэгцээний санал авахаар ихэнхи бүсгүйчүүд маань хэл сурмаар байна гэсэн санал өгдөг. Тиймээс бид Англи хэл, Солонгос хэл, Хятад хэлний онлайн сургалтууд маш олон удаа орсон.
Миний зүгээс гадаад хэлний сургалт гэхээсээ илүүтэйгээр хувь хүний хөгжлийн сургалтууд болон мэргэшүүлсэн сургалтуудыг илүү түлхүү явуулахыг зорьдог. Эмэгтэйчүүд бид хувь хүний хөгжилдөө илүү анхаарч эргэн тойрондоо зөв хандлага, зөв энергийг л түгээж байх нь хамгийн чухал гэж боддог.
Тэгвэл танай группээс зохион байгуулсан онлайн сургалтын үр дүнгээс уншигчдад маань сонирхуулж ярихгүй юу?
Өнөөдрийн байдлаар бүхий л зүйл цахим орон зай руу эргэлт буцалттгүй шилжиж байна . Онлайн сургалт маш үр дүнтэй, цаг зав хэмнэсэн, ялангуяа гэртээ хүүхдээ харуулах хүнгүй ээжүүдэд өөрийгөө хөгжүүлэх том боломж болж байгаа. “Сайхан бүсгүй“ групптээ сургалт зарлахаар орон нутгийн гишүүд маань тэр бүр сургалтанд хамрагдаж чададгүй байсан. Одоо бол зохион байгуулагдаж байгаа Онлайн сургалтуудад хамгийн идэвхтэй хамрагддаг. Онлайн сургалт ач холбогдол үр дүнг улам их мэдрээд байгаа.
Сүүлд гэхэд л манайх Гүрэн Академитай хамтран Дэлхийн түвшний менежер хөтөлбөрийг амжилттай зохион байгуулсан. Манай гишүүд маань амжилттай сурч төгсөөд Англиас CPD буюу тасралтгүй суралцагч гэсэн сертификатаа гардаж аваад байна. Энэ сургалт нь дэлхийн 30 гаруй оронд амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд Монгол улсад нэг жилийн дотор 700 гаруй менежерүүд хамрагдаад байгаа юм билээ.
Тэгэхээр хүмүүст сайхныг түгээж, хүнд хэрэгтэй хүн байна гэдэг хамгийн сайхан , эрхэм зүйлийн нэг мөнөөс мөн билээ. Эдгээр зохион байгуулагдаж буй сургалтын үр дүнг харна гэдэг өөртөө дүн тавьж байгаатай адил байх тийм үү?
Тийм шүү. Хэдийгээр олон нийтийн ажлыг дурлаж хийж байгаа ч гэсэн би дуртай ажлаа хийж байна гээд ямар ч үр дүнгүй зүйл хийгээд байж болохгүй байх. Хийж буй ажлаа чин сэтгэлээсээ хийж хамгийн гол нь үр дүн гаргахыг л их хичээдэг. Нэг ч гэсэн бүсгүй маань зохион байгуулж байгаа ямар нэг сургалтнаас минь өөртөө хэрэгтэй зүйлийг олж аваасай, төлбөрөө төлчихөөд битгий таслаасай, сургалтаа үзээсэй, сонсоосой гээд л сургалт дуусан дуустал оролцогчдынхоо өмнөөс элдэв зүйл боддог. Сургалтын үр дүнгийн талаар сэтгэгдэл ирүүлэхээр маш их баярладаг.
Миний ганц зорилго бол эмэгтэйчүүд маань тасралтгүй суралцагч байгаасай үргэлж сурч мэдэж өөртөө оюуны хөрөнгө оруулалт тасралтгүй хийж байгаасай гэж их хүсдэг дээ.
Одоо Б.Баяртуяа гэдэг бүсгүйг илүү таньж мэдэх хүсэл төрөөд байна. Ажлынхаа хажуугаар “Сайхан бүсгүй” группээр дамжуулан сайн сайхан зүйлс их хийдэг. Хажуугаар нь гэрийн эзэгтэйн ажлаа хэрхэн амжуулдаг вэ? Энэ олон ажлыг амжуулж буй таны гол зэвсэг?
Би 2019 оны нэгдүгээр сараас хүүхэд асрах чөлөөгөө авсан. Охиныгоо 2 нас хүрэхээр ажилдаа орохоор төлөвлөж байгаа. Би чинь хүүхдээ нэг сар хүргээд л сайхан бүсгүй группийнхээ сургалтын ажлыг хийгээд эхэлсэн. Дуртай ажлыг минь тав тухтай хийх боломж нөхөр маань үргэлж олгодог. Намайг маш их дэмждэг учраас л би ингэж идвэхтэй ажиллах боломж бүрддэг байх. Гол зэвсэг гэвэл “Дуртай ажлаа аз жаргалтайгаар чин сэтгэлээсээ хийх” юм уу даа. Заримдаа хүүхдээ хөхүүлээд сууж байхдаа хүртэл за одоо манайханд ямархуу сургалт зүгээр бол, за тэр багштай холбогдоё, за ингэе…гээд л түмэн төлөвлөгөө боловсруулаад сууна. Хүүхдүүд маань бага болохоор гэрийн ажил мундахгүй. Гэхдээ дуртай ажлаа хийж байгаа болохоор яаж ийгээд л зав гаргана.
Тухайн өдрийн төгсгөлд харахад бүх л зүйлээ гялалзуулаад амжуулчихсан байдаг. Баярлалаа гэдэг ганцхан үг сонсхоороо хичнээн ядарсан байсан ч маш их эрч хүч, урам зориг авдаг даа. Инээв
Дуртай ажлаа хийж байгаа хүн л сэтгэл хангалуун аз жаргалтай байж чадахаас гадна цалин бага авсан ч голохгүй, хэн ч ойлгохгүй байсан ч амжилт олно гэдэгтээ итгэж, ихийг сурч байгаадаа урамшиж, ирээдүйгээ өөдрөгөөр төсөөлж, бусдад зөв эерэгээр нөлөөлж чаддаг юм шүү...
Таны ойрын зорилго юу вэ? Өөрийнхөө хийж бүтээхээр төлөвлөж байгаа зүйлийнхээ талаар бидэнтэй хуваалцахгүй юу?
Би маш их мөрөөдөмтгий хүн л дээ. /инээв/ Хүнд тустай нийгэмд хэрэгтэй зүйл маш их хийхийг л хамгийн их хүсдэг.
Та түрүүн хэлэхдээ одоогоор Хүүхэд асрах чөлөөний амралттай байгаа гэсэн. Таньтай ижил маш олон ээж нар байгаа, тэд нарт хандан юу гэж хэлмээр байна?
Тиймээ. Одоогоор Декритний амралттай байгаа. Миний хувьд хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаагаа “Би хүүхдээ хараад гэртээ сууж байгаа гэж” бодолгүй энэ хугацаагаа өөрийгөө хөгжүүлэх боломж олдож байна гэж харж маш олон төрлийн сургалтуудад сууж олон нийтийн ажилд идэвхитэй оролцож байнга л өөрийгөө хөгжүүлэх чиглэлд анхаарч байсан. Ажилдаа буцаад орохдоо би ядаж өмнө нь байснаасаа нэг шат илүү ахиж хувь хүн талаасаа өөрийгөө бага ч гэсэн хөгжүүлээд ажилдаа орох юмсан гэж их зорьсон. Би өөрийгөө хөгжүүлж байна гээд мэдээж үр хүүхэд гэр орны ажил бүх зүйлээ цалгардуулахгүй шүү дээ. Үр хүүхэд, гэр бүлээ анхаарах, халамжлах гэдэг бол ээж хүн бүрийн хамгийн жаргалтай ажил. Миний хэлэх гол санаа маань олон бүсгүйчүүд маань хүүхэд асрах чөлөөний амралттай байгаа. Тэр хугацаагаа л ашиглаад өөртөө багахан цаг зориулаад аваарай л гэж хэлэх гээд. Миний хувьд хүүхдүүдээ унтаж байх хооронд цагийг бүтээмжтэйгээр ашиглахыг хичээдэг байсан. Магадгүй одоогоор 2 хүүхэдтэй болохоор бусад олон хүүхэдтэй ээж нарыгаа бодвол арай ачаалал бага байсан байж болох юм. Өглөө боссон цагаасаа хойш унтах цаг хүртлээ өдрийн турш хийсэн зүйлээ бодоход бид дийлэнхи цагийг бусдад маш их цагийг царцуулсан байдаг. Өөртөө зарцуулсан цаг бараг л байдаггүй. Тийм учраас өдөрт дор хаяж ганцхан цагийг зөвхөн өөртөө зориулж байгаарай оюуны хөрөнгө оруулалт хийж байгаарай гэж хүсмээр байна. Заавал төлбөртэй гэлтгүй манай мундаг лекторууд, багш, көүч нар өөрийн page хуудас, өөрийн группүүдээр дамжуулан зөндөө хэрэгтэй, үнэ төлбөргүй зөвлөгөө, сургалтуудыг байнга түгээж байдаг шүү гэж хэлье.
Та “Зүтгэл” -ийг юу гэж боддог вэ? Таны хувьд өөрийн амьдралдаа гаргасан зүтгэлд ямар үнэлэмж, үнэлгээ өгөх вэ?
Нэгэн алдартай зураач ийнхүү хэлсэн байдаг.“ Та нар билэг авьяастай юм бол хичээл зүтгэл түүнийг чинь улам бататгаж өгнө. Хэрвээ авьяасгүй бол хичээл зүтгэл түүнийг орлох болно. Тийм учраас чадлаараа хичээж зүтгээд үз, хичээл зүтгэл хэнийг ч гомдоохгүй”. Би энэ үгэнд маш их дуртай. Хүн хичээгээд зүтгээд л байх юм бол үр дүн заавал гарна шүү дээ.
Таны хувьд бусдад тусалж сургах энэхүү зүтгэл тэмүүлэлд хөтөлсөн хүн бий юу? Аливаа хүний ур чадвар нь тухайн хүний дадал зуршилаар бий болж, заримдаа хэн нэгэний үлгэр дууриалал ч нөлөөлсөн байдаг шүү дээ.
Аав Ээж маань биднийг амьдралын төлөө өөрөө өөрсдөө хичээх зүтгэлтэй болгож хүмүүжүүлсэн. Ажил дээр гараад мундаг дарга нарын удирдлаган дор ажиллаж олон сайхан ур чадваруудаас нь суралцсаар байгаа. Мөн манай админ Дэлгэрмаа маань хамгийн их нөлөөлдөг. Цаанаа л нэг тийм хүнд өгье, туслая гэсэн сайхан сэтгэлтэй бүсгүй. Тийм хүний дэргэд өөрийн эрхгүй л уусдаг юм байна лээ.
Хүн болгон өөр өөрийн ертөнцтэй. Та ярилцлагынхаа төгсгөлд манай уншигч бүсгүйчүүдэд хандаж урмыг үг илгээхгүй юу?
Бүсгүйчүүддээ хэлэхэд тасралтгүй суралцагч байж эргэн тойрондоо эерэг сайхан бүхнийг үргэлж түгээж бүхий л зүйлд чин сэтгэлээсээ хандаж байгаарай гэж хэлье ээ.
Сайхан бүсгүй группийн админ, модераторуудын хийж буй энэ олон ажлуудыг дэмжин идэвхитэй байдаг бүх гишүүддээ чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлье ээ. Танай хамт олонд баярлалаа.