Төрийн тэргүүн нарын хэлэлцээний өмнө болсон уг арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,
Энд хүрэлцэн ирсэн хэвлэлийн төлөөлөгчид өө,
Хатагтай, ноёд оо,
Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.
Өнө эртний түүхт, өв соёлын өлгий болсон үзэсгэлэнт сайхан эх орондоо халуун дотноор хүлээн авч байгаа Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Эммануэл Макрон Танд болон францын найрсаг ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Эртний түүхт Монгол, Франц хоёр орны түүхэн харилцаа тэртээх 13 дугаар зуунаас эхтэй буюу 1253 онд IX Людовик хааны элч Гийом дө Рубрук Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод хүрэлцэн ирж, Чингис хааны ач Мөнх хаанд бараалхан түүний ордонд амьдарч байсан түүхтэй.
Мөн тэрбээр Монголын Эзэнт гүрэн дэлхийг өөрчилсөн тухай гайхамшигт түүхийг бичиж үлдээсэн байдаг.
Түүнээс хойш Ил хаант улсын Аргун хаан, Өлзийт хаан нар Францын Гоо Филипп хаантай харилцаж байсан захидлууд өнөөдрийг хүртэл хадгалагдан ирсэн нь түүхийн чухал эх сурвалж болдог бөгөөд Монгол, Франц хоёр орны харилцаа тухайн үед ямар түвшинд хүрсэн байсныг гэрчлэн харуулдаг.
Түүнчлэн Францын уран дархан Гийом дө Бушегийн урласан алдарт мөнгөн мод Монголын Эзэн хааны ордонд сүндэрлэж, Их Монгол улсын нийслэл Хархорум хотын нэгэн гайхамшиг болон шагшигдаж байсан түүхтэй.
Тэгвэл Монгол, Францын орчин цагийн харилцаа 1965 онд дипломат харилцаа тогтоосон үеэс эхлэлтэй бөгөөд Монгол Улс Франц Улсыг манай гуравдагч хөрш, Европ дахь дотны итгэлт түнш хэмээн үздэг билээ.
Тэртээх 1253 онд Францын IX Людовик хаан Монгол-Францын харилцааны түүхийг эхлүүлж байсан бол 770 жилийн дараа буюу 2023 онд БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад анх удаа төрийн айлчлал хийж, Монгол, Францын ард түмний эртний уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг түүхэн шинэ агуулгаар баяжуулан, түүхийн нэгэн шинэ хуудсыг нээсэн чухал үйл явдал болсон.
Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар