Өнөөдөр дэлхийн өгөх өдөр

 
2010 оноос эхлэн жил бүрийн 05-р сарын 04-ний өдрийг дэлхийн өгөх өдөр болгох санаачлагыг 2008 онд giveforward.com сайтынхан гаргасан бөгөөд тэдний сайт байгуулагдсан цагаас хойш олон мянган хүмүүст ямар нэг тусламж хэрэгтэй байдгийг мэдсэнээс эхтэй аж. Тус сайтад өвчин зовлон туссан хүмүүс өөрийн түүхийг нийтэлж, эмчилгээндээ хандив цуглуулдаг,  өдөр нь өөр өөрийн мөрөө хөөн амьдарч байгаа хүн төрлөхтөн нэг өдөр ч болов бусдын асуудалд анхаарлаа хандуулж тэдэнд бага ч болов тусламж үзүүлдэг өдөр болжээ.
 
Дэлхийн өгөх өдрөөр та сайн дурын байгууллагад хандив өгөх, өөрийн биеэр үйл ажиллагаанд нь оролцох, санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байгаа хэн нэгэнд туслах, материаллаг болон санхүүгийн хандив өргөх, сэтгэл санааны хувьд дэмжлэг үзүүлэх зэрэгээр оролцох боломжтой.
 
Энэ өдөрт та өөрөө оролцохоос гадна өөрийн олон нийтийн сүлжээгээр дамжуулан тусламж хэрэгтэй, туслах ёстой гэж үзэж байгаа байгууллага, хувь хүн, төсөл хөтөлбөүүдийн талаарх мэдээллийг түгээж, бусдыг уриалан дуудах нь ч бас л нэг өгөх өдөрт оролцож байгаа хэрэг болно.
 
Та ч бас дэлхийн өгөх өдөр өөрийн боломжоор хэн нэгэнд туслаж хүн чанараа шалгаарай. Хэн нэгнийг аврахын тулд, эсвэл бусдад тусламж үзүүлэхийн тулд та заавал Билл Гейтс, Илон Маск, Опра Уинфри шиг хэдэн тэрбум долларын хөрөнгөтөй баян хүн байх албагүй. Чин сэтгэлийн жижиг бэлэг, бусдын төлөө зориулсан гаргасан, хийсэн бүхэн асар чухал нөлөөтөйг ойлгоход л болно.
Өгөх өдөртөй холбоотой зарим мэдээллээс хүргэхэд:
• Дэлхийн хамгийн өглөгч ард түмэнтэй улс бол Австрали гэнэ. Австраличуудын 2/3 нь танихгүй хэн нэгэнд зориулсан мөнгөн тусламж, хандив өгдөг бөгөөд бусдын төлөөх үйлст сайн дураараа оролцох иргэнээ ч засгийн газраас нь магтан сайшаадаг. Австралийн дараа Ирланд, Канад, Их Британи тэргүүлдэг гэнэ.
• Дэлхий даяар л гар утас, технологийн хөгжилд автаж, амьд харилцаагүй, утасны хамааралтай хүмүүс бий боллоо хэмээн бичдэг ч сард дэлхийн 1,9 тэрбум хүн огт танихгүй хүнд туслаж, 1,3 тэрбум хүн хэн нэгэнд мөнгөн тусламж үзүүлж, 0,8 тэрбум хүн сайн дураар буяны ажилд оролцдог гэсэн статистик гарсан нь манай дэлхий ганцаардсан, хувиа хичээсэн, утасны хамааралтай хүмүүсээр дүүрээгүйг нотлоно.
• “Хамгийн өглөгч ард түмэнтэй улс орнууд”-ын жагсаалтанд дандаа баян чинээлэг, хөрөнгөтөй, өндөр хөгжилтөй эсвэл хүн ам ихтэй улс орнууд байсангүй. Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүнээр дээгүүрт бичигддэг Катар, доогуур бичигддэг Либери улс эхний 10-т, 300 гаруй сая хүн амтай Америк, 1 сая гаруйхан хүн амтай Тринидад, Тобаго зэрэг улс эхний 20-д оржээ. Харин тивийн хувьд Европ, Ази тивээс илүү буюу 4 дахин их мөнгөн тусламжийг Африк тив өгчээ.
Дэлхийн өгөх өдрийн бас нэг онцлог нь жижиг мэт боловч асар том нөлөөг үзүүлсэн сэтгэл, түүхээ бичиж, бусдад урам зориг өгөхийг зорьдог. Танд сэтгэл хөдөлгөм сайхан түүх байгаа юм биш биз?

 

Дэлхийн өгөх өдөр та бүхэн минь "Лантуун Дохио" ТББ-н Дундговь аймагт Ид шидийн орон бүтээх сайн үйлсийн аянд нэгдээрэй.

 
279834460_120113450677904_3588894980223239508_n
Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү