Хувьсгалч Че Гевара баривчлагдсан өдөр

1967 оны 10-р сарын 08-ны өдөр Че Гевара /Ernesto "Che" Guevara/ өөрийн хамтрагч партизануудын хамт Боливийн нутагт Юрогийн жалга /Yuro ravine/ гэдэг газар байрлаж байгааг мэдээлэгч Боливийн тусгай албаныханд мэдээлснээр бүслэгдэн, хүч тэнцвэргүй тулалдааны эцэст баривчлагдсан байна. Түүнийг маргааш нь буудан хороосон юм.
Эрнесто “Че” Гевара нь 1928 оны 06 сарын 14-нд Аргентинд төрсөн бөгөөд марксист хувьсгалч, эмч, зохиолч, партизаны удирдагч, дипломатч, цэргийн онолч байсан юм. Мөн тэрээр Кубын хувьсгалын томоохон төлөөлөгчөөс гадна Конго болон Боливи улсад хувьсгалт цэргийн ажиллагааг удирдаж байсан бөгөөд түүний хэв маяг, дүр төрх нь нийтийн соёлд бослого хөдөлгөөн, дэлхийн эрх чөлөөний бэлгэдэл болон үлдсэн байна.
1967 оны 10-р сарын 07-нд Чегийн байгаа газрыг мэдээлэгчээс сонссон Боливийн тусгай албаныхан болон ТТГ-ынханд Кубын цөллөгөөс гарсан Феликс Родригуз / Félix Rodríguez/, 2007 онд гарсан “Миний дайсны дайсан” баримтат кинонд тод гардаг нацистын дайны гэмт хэрэгтэн Клаус Барби /Klaus Barbie/ нар зөвлөгөө өгч, цэргийн ажиллагааг удирдсан гэж буруутгадаг.
 
10-р сарын 08-ны өглөө 1,800 цэрэг бүхий хоёр батьлоноор хүчээ бэхжүүлсэн тусгай албаныхан партизануудын байгаа жалгыг бүслэн ойртож байв. Че Гевара ойрын нөхөр Симон Куба Сарабиа /Simeón Cuba Sarabia/-тай хамт бяцхан отрядаа удирдан тулалдаж байсан боловч эцэст нь шархдаж, олзлогдсон байна. Чегийн намтар судлаач Жоны /Jon Lee Anderson/ тэмдэглэлд “Боливийн түрүүч Бернардино Хуанка /Bernardino Huanca/ “Боливийн тусгай хүчнийхэн ойртож ирэхэд хоёр ч шархдан, буу нь ажиллагаагүй болсон Гевара гараа өргөн, цэргүүдрүү “Битгий буудаарай, Би Че Гевара байна. Та нарт үхснээс илүү амьдаараа хэрэгтэй шүү” хэмээн хашгирч байсан” гэж хэлсэн хэмээн бичжээ.
 
 
Эрнесто Че Гевара 1967 оны 10-р сарын 09-ний 13 цаг 10 минутанд амьсгал хураасан бөгөөд түүний хөлд тав, баруун мөр ба гаранд нэг нэг, цээж, хоолойнд тус бүр нэг сум туссан байв.
Түүнийг зарим нь баатар болгон мөнхөлсөн бол нөгөө хэсэг нь буурай орны эх орончдоор тоглосон луйварчин гэж үздэг. Гэвч Че үргэлж эрх чөлөө, тэмцэл хөдөлгөөний бэлгэдэл хэвээр үлдэх бизээ.
 
Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү