Эрүүл мэндийн яамнаас Covid-19 цар тахлын нөхцөл байдлын талаар өнөөдөр (2021.06.30) ээлжит мэдээллээ хийлээ.
ЭХЭМҮТ-ИЙН ЗӨВЛӨХ ЭМЧ С.ХИШГЭЭ:
Улсын хэмжээнд 2200 жирэмсэн эмэгтэй covid-19 халдвараар өвчилсөн. Үүнээс одоогийн байдлаар 860 жирэмсэн эх эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Жирэмсэн явцад халдвартай хүнтэй хавьтал болсон эсэхээ сайн нягтлах ёстой. Хоолой өвдөх, ханиалгах шинж тэмдэг илэрвэл яаралтай өрхийн эрүүл мэндийн төвдөө хандах нь зүйтэй. Шинж тэмдгийн тухайд харьцангуй бүдэг илэрч байгаа.
Жирэмсэн эмэгтэйчүүдийн тухайд халдвараар өвчлөөгүй эхчүүдээс дутуу төрөлт 7.2 хувь, кесар мэс заслаар төрсөн 28.9 хувьтай байгаа бол амьгүй төрөлт 0.5 хувиар их байна. Хүндрэлийн хувьд 64 мянган жирэмсэн эмэгтэйгээс хүнд өвчтөн 11.3 хувь, уушгины хатгалгаа 14.4 хувь, эрчимт эмчилгээний тасагт 3.3 хувь, хүчилтөрөгч авсан 17.1 хувийг эзэлж байгаа юм.
Энэ жилийн хувьд Монгол Улсын хэмжээнд 15 мянган эмэгтэй дархлаажуулалтад хамрагдахаас 30 хувь нь вакцинаа хийлгэжээ. Улсын хэмжээнд жирэмсний 14-33 дахь долоо хоногийн дотор вакцин тарьж байна.
Дур мэдэн гэрээр эмчилгээ хийж байгаа тохиолдол нэмэгдэж байна. Тэр дундаа жирэмсэн эмэгтэйчүүд зайлшгүй эрүүл мэндийн байгууллагад хандах ёстой.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.УУГАНБАЯР:
Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 2246 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 114656 болж байна. Цар тахлын халдварын нэн хүнд хэлбэрээр 15 хүн нас барж, нийт 563 хүн амиа алдаад байна.
Мөн хугацаанд 2215 хүн эмнэлгээс гарч, нийт 73007 хүн эдгэрчээ. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Эх нярай, эмэгтэйчүүдийн хоёрдугаар төв эмнэлэг болон бусад орон нутаг, дүүргийн эмнэлгүүдэд Covid-19-тэй нийт 14121 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас:
- 239 хүний биеийн байдал маш хүнд,
- 1237 нь хүнд,
- 3143 нь хүндэвтэр,
- 9502 нь хөнгөн гэж оношлогджээ.
Шинэ халдварын 1345 нь нийслэлд бүртгэгдсэнээр Улаанбаатар хотын нийт халдвар 88526 боллоо. Орон нутагт 901 тохиолдол нэмэгдсэн байна.
Дархлаажуулалтын тухайд 18935 хүн сүүлийн 24 цагт хамрагдсан. Улсын хэмжээнд хоёр сая нэг мянга 70 хүнд хийсэн байна. Харин бүрэн тунд нэг сая 760 мянган иргэн хамрагдаад байна.