Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 4-нөөс эхлэн арванхоёрдугаар сарын 11-нийг хүртэлх хугацаанд нийслэлийн хэмжээнд 70 мянга орчим иргэнд коронавирусийн шинжилгээ хийхээ боллоо.
Ийнхүү тандалтын зорилгоор “Нэг өрх- Нэг иргэн” гэсэн зарчмаар нийслэлийн хэмжээнд 30 цэгт шинжилгээ хийлгэх ажлыг зохион байгуулж байгаа аж.
Тодруулбал Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу нийслэлд халдвар голомтлон гарсан хороо болон эрсдэл өндөртэй хороодын өрхөөс 70 мянга орчим өрхийг сонгож, өрх тус бүрээс нэг иргэнийг “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх шинжилгээнд хамруулахаар болсон юм. Ингэхдээ олон ам бүлтэй, хөдөлгөөнт ажил эрхэлдэг, худалдаа үйлчилгээний газарт ажилладаг бол түрүүлж шинжилгээнд оруулхаар болжээ.
Дүүргийн онцгой комиссоос хороо, дүүргийн болон өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран шинжилгээнд хамрагдах өрх, иргэнийг сонгох, цаг товлох, хариу илгээх үйл ажиллагааг зохион байгуулах юм байна. Мөн орон нутгийн иргэд болон сайн дурын шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд энэ хугацаанд дээрх цэгүүдэд очиж бөөгнөрөл үүсгэхгүй байхыг Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабаас анхааруулж байна.
Дүүргүүдээр танилцуулбал,
- Баянгол дүүрэгт 6 цэг,
- Баянзүрх дүүрэгт 6 цэг,
- Сонгинохайрхан дүүрэгт 4 цэг,
- Сүхбаатар дүүрэгт 3 цэг,
- Хан-Уул дүүрэгт 4 цэг,
- Чингэлтэй дүүрэгт 2 цэг,
- Багануур дүүрэгт 2 цэг,
- Налайх дүүрэгт 2 цэг,
- Багахангай дүүрэгт 1 цэг байх юм.