УОК-ын, Шуурхай штабын дарга хурандаа Б. Ууганбаяр цаг үеийн нөхцөл байдлын талаар дараах мэдээллийг өгсөн байна.
Тэрбээр: “Шуурхай штаб байгуулагдсан даруйдаа дэвшүүлсэн гурван зорилт бий. Үүний нэг нь коронавирустай тэмцэх стратеги, хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж батлуулах байсан. Дээрх стратеги, төлөвлөгөөг Шадар сайдаар батлуулсан. Түүнээс гадна дээрх төлөвлөгөөг дахин шинэчлэсэн.
Засгийн газрын тогтоолоор батлагдсан Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд халдвар өвчний үед хэрэгжүүлэх арга хэмжээ туссан байгаа. Ерөнхийлөгчийн зарлиг болон Засгийн газрын нууц тогтоолоор баталсан төрийн цэргийн байгууллагын харилцан ажиллагааг зохион байгуулах журам, төлөвлөгөө бий. Нөхцөл байдал хүндэрсэн үед энэхүү журам, төлөвлөгөөний дагуу ажиллана” гэж мэдээлжээ.
Эх сурвалж: UBN.mn