-Монголоос Хятад руу гарсан нүүрс тээврийн жолоочоос КОВИД-19 илэрсэн байна-
Олон улсын агентлагууд Хятадын зах зээлд нүүрсний эрэлт нэмэгдэж, ханш өсөлттэй байгаа талаар мэдээллэх болсон. Нэг үе тонн нь 1100-1200 юань хавьцаа хэлбэлздэг байсан Монголын коксжих нүүрсний ханш 1500-1700 юань болж өсөөд байна. Ханшийн өсөлтөд цар тахлаас Австрали, Индонезийн нөхцөл байдал голлон нөлөөлж байгааг шинжээчид онцолж байгаа. Гэвч Монголын нүүрсний гол гарц Гашуунсухайт боомтод КОВИД-19 цар тахлын шинэ тохиолдолд гарснаар өнгөрсөн баасан гарагаас сул зогсжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Монголын талаас гарсан Ганц модны боомт руу нэвтэрсэн нүүрс тээврийн жолоочоос КОВИД-19 илэрсэнтэй холбогдуулан хятадууд хилээ хаасан гэнэ.
Мөн Өмнөговийн онцгой комиссоос цар тахлын тархалт нэмэгдсэн шалтгаанаар 15 суманд бүхэлд нь хөл хорио тогтоосон талаар мэдээлсэн.
Монголын уул уурхайн гол бүс Өмнөговь аймагт өнгөрсөн баасан гарагт цар тахлаар өвчилсөн 12 тохиолдол гарсан. Үүний дөрөв нь Цагаан хадны хилийн бүсэд илэрчээ. Ийнхүү өнгөрсөн тавдугаар сараас хойш өсөлттэй гарсан уул уурхайн экспортод сөргөөр нөлөөлөх боллоо. Энэ нь цар тахлын цохилтод ороод буй эдийн засагт бүр муу үр дагавар авчрах магадлал өндөр болж ирсэн. Ерөнхийдөө цар тахал гарснаас хойш Хятадын тал нүүрс тээврийн автомашины татан авалтаа бууруулаад байгаа. Гашуунсухайтын боомтоор сүүлийн нэг сарын хугацаанд өдөрт дунджаар 160 гаруй автомашин нүүрс нэвтрүүлсэн байна. Тэгвэл өнгөрсөн оны мөн үед 500 орчим автомашин гардаг байжээ. Тавантолгойн нүүрсний экспорт өнгөрсөн гуравдугаар сард ч энгийн үеийнхээс 10 дахин буурч байсан. Тухайн үед Өмнөговь аймагт өвчлөл гарсантай холбоотойгоор Хятадын тал өдөрт 40-50 автомашин нэвтрүүлэх хүртэл хорио цээрээ чангатгах арга хэмжээ авч байлаа. Гуравдугаар сард Оюутолгойн зэсийн баяжмалын экспорт мөн шалтгаанаар түр зогссон. Уг нь Монголын Засгийн газар өнгөрсөн гуравдугаар сарын 18-наас Өмнөговь аймаг дахь Тавантолгой, Нарийнсухайтын ордод үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компанийн ажилчид болон тээврийн жолооч нарыг вакцинжуулж эхэлсэн.
Хэдийгээр уул уурхайн экспорт түр хугацаагаар тасалдсан ч нийт дүнгээрээ өсөлттэй байгааг салбарын яамнаас мэдээлсэн. Он гарсаар нүүрсний экспорт 8.9 сая тонн болж, өнгөрсөн оныхоос 37.7 хувиар өсжээ. Гаалийн ерөнхий газрын мэдээллээр Монгол Улс энэ оны эхний таван сард 3.32 тэрбум ам.долларын экспорт хийсэн нь жилийн өмнөхөөс 65.7 хувиар өссөн үзүүлэлт болсон байна. Үүний 81 хувийг зэсийн баяжмал, нүүрс, төмрийн хүдэр, алт, газрын тосны бүтээгдэхүүний экспорт бүрдүүлжээ. Тухайлбал, зэсийн баяжмалын экспортын орлого нэг тэрбум ам.долларт хүрч, 63 хувиар өссөн байгаа юм. Гэхдээ цар тахлын сөрөг нөлөөллөөс гадна манай нүүрсний үндсэн худалдан авагч БНХАУ-ын коксжих нүүрсний эрэлт энэ оны хоёрдугаар хагаст буурах төлөв ажиглагдаж буй гэдгийг шинжээчид анхааруулж буй. Энэ нь Монголын экспортын өсөлтөд өндөр нөлөө үзүүлэх магадлалтай аж. Монголын нүүрсний экспортын 95 хувийг Тавантолгой, Нарийнсухайт гэсэн хоёр орд бүрдүүлдэг. Монгол Улс энэ онд нийт 42 сая тонн нүүрс экспортолж, 1.3 их наяд төгрөгийн орлого олох төсөөллийн хүрээнд төсвөө баталсан. Зэсийн экспортоос 1.5 их наяд төгрөг зэргээр нийт уул уурхайн салбар 3.4 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм. Зэс, нүүрснээс улсын төсвийн орлогын 21.4 хувийг бүрдүүлэх учиртай. Өөрөөр хэлбэл, улсын төсвийн таван төгрөг тутмын нэгийг зэс, нүүрснээс олно гэсэн үг. Олон улсын байгууллагуудаас гаргасан түүхий эдийн үнийн таамаглал, Тавантолгой, Оюутолгойн ордод үйл ажиллагаа явуулж компаниудын олборлолтын төлөвлөгөөнд үндэслэн ийн тооцсон. Тэгвэл олон улсын бирж дэх зах зээлийн дундаж үнийг нүүрсийг тонн тутамд нь 73 ам.доллар, зэсийг 6500 ам.доллар, алтны үнийг унц тутам 1950 ам.доллар байхаар төсөөлжээ. Ингэснээр Төсвийн тогтворжуулалтын санд 156 тэрбум төгрөг, Ирээдүйн өв санд 1.2 их наяд төгрөг хуримтлуулна. Гэтэл цар тахлын нөлөөллөөр энэ орлого тасраад эхэлчихлээ. Эргэн сануулахад, Засгийн газраас энэ онд уул уурхайн салбараас 3.2 их наяд төгрөгт хүрэхээр тооцсон байдаг. Үүнээс төсвийн нийт орлогын 24.8 хувийг бүрдүүлэхээр төлөвлөсөн боловч гаалийн шинэчлэл бүрэн хэрэгжээгүй, КОВИД-19 цар тахлын нөлөөллөөр зэс, нүүрсний экспорт буурсан юм.
Уг нь дэлхийн хэмжээний банк санхүүгийн байгууллагууд эдийн засагт сэргэлт гарч буйг онцолж эхлээд байгаа. Тухайлбал, Хятадын эдийн засгийн өсөлт энэ онд зургаан хувийг давах эерэг хүлээлттэй болж ирсэн. Ийнхүү цар тахлын дараах улс орнуудын сэргэлт, төв банкуудын хэт зөөлөн мөнгөний бодлогын хэрэгжилт зэрэг нь уул уурхайн түүхий эдийн ханшид өсөлт авчирсан үе одоо л тохиож байна. Улмаар 10 жилийн давтамжтай эргэдэг уул уурхайн түүхий эдийн оргил үе супер цикль эргэн ирж буй аж. Ерөнхийдөө цар тахлаас үүдэлтэй хямарсан дэлхийн эдийн засагт сэргэлт гарч байгаа ч бүрэн сэргэх хүртэл өдий байгааг АНУ-ын төв банкны ерөнхийлөгч хэлжээ. Гэвч анхны тархалтаас арван сарын дараа КОВИД-19 цар тахалтай нүүр тулсан Монгол Улсын хувьд энэ сараас эхлэн байдал бүр хүнд болж ирлээ. Хоногт илрэх халдварын тоо 200 давсан нь эрх баригчдад хатуу хөл хорио тавихаас өөр сонголт үлдээсэнгүй. Дээр нь нийт экспортын орлогын 90 хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбар гацаанд орчихлоо. Тиймээс Засгийн газарт одоо бүхий л боломжоороо уул уурхайн экспортоо хамгаалах гарц үлдээд байна. Өвчний тархалтыг эдийн засгийн гол бүс Өмнөговьд алдчихвал дэлхийн эдийн засаг сэргэсэн ч Монголд сэргэлт ирэхгүй. Харин ч гадаад хөрөнгө оруулалт саарч, түүхий эдийн орлого буурах нөхцөл бүрдчихлээ. Дээр нь уул уурхай дагасан олон хүн орлогогүй болж, ажилгүйчүүдийн эгнээнд нэгдэх дарамт бий болчихлоо. Монголбанкны тооцооллоор энэ онд 1.4 орчим тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт орж ирэх бөгөөд үүний дийлэнхийг “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалт эзлэхээр байгаа юм.