"Шинэ Ерөнхийлөгч"-ийн ЗАНГАРАГ ба АРД ОЛНЫ ХҮСЭЛ

 
“Халдвар авчихсан хүнийг тоохгүй, утсаа авахгүй, тоож утсаа авсан газар нь “Өөрсдөө хувийн эмнэлэгт очиж шинжилгээ өг, гэртээ тусгаарлаад эмээ уугаарай гэнээ. Хоёр хүүхдийнхээ  мөнгийг энэ сард хадгалсан тулдаа 8 өдөр уух эмийг 185 мянган  төгрөгөөр авлаа. Гэхдээ тангуудыг нь авах гэсэн чинь үнэндээ мөнгө хүрсэнгүй. Дахиад ийм хэмжээний мөнгөөр эм авч уухаар бол яана. Үхэх л юм байна. Хайран биз дээ 34 нас... Гэрээр эмчилгээ хийж байгаа  хүмүүст эмийг нь үнэгүй өгдөггүй юмаа гэхэд ядаж хямдруулж  болдоггүй юм  байх даа... За яах вэ. Шинэ Ерөнхийлөгч маань тангаргаа өргөөд ажлаа авчихвал арай өөр болох байх.

Хэцүүхэн үед Ерөнхийлөгч болж байгаа юм чинь ард түмнээ эрүүлжүүлэхийг юун түрүүнд бодох нь мэдээж. Манай Шинэ Ерөнхийлөгч ч бас ЗАНГАРАГТАЙ хүн шүү” гэж цахим орчинд нэгэн залуу сэтгэгдлээ бичжээ.

Түүний бичсэн зүйл бол ард иргэдийн бодит байдал, чин хүсэл.

Ухнаагийн Хүрэлсүх гэх энэ хүн үнэхээр ч хэцүүхэн үед 6 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Түүнээс ард түмэн маш их зүйлийг хүлээж байгаа. Хамгийн эхнийх нь цахилгаан дулаан, уур, ус, сайжруулсан түлшний үнийг КОВИД арилтал ТЭГЛЭСЭН хэвээр байгаасай гэж хүсч буй. Ингэж хүсч байгаа ард иргэд үнэндээ айдастай, стресстэй байгаа.

Мөн хүүхдэд сар бүр олгож буй 100 мянган төгрөгийг ч хасчихвал яаж амьдарна даа гэж халаглаж байгаа нь ч дэндүү олон бий. Арга ч үгүй юм. Өнөөдөр хүүхдийн гэх тодотголтой 100 мянган төгрөгөөр амьдралаа залгуулж байгаа айл өрх бараг Монгол Улсын нийт өрхийн 60 хувь орчим нь байгаа гэх мэдээлэл байдаг.

Өнөөгийн Монгол Улсын ард иргэд хэрхэн амьдарч буйг хараагүй, талх, гурилын үнэ мэдэхгүй зарим нөхөд “Халамж хавтгайрлаа” гэж буй. Тэгвэл яг өнөөдрийн нөхцөл байдалд энэ бол "ХАВТГАЙРСАН ХАЛАМЖ" БУС харин "АМЬ ТАРИА" болчхоод байгаа юм. Үүнийг л харин ЗАНГАРАГТАЙ гэж магтаад байгаа “Шинэ Ерөнхийлөгч” маань олж хараасай. 

Зөвхөн өчигдөр л гэхэд  2188 хүний шинжилгээ ЭЕРЭГ гарснаас Улаанбаатарт 1498, орон нутагт 689, зөөвөрлөгдсөн 1 тохиолдол илэрсэн. Үүнээс эмнэлгийн халдвар 180 гэж бүртгэгдсэн байв. Энэ бол “АЮУЛЫН ХАРАНГА” гэж ард иргэд айж байна.

Тийм дээ ч НААДМЫН 10 тэрбумыг ард иргэддээ хувааж “Сар амьдрах хэмжээний мөнгийг нь  өгөөд хөл хорьж КОВИДООС салъя” гээд давалгаалаад эхэлчихлээ.

Тэгээд ч ТАВХАН ӨДӨР НААДАХЫН ТУЛД 10 тэрбум төгрөг цацаж байхаар цар тахлаа хөөчхөөд сэтгэл амар, айх аюулгүй болсон цагтаа дэлхийд ганцхан Монгол наадмаа тэмдэглэсэн шиг тэмдэглэж, ёстой л дэнж хотойтол наадвал болохгүй гэх газаргүй.

Товчхондоо бол ард иргэд НААДМЫГ БУС ЭРҮҮЛИЙГ ХҮСЭЖ БАЙНА”, "Шинэ Ерөнхийлөгч өө".

 
Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү