Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар нийслэлийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан сайд нар санал дэвшүүлж, асуулт асуулаа.
Шадар сайд С.Амарсайхан: Гуравдугаар цахилгаан станцад тавдугаар эх үүсвэрийг барина гэж байна. Бусад эх үүсвэрүүдээ бодох хэрэгтэй. Дараагийн эх үүсвэрүүдээ аль болох хотын зах руу баримаар байна. Байгаа эх үүсвэрүүдээ өргөтгөсөөр байвал хотын төвлөрөл, дэд бүтцийн асуудлуудаас салахгүй.
Богд хан төмөр замтай холбоотой асуудлаар Багахангай дүүрэгт өнгөрсөн долоо хоногт ажилласан. Богд хан төмөр замыг төлөвлөхдөө шууд Мааньтаар биш Багахангайгаар дайрч, төвлөрөх асуудалд анхаарах хэрэгтэй. Багануур, Багахангай дүүрэг төвлөрлийг сааруулах, гадаад, дотоод худалдааны эргэлтийг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Хүн ам төвлөрсөн суурьшил бий болсон хот тосгон байхад түүнийг тойруулаад шууд Мааньт руу төмөр замыг татдаг нь буруу. Магадгүй зардал, техникийн хүндрэлтэй байж болно. Гэхдээ бидний зорилго бол хүн амдаа дэд бүтцийг хүргэх. Энэ зорилгоосоо ухарч болохгүй. Эхний ээлжинд зөвхөн гэр хорооллоос байранд орох иргэдэд ипотекийн зээл олгоно гэдэг зарчмыг мөн хатуу баримтлах нь зөв.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр: Томоохон хотууд иргэдтэй холбоотой асуудлаа их барьж авдаг. Нийслэлийн иргэдэд ямар хөнгөлөлт давуу эрх олгох вэ, нийслэлийн иргэн болж байгаа хүмүүст ямар шалгуур, татвар оногдуулах вэ, эсвэл нэг удаагийн төлбөр оногдуулах уу. Москва хотын жишгээр тус хотын иргэн болохоор шилжиж ирж байгаа иргэдээс нэг удаа 500 мянган рублийн төлбөр авдаг. Энэ нь бас л нэг хэлбэр. Эрх зүйн байдлын тухай хуульд иргэдийн эрх зүйн байдлыг сайжруулах тал дээр ямар зохицуулалт тусгасан бэ?
Зам тээврийн сайд Л.Халтар: Улаанбаатар хотын зүүн талын замын хөгжлийн хувьд нэг асуудлыг заавал авч үзэх хэрэгтэй. Гамшгийн үед Улаанбаатар хотоос зүүн тийшээ гарах ганцхан гарц бол Налайхын зам. Тийм учраас замын хөгжлийг тооцох асуудал дээр зүүн талын замыг авч үзхийг хүсэж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Бидэнд тулгамдсан нэг л асуудал байна. Нийслэл Улаанбаатар хотоос жил бүр улсын төсөвт 420 тэрбум төгрөгийг хуримтлуулдаг. Иймээс үүнтэй нь дүйцэх мөнгийг хөрөнгө оруулалт болгон өгөхөөр болж байна. Метро болон бусад нийтийн тээврийн төрлүүдийг шийдэх санхүүгийн хэлэлцээр хийх эрхийг нийслэлийн тамгын газарт шилжүүлж байна. Гэхдээ хийгдэх ажлууд зураг төсөлтэй байх хэрэгтэй. Зураг төсөлгүй нэг ч асуудлыг улсын төсөвт тусгахгүй. Санхүүгийнхээ схемийг Засгийн газрын хуралдаанд 30 хоногийн дотор танилцуулах ёстой.
Их тойруугийн хурдны зам тавигдана. Үүнтэй холбоотой санхүүгийн эрхийг нийслэлд өгч байна. Энэ нь түгжрэлтэй холбоотой асуудал, хотын төв болон гэр хорооллын ялгаатай байдлыг арилгах холбоотой асуудал дээр туйлын холбоотой.
Мөн олон жил газрын гүн дэх ертөнцөд санхүүжилт гаргаагүйгээс болж Улаанбаатар шөрмөс нь татсан хүн шиг болж байр болон төвийн бүсийн газруудын үнэ тэнгэрт хадсан. Иймд тавдугаар цахилгаан станцыг барих нь зөв. Төрийн зарим байгууллагууд хотоос үе шаттайгаар гарах хэрэгтэй.
Богд хан төмөр зам буюу Хөшигийн хөндийн бүтээн байгуулалт өнөөдрөөс эхэлж байна. Хөшигийн хөндийд 200-300 мянган хүн амьдарна, Улаанбаатараас тийшээ чиглэнэ. Шинэ хотод нэг ч гэр хороолол байх ёсгүй, эко хот байх ёстой.
Иргэд Улаанбаатараас хөдөө рүү чиглэвэл хөнгөлөлттэй байна. Татвартай холбоотой ямар нэгэн зүйл байж болохгүй гэдгийг зарчмын хувьд тохирсон. Нэг үгээр хэлбэл хөдөө рүү урсгал гарах тусам дэмжлэгтэй байна. Дөнгөж сургууль төгссөн хүн орон нутагт очиж, ажиллавал ажилласан жилийг нь илүү тооцдог, хөдөөгийн нэмэгдэл гэж өгдөг болно.
Татвар болгон шатлалтай байна. Хэрэв орон нутагт компанийнхаа оффисыг байгуулвал тэр нь илүү дэмжлэгтэй байх юм. Хотоос алсрах тусам илүү дэмжлэгтэй, хотод байвал одоо байгаа нөхцөл байдал хэвээрээ байна гэдэг агуулгаар эрх зүйн зохицуулалт явна гэлээ.