Үндэсний статикийн хорооноос 2021 оны эхний улирлын дотоодын нийт бүтээгдэхүүний гүйцэтгэлийг танилцууллаа.
2021 оны эхний улиралд дотоодын нийт бүтээгдэхүүн (үйлдвэрлэлийн аргаар тооцсон) урьдчилсан гүйцэтгэлээр оны үнээр 9.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.7 (22.5%) их наяд төгрөгөөр, 2010 оны зэрэгцүүлэх үнээр 3.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 496.7 (15.7%) тэрбум төгрөгөөр тус тус өслөө. Монголын эдийн засаг 15.7 хувиар өссөний 7.0 пункт нь уул уурхай, олборлолтын салбарт, 1.8 пункт нь үйлчилгээний салбарт, 1.6 пункт нь аж үйлдвэр, барилгын салбарт, 5.7 пункт нь бүтээгдэхүүний цэвэр татварт тус тус ногдож байна. Илүү тодруулбал, уул уурхай, олборлох салбарын нэмэгдэл өртөг өмнөх оны мөн үеэс 977 тэрбум, цэвэр татвар 406.6 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна. Мөн үйлчилгээ болон барилгын салбарт өсөлт ажиглагдсан бол хөдөө аж ахуйн салбар 0.3 хувийн бууралттай байжээ.
Уул уурхайн олборлолт болон эрдэс бүтээгдэхүүний үнэ өссөн нь Монголын эдийн засгийн өсөлтөд ихээхэн нөлөөлсөн байна.
Нийт эдийн засаг өссөн ч өрхүүдийн орлого буурсан дүнтэй гарсан байна. Өрхийн сарын дундаж мөнгөн орлого, оны үнээр 2021 оны эхний улиралд 1.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 44.1 мянган төгрөгөөр буурлаа. Үүнд цалин хөлсний орлого, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого буурсан нь нөлөөлсөн байна.
Гадаад худалдаа хагас сая долларын ашигтай гарав
Гадаад худалдааны тэнцэл 2020 оны эхний 4 сард 212.7 сая америк долларын алдагдалтай байсан бол 2021 оны эхний 4 сард 535.4 сая америк долларын ашигтай байна. БНХАУ-тай оны эхний 4 сард 3.1 тэрбум америк долларын худалдаа хийжээ. Энэ нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 68.7 хувийг эзэлж байгаа юм байна. БНХАУ-д экспортолсон бараа бүтээгдэхүүний 30.5 хувийг чулуун нүүрс, 33.5 хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа бол Сингапур улсад экспортолсон барааны 95.0 хувийг чулуун нүүрс, БНСУ-д экспортолсон барааны 85.6 хувийг алт эзэлж байна.
Дөрөвдүгээр сарын байдлаар экспорт өмнөх оны мөн үеэс 1.1 тэрбум америк доллароор өсөхөд төмрийн хүдэр, баяжмалын экспорт 147.6 сая америк доллар, зэсийн баяжмалын экспорт 287.7 сая америк доллар, нүүрсний экспорт 430.2 сая америк доллароор нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна. Харин 2021 оны гуравдугаар сард нүүрсний экспортын хэмжээ 2.2 сая тонн байсан бол 2021 оны дөрөвдүгээр сард өмнөх сараас 1.5 сая тонноор буурч 710.6 мянган тонн болсон нь экспорт өмнөх сараас 169.6 сая америк доллароор буурахад голлон нөлөөлжээ.