УРИАЛГА Эрхэм хүндэт НИТХ-ын төлөөлөгчид, нийслэл хотын иргэд ээ!

Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэхийн зэрэгцээ нийслэл Улаанбаатар хотынхоо сайн сайхан, аюулгүй байдал, цэлгэр уудам гудамж талбай, түгжрэлгүй авто замын төлөө нэгэн сэтгэлээр хамтран ажиллахыг уриалж байна.

Өнгөрсөн хугацаанд Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/251 тоот захирамжийн хүрээнд нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрхийг хангаж, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбай, хүрэлцээг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбайг нэмэгдүүлэх зорилгоор стандарт бусаар хууль зөрчиж барьсан хашаа, хайс, хаалт барьсан 423 зөрчлийг арилгаж, чөлөөллөө.

Уг аяны хүрээнд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 27 байршлын 214, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 23 байршлын 102, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 11 байршлын 107 зөрчлийг арилгаж нийтийн эзэмшлийн зам, талбайг чөлөөлсөн ч дахин зөвшөөрөлгүй хашаа хайс барих, зөвшөөрөлгүй автомашины зогсоол байгуулах зэрэг зөрчил удаа дараа гарч байна. Иймд, нийт улс орны маань хүн амын 46 хувь нь оршин суудаг, хүн амын нягтрал өндөртэй Улаанбаатар хотынхоо аюулгүй, түгжрэлгүй, бүтээлч, ногоон, цэлгэр уудам ирээдүйн хөгжлийн төлөө цаг алдалгүй хийж хэрэгжүүлэх шаардлагатай энэхүү арга хэмжээнд НИТХ-ын төлөөлөгчид төдийгүй нийслэл хотын иргэн Та бүхний оролцоо дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байгааг илэрхийлье.

Учир нь, зөвхөн Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт, Намнансүрэнгийн гудамж, 149 дүгээр цэцэрлэгийн урд талын явган хүний зам талбай, нийтийн эдэлбэр газрыг хааж зөвшөөрөлгүй барьсан 26 гараашийг буулгаж газрыг чөлөөлснөөр уг газарт 149 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг барих шинэ боломж бүрдэж байна. Энэ бол зөвшөөрөлгүй хашаа хайс, талбайг чөлөөлснөөр цэлгэр, цэвэрхэн, аюулгүй хотыг бий болгоод зогсохгүй нэн шаардлагатай нийгмийн дэд бүтцийг байгуулах газрын асуудлыг шийдвэрлэх боломж дүүрэн байгаагийн илэрхийлэл юм.

Иймд НИТХ-ын төлөөлөгчид Та бүхнийг өөрсдийн сонгогдсон дүүрэг, хорооны газрын бүртгэлийг сайтар нягтлан шалгаж, хууль бусаар эзэмшиж буй газар талбайг чөлөөлөх ажилд манлайлан оролцохыг, мөн нийслэл хотын иргэн Таныг egazar.gov.mn сайтад болон гар утасны #egazar аппликейшнаар дамжуулан хууль бус газар эзэмшилтэй холбоотой өргөдөл гомдол, санал хүсэлтээ Улаанбаатар хотын захиргаанд нээлттэй уламжлахыг уриалж байна.

Цэлгэр, цэвэрхэн, аюулгүй хотын төлөө хамтдаа хичээцгээе.

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү