Өнөөдөр дэлхийн нойрны өдөр. 2008 оноос хойш жил бүрийн гуравдугаар сарын 13-ны өдөр Дэлхийн Нойрны Нийгэмлэгийн Дэлхийн Нойрны Хороо, хуучнаар Дэлхийн Нойрны Анагаах Ухааны Холбоо (WASM) -аас энэхүү өдрийг тэмдэглэн иржээ. Дэлхийн нойрны өдрийн гол зорилго нь эрт унтах, чанартай нойр авахын ач тусыг бусдад ойлгуулж, нойрны асуудал эрүүл мэнд, боловсрол, нийгмийн асуудалд хэрхэн нөлөөлдөг, нойрны эмгэгээс хэрхэн урьдчилан сэргийлэх зэргийг мэдээлхэд оршдог байна.
Нойргүйдэл гэдэг нь унтах ёстой цагтаа унтаж чадахгүй байх, нойрсох хугацаа багасах унтсан ч амарч чадахгүй байх процессыг хэлдэг байна. Өөрөөр хэлбэл нойргүйдэл бол түгээмэл тохиолддог сэтгэл хямралын хам шинж юм. Хэрэв танд нойргүйдэл байгаа бол энэ нь таны сэтгэцийн болон биеийн ямар нэг өөрчлөлт байгааг илэрхийлж байдаг байна. Ихэнх оронд нийт хүн амын 10-20%, нийт насанд хүрэгсдийн 1/3 нь нойргүйдэх эсвэл нойрмоглох зовиуртай байдаг байна. Нойргүйдэлд насны хязгаар байхгүй. Бага насны хүүхдээс эхлээд өндөр настангууд бүгд нойрны хямралд орж болдог ажээ. Нойргүйдэл үүсгэдэг олон шалтгаан байдаг байна. Ихэнхдээ сэтгэлзүйн хямралд орох, ажлын байрны стресс-т өртөх, биедээ гэмтэл бэртэл авах, гэр бүлийн хэн нэг нь хүнд өвдөх, ойр дотны хүнээ алдах, хүчирхийлэлд өртөх, сэтгэл санааны дарамтад орсон үедээ мөн үе мөч, нурууны өвдөлт, зүрхний өвчин, толгойн өвдөлт гэх мэт биемахбодийн ямар нэгэн өвчтэй байх нь нойргүйдэл үүсэх гол шалтгаан болдог байна.
Хоногт нярай хүүхэд 22 цаг , ахмад настай хүмүүс 4-5 цаг унтах физиологийн хэрэгцээтэй байдаг бол бусад хүмүүс хоногт 6-8 цагийн нойрны хэрэгцээтэй гэж үздэг. Зөв цагтаа чанартай нойр авах нь хүний оюуны болоод бие мах бодийн эрүүл мэндэд чухал хүчин зүйл болдог. Бие махбодь унтаж амрах хугацаанд өөрөө өөрийгөө сэргээн, эрх хүчээ нөхдөг. Нойр нь ой тогтоолт, ямарваа нэгэн зүйлийг хүлээн авах чадамжийг дээшлүүлэхээс гадна тухайн өдрийн турш эрч хүчтэй байж, бие махбодийн цэвэрлэх үйл ажиллагааг давхар дэмждэг байна.
Аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх арга нь сайн унтаж амрах юм.
Тухайлбал:
• Оройн 21.00 – 00 хүний биеэс хорт бодисыг гадагшлуулах процесс явагддаг ба тунгалгийн системийн үйл ажиллагаа эрчимтэйгээр явагдаж, дархлааны систем сайжирдаг.
• Оройн 23:00 – 1.00 цагийн хооронд элэгний үйл ажиллагаа явагдаж, элэг үр дүнтэйгээр өөрөө өөрийгөө цэвэрлэж байдаг. Тухайн үед эсийн өсөлт 8 дахин хурдан явагдсанаар арьсны эсийн нөхөн төлжих чадвар эрчимтэйгээр явагддаг.
• Шөнө дунд 00.00 – 3.00: Цөсний хоргүйжүүлэх үйл ажиллагаа явагддаг.
• 00:00 - 4.00: Ясны чөмөг цусны улаан эсийг үйлдвэрлэдэг.
• 00.00 – 5.00: Уушиг нь өөрөө өөрийгөө цэвэрлэх үйл ажиллагааг эрчимтэйгээр явуулдаг гэж эмч мэргэжилтнүүд үздэг байна.
22:00-05:00 цагийн хооронд унтаж дадахгүй бол нойргүйдэл төдийгүй
олон өвчний эх үүсвэрийг бий болгодог байна.
Нойргүйдлийн шинж тэмдгүүд хэрхэн илэрдэг вэ?
- Бүтэн өдрийн туршид нойрмоглоно
- Ядарна
- Анхаарал төвлөрөлт буурна
- Ой тогтоолт буурна
- Шийдвэр гаргахад хүндрэл үүснэ
- Уур уцаартай болох
- Унтаад сэрэхэд амраагүй, бие нозоорсон байна
- Олон дахин сэрэх буюу сэрүүн үе удаан үргэлжилнэ
- Бэртэж гэмтэх эсвэл аваар осолд орох эрсдэл нэмэгдэнэ.
Хэрэв танд нойргүйдлийн шинж тэмдэг илэрвэл дараах зөвөлгөөг хэрэгжүүлж үзээрэй.\
• Унтахын өмнө тайван орчинд байх
• Орой унтахаас өмнө их идэхгүй байх
• 17 цагаас хойш өтгөн цай, кофе хэрэглэхгүй байх
• Унтхаасаа өмнө шингэн зүйл бага уух
• Унтахын өмнө их идэхгүй байх
• Унтхаасаа өмнө биеийн хүч шаардсан хүнд дасгал хөдөлгөөн хийхгүй байх
• Унтхаасаа өмнө аль болох тамхи татахгүй байх
• Гар утас компьютер зэргээ өөрөө хол байлгах
• Унтахын өмнө телевизор үзэхгүй байхыг хичээгээрэй
• Ном унших
• Бясалга хийх
• Тааламжтай үнэр үнэрлэж болно
• Өөртөө таалагддаг, өмсөхөд эвтэйхэн зул хувцаслах
• Орчин болон ор матрасс ч чухал гэдгийн бүү мартаарай.