УОК өнөөдөр хуралдаж, Цагаан сарын баяраар хөл хорио тогтоох болон коронавирусийн халдвараас хамгаалах ажлыг хэрхэн зохион байгуулах талаар хэлэлцэж нийслэлд 2021 оны хоёрдугаар сарын 11-ний 06:00 цагаас хоёрдугаар сарын 23-ны 06:00 цаг хүртэл хугацаанд хөл хорио тогтоох шийдвэр гаргажээ. Ингэснээр Битүүний өдрөөс хязгаарлалт эхлэхээр болж байгаа юм.
УОК-ын дарга С.Амарсайхан "Хөл хорионы үеэр халдварыг 3-4% бууруулна. Энэ үеэр 1 хаалга 1 шинжилгээ хийнэ. Өдөрт 42,000 шинжилгээ хийнэ. Нийтийн тээврийн автобус үйлчлэхгүй. Зайлшгүй ажиллах төрийн байгууллагын ажилтнуудад үйлчилнэ. Гэрээс гарахгүй байх зарчмыг хатуу баримтална. Хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгслийн тээвэр болон оршуулгын ажилд оролцох бол PCR шинжилгээ болон нотлох баримтуудыг шаардана.
Эмийн сан, эмнэлгийн хэрэгсэл, хүнсний үйлдвэр, худалдаа түгээлт, нөөцийн махны худалдаа, супермаркетууд ажиллана. Сайжруулсан түлшний цэгүүдийн үйл ажиллагаа халдвар хамгааллын дэглэмээ сахин хэвийн үргэлжилнэ. Хэвлэл мэдээллийн байгууллага ажиллана. Ингэхдээ гэр, ажил гэсэн маршрутаар л явна.
Байгууллагууд QR кодоор бүртгэлээ заавал явуулна. Тусгаарлалтад байгаа иргэдийг технологийн дэвшил ашиглан хянана.
Эрүүл мэндийн байгууллага, Хууль тогтоох дээд байгууллага болон нутгийн захиргааны удирдлагын байгууллагуудын ажилчдын 15% ажиллана." гэв.