Науру улс тусгаар тогтнолоо зарласан өдөр

1968 оны энэ өдөр Науру улс Австралиас тусгаар тогтнолоо зарлажээ. Науру Улс нь Өмнөд Номхон далайн Микронезид орших арлын улс юм. Дэлхийн хамгийн жижигхэн, арлын улс бөгөөд дөнгөж 21 км² газар нутагтай аж. Науру улс нь албан ёсны нийслэлгүй цор ганы улс ажээ. Төрийн байгууллагууд нь Ярен дүүрэгт төвлөрсөн байдаг байна. Микронези, полинезийн уугуул оршин суугчидтай Науру арал нь 19-р зууны сүүлчээр Германы эзэнт гүрний бүрэлдэхүүнд орж, түүний колони гэгдэж байлаа.

Дэлхийн нэгдүгээр дайны дараа Науру нь Үндэстний Лигийн мандат дор Австрали, Шинэ Зеланд, Нэгдсэн Вант Улсаар удирдуулах болсон. 20-р зууны эхний хагасын турш Науру нь "Ханган нийлүүлэгч орон" гэгдэж байв. Фосфоритоос бүрдсэн тус арал нь "Номхон далайн фосфат" компани 1907 онд олборлолт хийж эхэлснээр фосфатын гол экспортлогч орон болсон бөгөөд Британийн Фосфатын Комисс 1919 онд байгуулагдаж, Науруг тусгаар тогтносны дараа ч фосфатын бизнесийг хяналтдаа байлгаж байв. Тус арлын фосфатын нөөц 1980-аад онд дуусах хүртэл Науру нь Науру Фосфат Корпораци буюу уул уурхайгаас бүрэн хамааралтай улс байлаа. Уул уурхай ид цэцэглэж байсан 1960-аад оны сүүлч, 1970-аад оны эхээр Науру нь нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээр дэлхийд тэргүүлж байсан гэдэг.

Эрдсийн ганц баялгийнх нь үнэ олон улсын зах зээлд өндөр байхад тухайн улсын удирдлагууд тансаг хэрэглээгээ нэмж, олон БОИНГ-737 онгоц, үнэтэй машин худалдан авч, тансаг байшин, зочид буудлууд барьсан аж. Засгийн газар хөрөнгө оруулалтын сан байгуулж 1980-аад оны эцсээр нэг тэрбум ам.доллараа тансаг, ашиггүй, янз бүрийн төслүүдэд оруулчихсан байв.

Науругийн иргэд ямар ч татвар төлдөггүй, нийт ажиллагсдын 95 хувь нь улсын байгууллагад ажилладаг байна. Бүх хар ажлыг хөрш зэргэлдээ орнуудын иргэд хийж, науручууд амарч, далайн эрэгт нарлан суудаг байжээ. Эмнэлэг, сургууль төлбөргүй бөгөөд гадаадад эмчлүүлэх шаардлагатай бол иргэдээ Австрали руу онгоцоор нисгэж, бүх зардлыг улсаас нь төлдөг байна. Иргэд нь тусгай онгоц хөлсөлж, Гуам, Хавай, Сингапур луу нисэж дэлгүүр хэсдэг байв. Тэд 50 доллар хүртэлх худалдан авалтаас хариулт авдаггүй байжээ. Үе үеийн ерөнхийлөгчид нь дуртай цагтаа иргэний нисэхийн онгоцоороо гадаадад зугаалахаар явдаг байж Фосфатын нөөцөө барж, байгаль орчноо сүйтгүүлсэн тус арлын орны ирээдүй тун бүрхэг болов. Орлого олохын тулд засгийн газар нь янз бүрийн стандарт бус арга хэмжээ авч байсан бөгөөд 1990-ээд он гэхэд бараг татваргүй улс, хууль бус мөнгө угаах үйл ажиллагааны төв болжээ. Мөн 2005 оны 12 сараас 2006 оны 9 сар хүртэл тус арлын цорын ганц агаарын гүүр болдог Айр Науру компани үйл ажиллагаагаа зогсоосноор гадаад ертөнцөөс бараг тусгаарлагдаж, хөлөг онгоцоор л холбогдож байв. Тус компани Тайванийн мөнгөн тусламжаар Аур Эйрлайн гэсэн нэрээр үйл ажиллагаагаа сэргээсэн байна.

Байгалийн баялгаа олборлох явцад газар нутгаа сэргээхгүй, том том нүх үлдээгээд хаясан учир тариалан эрхлэх аргагүйд хүрч, хүн ард нь бөөнөөрөө улс орноосоо дүрвэхээс өөр гарцгүй болжээ. Науру улс хувийн хэвшил бараг байхгүй, тариалах талбайгүй, цэвэр усны нөөц маш хомс, их хэмжээний өрөнд баригдаж Засгийн газар нь ямар ч орлогогүй болсон гэж Азийн хөгжлийн банкнаас мэдээлж байжээ.

Сиднейн их сургуулийн профессор Жон Коннел “Науругийн өнөөгийн байдал бол эмгэнэл төдийгүй тус улсын удирдлагууд олон арван жилийн турш хөгжлийн ухаалаг бодлого гаргаж чадаагүйн үр дагавар” гэж хэлсэн байна.

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү