УИХ дахь Ардчилсан намын бүлгээс ТУСГААР ТОГТНОЛ үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг өнөөдөр \2023.11.29\ УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьлаа.
Үндсэн хуулийн 2019 оны өөрчлөлтөөр Үндэсний баялгийн сантай байх асуудлыг Үндсэн хуульд тусгасан. Монголчууд бид өнгөрсөн хугацаанд уул уурхайн салбараас олсон орлогынхоо 1%-ийг ч хуримтлуулж чадаагүй. Уул уурхайн салбарын өгөөж айл өрхөд хүрдэг тогтолцоогоо олоогүй явж өдийг хүрлээ.
Өнгөрсөн хугацаанд Ардчилсан намын санаачилгаар төсвийн тогтворжуулалтын сан, ирээдүйн өв сан, хүний хөгжлийн сангуудыг байгуулан ажиллаж байсан боловч эрх баригч МАН хүний хөгжлийн санг халамжийн сан болгож хувиргасан. Ирээдүйн өв сангийн хуулийг удаа дараа өөрчлөн ирээдүй үеийнхээ өвийг мөн л халамжийн сан болгож мөнгө тарааж байгаа. Төсвийн тогтворжуулалтын сан эрдэс баялаг үнэтэй байхад хуримтлал үүсгэж, эдийн засгийн хямралын үед тогтвортой байдлаа хадгалахад зориулсан сан боловч мөн л үүргээ гүйцэтгэж чадахгүй байна.
Уул уурхайн салбараас орж буй орлого бол өнөө үеийнхний хөгжлийг тэтгэж, ирээдүй үеийнхний өв байх ёстой юм.
Ардчилсан нам ард түмнээ сонсох, тэдний санаа бодлыг мөрийн хөтөлбөртөө тусгах өрийн дарамтгүй Монгол аяныг зохион байгуулсан. Үүний үр дүнд өртэй Монголоос өвтэй Монгол болох бодлого боловсруулсны хүрээнд энэхүү “Тусгаар тогтнол” үндэсний баялгийн сангийн хуулийн төслийг өргөн барьж байна. Ер нь аливаа улсын тусгаар, бие даасан байдлын нэг баталгаа нь хүчирхэг эдийн засаг байдаг. Өнөөдөр макро түвшиндээ Засгийн газрын өр 44,4 их наядад хүрч, Монголын төгрөгийг өөр улсын төв банк эзэмшдэг болчихлоо. Аж ахуйн нэгжүүд урт хугацааны хөрөнгө оруулалтын тухай биш эргэлтийн хөрөнгийн зээлийнхээ хүүгийн дарамтаас салж чадахгүй, цалингаа ч нэмэх боломжгүй болж гацчихлаа. Ард түмний амьдрал банк бус санхүүгийн байгууллага, ломбардын хүүгийн төлбөрт цалингаа зарцуулж, өдөр бүр өсөн нэмэгдэж байгаа үнийн дарамтад орчихсон байна.
Тиймээс бид уул уурхайн салбарт реформ хийх, уул уурхайн салбарын орлогоор өнөөгийн хөгжлийг тэтгэх, ирээдүй үедээ өв үлдээх, энэ бүхний эцэст эдийн засгийн тусгаар тогтнолоо баталгаажуулах Үндэсний баялгийн сангийн хуульд дараах гол бодлогуудыг тусгалаа.
1. Төрийн нэртэй боловч дарга нарынх болчихсон, авлигын үүр болсон уул уурхайн компаниудыг хувьчлах, олон нийтийнх болгож өөрчилнө. Засгийн газар уул уурхайн төслүүдээс эзэмших хувьцааны дээд хэмжээг 34% хүртэл болгож бууруулна.
2. Уул уурхайн төслүүдийг нэгтгэсэн толгой компани байгуулахгүй, нэг компанийн ашгийг нөгөө компанийн алдагдлыг нөхдөг өнөөгийн тогтолцоог өөрчилнө.
3. Уул уурхайн баялаг бол улс төрчдийн халамж болгож тараадаг, улс төрийн амлалтад ашигладаг өмч биш, энэ бол ард түмний баялаг. Тиймээс төрийн өмчийн уул уурхайн компаниудыг хувьчлахдаа Монгол хүн бүрд жил бүр өгөөж нь очдог давуу эрхтэй хувьцааг ард түмэндээ эзэмшүүлнэ. Ард түмэн уул уурхайн компаниудын үйл ажиллагаанд хяналтаа тавьж, жил бүр давуу эрхийн хувьцаанаасаа ногдол ашиг авдаг болно.
4. Уул уурхайн салбарын орлогоос ирээдүйн өв сан байгуулж орлого төвлөрүүлдэг болгож, ирээдүйн өв сангийн хөрөнгийг халамжид зарцуулдаг байдлыг таслан зогсооно. Ирээдүйн өв сан бол хойч үеийн Монголчуудад очих ёстой өв, Монголын эдийн засгийн баталгаа болно.
5. Төсвийн тогтворжуулалтын сан нь макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, уул уурхайн салбарын үнийн хэлбэлзлээс хамгаалах арга хэрэгсэл болж, эдийн засгийн хөгжлийг тогтворжуулна.
6. Баялгийн сангийн менежментийг олон улсын түвшинд хүргэж, олон улсын шилдэг баг удирддаг болно. Улс төрчдийн шийдвэрээр биш мэргэжлийн хөрөнгө оруулагчид дотоод, гадаадын зах зээлд хөрөнгө оруулж, хөрөнгө оруулалтын өгөөжөөрөө өсдөг болгоно.
7. Ирээдүйн өв сангийн хөрөнгө оруулалтын ашгаас тэтгэврийн нэрийн дансыг мөнгөжүүлнэ. Ингэснээр тус сангаас өнөө ба хойчийн иргэд хүртэх оновчтой механизм болох төдийгүй тэтгэврийн даатгалын реформ хийх суур нөхцөлийг бүрдүүлнэ.
8. Үндэсний баялгийн сангийн хүрээнд байгуулагдах Хүртээмжтэй өсөлтийн сан нь өрх гэрүүдэд очих уул уурхайн салбарын ногдол ашгийн баталгааг болох бөгөөд үндэсний эдийн засгийн төрөлжсөн өсөлтийг дэмжиж уул уурхайн бус салбарт санхүүгийн зах зээлээр дамжуулан хөрөнгө оруулна.