Монгол Улсад хийсэн “Пневмококкийн эсрэг 13 цэнт вакцины үр дүнгийн үнэлгээ” судалгааны дүнг хэлэлцэх хурал боллоо.
Хуралд ДЭМБ, ЭМЯ, ХӨСҮТ, Австрали улсын Мельбурны Мурдочийн хүүхдийн судалгааны хүрээлэнгийн хамтарсан багууд оролцсон бөгөөд “Пневмококкийн эсрэг 13 цэнт вакцины үр дүнгийн үнэлгээ” судалгаанд уушгины үрэвсэл оношоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 2-59 сартай 17748 хүүхэд, 18-аас дээш насны 7467 хүнийг хамруулсан байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 63 дугаар чуулганаар Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх, бага насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах хамгийн үр дүнтэй аргуудын нэг нь пневмококкийн эсрэг вакцинаар дархлаажуулах хэмээн уриалсан байдаг.
Иймд ЭМЯ-аас 2015-2022 онд бага насны хүүхдийн уушгины үрэвслийг бууруулахын тулд пневмококкийн эсрэг 13 цэнт вакциныг нэвтрүүлэн, үр дүнг нь нотолгоонд суурилан дүгнэхээр олон улсын хамтарсан судалгааг хийсэн байна.
Эх сурвалж: Эрүүл Мэндийн Яам