Азербайжаны үндэсний хувцасны өдөр

Нэгдүгээр сарын 30-ны энэ өдөр Азербайжаны үндэсний хувцасны өдөр юм. Азербайжаны үндэсний хувцас нь ард түмний материаллаг ба оюун санааны соёлыг хөгжүүлэх урт хугацааны үйл явцын үр дүнд бий болсон бөгөөд энэ ньтухайн үндэстэн ястны түүхтэй нягт холбоотой юм.

Хувцасны хэв маяг нь уран хатгамал зонхилсон, нэхмэл, сүлжмэл гоёл чимэглэлтэй байдаг. ХVII зуунд орчин үеийн Азербайжаны нутаг дэвсгэр нь торгоны үйлдвэрт ихээхэн ач холбогдолтой байв. Тухайлбал Шамахи, Баскал, Ганжа, Шаки, Шуша болон бусад хотуудад торгонууд үйлдвэрлэдэг байжээ. Тиймээс торгон тансаг материаллаар хийгдсэн содон чимэглэлтэй үндэсний хувцастай аж. Хувцасны хэв маяг, өнгө нь тэдний гэр бүлийн байдал, нийгмийн гарал угсаа болон бусад мэдээллийг тусгасан байдаг.

“Хэрэв гоо үзэсгэлэн нь арван хэсэгтэй бол үүний ес нь хувцас юм" гэж тэд хэлдэг. Тиймээс Азербайжаны үндэсний хувьд хувцас нь юуны түрүүнд хүмүүсийн мөн чанар, сэтгэлгээг ойлгоход тусалдаг байна. Энэ бол үндэстэн бүрийн соёлын салшгүй өв юм. Азербайжаны үндэсний хувцас нь ард түмний соёлыг харуулах хамгийн тод жишээ бөгөөд үндэсний онцлог шинж чанарыг илэрхийлдэг.

Уламжлал ёсоор ардын урлагийн түүх, угсаатны зүй, урлагийн онцлог шинж чанарууд нь хувцаслалтанд тусгалаа олдог. Энэ шинж чанар нь хувцаслалтын тусгай хэлбэр, гоёл чимэглэл, уран хатгамалаар илэрдэг. Үндэсний хувцас нь өвөрмөц бөгөөд маш үзэсгэлэнтэй. Үүний зэрэгцээ, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хувцас нь тодорхой бэлгэдэлтэй байдаг бөгөөд энд тус бүр нь өөр өөрийн гэсэн утгатай байдаг байна .

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү