Цахилгаан машин үйлдвэрлэгч Tesla-гийн захирал Элон Маск Майкрософтын үүсгэн байгуулагч Билл Гейтсийг хөрөнгийнхөө хэмжээгээр гүйцэн түрүүлэн дэлхийн хоёр дахь баян хүн боллоо.
Тэрээр 1971 оны 6 сарын 28-нд төрсөн. Өмнөд Африкаас гаралтай АНУ, Канадын иргэн бизнесмэн, хөрөнгө оруулагч, инженер, зохион бүтээгч юм. Тэрээр SpaceX-ын CEO болон CTO, мөн Тесла Моторсын CEO болон бүтээгдэхүүн загварчлалын захирал юм. SpaceX, PayPal, Tesla Motors болон Zip2 компанийг үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч. Мөн Элон Hyperloop хэмээх өндөр хурдны тээврийн систем болох дараагийн үеийн загварыг боловсруулсан онцгой нэгэн билээ.
Элон Маскын хөрөнгө нь зөвхөн 2020 онд гэхэд даруй 100 тэрбум ам.доллараар өссөн байна. Цахилгаан машин үйлдвэрлэгч Tesla-гийн захирлын хөрөнгө ийнхүү огцом өсөхөд ерөнхийлөгчийн сонгууль ч ихээхэн нөлөөлсөн гэж зарим нь үзэж байна. Тухайлбал одоогийн ерөнхийлөгч Дональд Трамп албан бус байдлаар ялагдлаа хүлээн зөвшөөрч, төрийн эрх мэдлийг шилжүүлэх процессыг эхлүүлж буйгаа мэдэгдсэнээр, цэвэр эрчим хүчний эх үүсвэрийг дэмжигч Жо Байдены ялалт Теслагийн хувьцааг их хэмжээгээр өсөхөд хүргэжээ. Bloomberg-ын тэрбумтаны дата мэдээллээс үзэхэд Элон Маск хөрөнгийнхөө хэмжээгээр Билл Гейтсийг гүйцэн түрүүлж, хэдэн цаг болсны дараа эргээд хэн хэн нь 128 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр тэнцсэн хэмээн бичигдэж байна. Элон Маскын хөрөнгийн ихэнх хэсгийг Теслад эзэмшдэг 20 хувь, сансарын тээврийн нислэгийн SpaceX компанид эзэмшдэг 54 хувь нь бүрдүүлдэг байна. Энэ жил 49 настай Элон Маск ийнхүү дэлхийн хамгийн баян хүний жагсаалтанд байр ахиж, 2 дугаарт бичигдлээ.