Төрсний дараах сэтгэл гутрал гэж юу вэ?

Шинээр төрж буй ээжүүдийн 20-иос илүү хувь нь төрсний дараах сэтгэл гутралд автдаг байна. Төрсний дараах эхний сард сэтгэл зүйн тогтворгүй байдал, амархан уурлах, амархан гомдох, сэтгэлээр унах, шалтгаангүй гуниглах зэрэг шинж тэмдгүүд элбэг тохиолддог. Эдгээр шинж нь дутуу нойр, төрөх үеийн хүндрэл, гормоны өөрчлөлт, шарх гүйцэд эдгээгүй байх зэргээс шалтгаалах нь бий.

Гэвч энэ байдал хэтэрхий удаан үргэлжилвэл аюултай. Ээжүүд маань энэ талаар хэн нэгэн ойр дотнын хүндээ дэлгэхээс эмээн дотроо шаналсаар явдаг энэ нь өөрийн болоод хүүхдийнх нь эрүүл мэндэд муугаар нөлөөлөх тохиолдол цөөнгүй байдаг учир энэ талаар ойлголттой байж энэ нь хэвийн үзэгдэл юм гэдгийн хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байдаг.

Нярай хүүхдийн сэтгэл зүйн хөгжил төрсөн цагаас эхлэн 1 нас хүртэл хамгийн эрчтэй явагддаг бөгөөд амьдралынхаа туршид сэтгэл санаа тайван тогтвортой байхад чухал нөлөөг үзүүлдэг. Эхний жил дэхь сэтгэл зүйн хөгжилд хамгийн их нөлөө үзүүлдэг хүн бол эх байдаг. Эхийн хайр халамжийг нярай эхийнхээ нүүр царай, халамж энхрийллээс хүлээн авдаг билээ.

Эх сэтгэл санаагаар унах, ядрах, гуниглах, уцаарлах гэх мэт сөрөг сэтгэл хөдлөл нь дөнгөж төрсөн нярайн сэтгэл зүйн хөгжилд сөрөг нөлөөг авчирдаг тул төрөөд удаагүй байгаа эмэгтэйчүүд сэтгэл санааны байдлыг анзаарах, тайван байх сэтгэл гутарч байгаа эсэхэд санаа тавих нь чухал байдаг.

 Сэтгэл гутралыг үүсгэдэг нийтлэг хүчин зүйлс бол:

  • Дааврын өөрчлөлт
  • Нойргүйдэл
  • Чөлөөт цаггүй байх
  • Удаан гэрт суух
  • Гэр бүлийн хүмүүсийн туслалцаа бага
  • Хүүхэд асрах үеийн бие болоод сэтгэл санааны ядрал
  • Нийгмээс, бусдаас тусгаарлагдсан мэт мэдрэмж
  • Хүүхэд өвдөх
  • Төгс ээж/эхнэр байж чадахгүй байгаа дутуугийн мэдрэмж
  • Бусад хүмүүсийн хандлага
  • Өөртөө хэт өндөр шаардлага тавих

Сэтгэл гутралд орсныг илтгэдэг нийтлэг шинж тэмдэг бол:

  • Гуниглах
  • Уцаартай болох
  • Үргэлж нойрмоглож ядрах
  • Үнэ цэнэгүй болсон мэт санагдах
  • Хоолны дуршил багасах
  • Толгой их өвдөх
  • Эрч хүчгүй болох
  • Хүүхэдтэйгээ ойр холбоо үүсгэж чадахгүй байх
  • Ганцаараа шийдвэр гаргаж чадахгүй байх
  • Амархан уйлах

Хэрхэн даван туулах вэ?
Стресс ядаргааг тайлахад хамгийн шилдэг арга дасгал хөдөлгөөн байдаг, дасгал нь серитонин ялгаралтыг ихэсгэж сэтгэл санааг өөдрөг болгодог. Судалгаагаар аэробик нь сэтгэл гутралыг багасгах нөлөөтэй гэдгийг баталжээ.Мэдрэлийн эс дамжуулагчдын ялгаралтыг ихэсгэхэд бас нэг нөлөөтэй зүйл бол Fish Oil буюу Омега 3 байдаг тул өдөрт 1 удаа уух нь тустай.  Ойр дотнынхондооөөрийнхөө сэтгэл санааг нээлттэй хуваалцах, адилхан хүүхэд гаргасан эхчүүдтэй найзалж нөхөрлөх, нөхөртэйгөө болзох зэрэг нь тустай.

  • Хүүхдээ хайр халамжаар өсгөн гэртээ суугаа эхчүүд үнэндээ хамгийн том хөрөнгө оруулалтыг хүүхдэдээ хийж байгаа юм. Үүнийг бид байшингийн суурьтай холбогдуулан зүйрлэх юм бол хүүхдийнхээ сэтгэл зүйн хөгжлийн хамгийн чухал суурийг тавьж байгаа үе гэж ойлгох нь зүйтэй. Энэ үе эцэг эхчүүдийн хувьд хэдий амаргүй үе ч гэсэн хамтдаа давж гарах хэсэгхэн үе юм. Тиймээс ялангуяа эхчүүдийн хувьд хүүхдээ дор хаяж 1 жилийн хугацаанд болж өгвөл 2 нас хүртэл нь өөрөө харж өсгөх нь чухал юм.
  • Төрсний дараа эмэгтэйчүүдийн даавар болох Эстроген болон Прогестроны ялгаралт эрс багасдаг бөгөөд энэ нь хүний сэтгэл санааг өөдрөг болгодог Серитонин (Аз жаргалын гормон гэж зарим хүмүүс нэрлэдэг) болон Неоадерналин мэдрэлийн эс дамжуулагч буурахад нөлөөлдөг учир сэтгэлээр амархан унахад хүргэдэг.
  • Серитонин дутагдах үед сэтгэл дүнсгэр, түгшүүртэй, паникт орох, айдас, хоолны дуршил ихсэх гэх мэт шинж илэрдэг бол неоадерналин дутагдах үед сэтгэл дүнсгэр, анхаарал төвлөрөхгүй байх, ой тогтоолт муудах, мэдээллийг удаан хүлээж авах, ядарч сульдах шинж тэмдэг илэрдэг. Дээрх шинж тэмдэг 2-3 долоо хоног үргэлжлэн хэвийн болдог.
  • Төрсөн эмэгтэй бүрт гутрал явагддаггүй ба гутралын хэр хэмжээ харилцан адилгүй байдаг. Хэрвээ удаан хугацаанд 4-өөс дээш 7 хоног үргэлжлэн байнга уурлаж уцаарлах, нойргүйдэх, их уйлах, эцэж ядрах, буруутгал мэдрэх, амьдрах утгагүй мэт санагдах, итгэл найдваргүй болох гэх мэт шинж тэмдэг илэрвэл мэргэжлийн сэтгэл зүйчид хандах хэрэгтэй.
Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү