Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны нэрэмжит шагналын эзнээр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Зүрх, судасны мэс заслын эмч Энхбаатарын Баттөр, Баянхонгор аймгийн “Жаргалтай амьдрал” төвийн сэтгэцийн эмч Батжаргалын Мөнхсүлд, Хавдар судлалын үндэсний төвийн Элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын тасгийн эрхлэгч, их эмч Гүрбадамын Үнэнбат нар тодорсон.
“Шилдэг залуу эмч” шагналыг эрүүл мэндийн салбарт эмнэл зүйн шинэ арга технологи нэвтрүүлж нутагшуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд болон эрдэм судалгааны ажилдаа гарамгай амжилт гаргасан залуу мэргэжилтнүүдийг сонгон олгодог.
Энэ жилийн “Шалдэг залуу эмч” шагналын эзэн болсон Гүрбадамын Үнэнбат эмч “Хэвлийн дурангийн хүрцээр элэгний баруун дэлбэн болон зүүн элэгний их тайралт мэс засал” эмчилгээг эмнэлзүйн практикт нутагшуулсан, “Элэгний анхдагч өмөнгийн эрсдэлт хүчин зүйлийн тохиолдол хяналтын судалгаа”-г АНУ-ын Стэнфордын анагаах ухааны сургуулийн Хавдар судлалын тэнхимтэй хамтран хийсэн, Цөсний замын мэс заслын гарын авлага болох Токио удирдамжийг Улаанбаатар удирдамж болгож анхны хиймэл оюун ухаанд суурилсан удирдамж батлуулж, элэг цөсний мэс засал эмчилгээг улам бүр сайжруулан, шинэ технологийг нутагшуулснаар тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж яваа шилдэг мэргэжилтэн юм.
Зүрх судасны мэс заслын эмч Энхбаатарын Баттөр Артери венийн фистулын мэс заслын алсын хүрцэд микроскопын тусламжтайгаар судас залгах бичил мэс заслын эмчилгээг нэвтрүүлж, Хэвлийн гол судасны цочмог цооролт урагдлыг хиймэл судсаар нөхөн сэргээж залгасан мэс заслын эмчилгээг хийж гүйцэтгэсэн шилдэг залуу эмч.
Баянхонгор аймгаас тодорсон “Шилдэг залуу эмч” Б.Мөнхсүлд иргэдийг соён гэгээрүүлэх "Жаргалтай амьдрал" төвийг хариуцан ажиллуулж, архинд донтсон хүмүүст эрүүл мэндийн тусламж үйлчилгээ тэр дундаа сэтгэл заслын эмчилгээг амжилттай хийж олон хүнийг хорт зуршлаас нь салгаж буй бөгөөд нөлөөллийн ажлыг зөвхөн архинд донтсон хүнд биш гэр бүл, ойр тойрныхонд нь хийх замаар үр дүнд хүрч яваа сэтгэцийн мэргэшсэн эмч билээ.