Өнөөдөр айл бүрийн хойморт залрах, үзэгч түмний мэдээллийн эх үүсвэр, толь нь болсон телевизийн өдөр. 1996 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей тусгай тогтоол гаргаж жил бүрийн энэ өдөр буюу арваннэгдүгээр сарын 21-нийг дэлхийн телевизийн өдөр хэмээн тэмдэглэдэг болсон юм.
Үе үеийн олон эрдэмтэдийн хөдөлмөр зүтгэлийн үр дүнд телевиз бий болсон гэдгийг заавал онцлон тэмдэглэх хэрэгтэй. Английн эрдэмтэн Жеймс Клерк Максвелл (1831-1879) байгальд цахилгаан соронзон үелзлэл оршдог тухай таамаглал анх дэвшүүлжээ. Цахилгаан соронзон орон үнэхээр бодитой оршиж байгааг Германы эрдэмтэн Генрих Герц (1857-1894) туршилтаар баталсан юм. Цахилгаан соронзонгийн тархах хурд, түүний физик шинж чанарыг ч Герц нарийвчлан судалсан байна. Оросын эрдэмтэн Александр Степанович Попов (1859-1905), италийн эрдэмтэн Гульелмо Маркони (1874-1937) нар цахилгаан соронзон үелзлэлийг ашиглан агаарын орон зайг ашиглаж ямар нэгэн дохио дамжуулах арга бодож олжээ. Тэднийг анх радио зохион бүтээсэн эрдэмтэд гэж үздэг. 1880 онд П.И.Бахметьев дүрсийг алсад дамжуулахын тулд эхлээд цахилгаан соронзон орон болгож задлаад, дараа нь хүлээн авагчаар эргэж цуглуулах хэрэгтэй гэдэг санааг дэвшүүлсэн байна. Үүний дараа 1884 онд Германы эрдэмтэн Паул Нипков дүрсийг алс холын орон зайд дамжуулах анхны шийдлийг олжээ. Нипковийн санаачилсан энэ арга дээр тулгуурлан 1920 онд Шотландын зохион бүтээгч Жон Байрд (1888-1946) механик телевизор бүтээсэн юм.
1900 оны 8 сарын 25-нд Францын нийслэл Парис хотод олон улсын цахилгаан холбооны бага хурал зохион байгуулагдав. Энэ хуралд оролцсон Оросын инженер Константин Перский “ television” гэдэг нэртэй илтгэл тавьжээ. Ингэснээр телевиз гэдэг нэр томъёог хүн төрөлхтөн хэрэглэх болсон юм.
Tele - алс хол,
vision - үзэгдэх, харагдах гэсэн утгатай үг юм.
Монголчууд энэ үгийг зурагт гэж орчуулжээ. Гадны фото үзэгдлийг ашиглан Петербург хотын технологийн их сургуулийн багш Б.Л.Розинг 1907 онд өнөөгийн зурагт ажиллах үндсэн зарчимыг боловсруулжээ. Телевизийн цаашдын хөгжилд Б.П.Грабовский, С.И.Катаев, П.В. Шматков, В.К.Зворыкин зэрэг олон эрдэмтэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Ер нь телевиз гэдэг бол олон хүний хамтын хөдөлмөрийн үр дүнд бий болсон хамтын бүтээл юм.
(хамгийн анхны телевиз)
Монгол Улсад телевиз үүсэж хөгжсөн нь :
Монгол Улсад телевиз байгуулах тухай анх 1964 оны дөрвөн сард Улсын төлөвлөгөөний хорооны хуралдаанаар яригджээ. 1965 оны арван сард БНМАУ-ын Засгийн Газар телевизэд ажиллах мэргэжилтнүүдийг ЗХУ-д сургах тухай тогтоол гаргажээ. Үүний дагуу телевизийн техникийн мэргэжилээр 40 хүнийг ЗХУ руу илгээсэн байна. 1966 оны гуравдугаар сарын 29-нд Монгол телевизийн техникийн төвийн шавыг тавих ёслол болжээ. 1966 оны тавдугаар сарын 16-нд телевизэд ажиллах залуусын хоёрдугаар ээлжийг ЗХУ руу явуулсан юм.
1967 онд Монголын телевиз байгуулагдахад барьж байгуулсан теле цамхаг нь 193 метр өндөр. 1967 оны долоодугаар сарын 9-ний өдрийн “Үнэн” сонинд монголын телевизийн төвийн ерөнхий инженер В.И.Алырщиковын өгсөн ярилцлага хэвлэгджээ. Тэрээр энэ ярилцлагадаа телевизийн төв нэвтрүүлэг дамжуулахад бэлэн гэж мэдэгджээ. Ингээд 1967 оны долоодугаар сарын 11-нд Монголд анх удаа туршилтын нэвтрүүлэг хийжээ. Ардын хувьсгалийн 46 жилийн ойд зориулсан концерт, хүндэтгэлийн арга хэмжээг телевизээр дамжуулжээ. Дараа нь 1967 оны наймдугаар сарын 15-нд хоёр дахь удаагийн туршилтын нэвтрүүлэг хийжээ. Туршилт амжилттай болсоны дараа тогтмол нэвтрүүлэг явуулах тухай шийдвэр гаргасан байна. Радио телевизийн улсын хорооны даргаар Жалан-Аажив, орлогчоор нь Сумъяа томилогджээ. 1967 оны есдүгээр сарын 27-ноос эхлэн Монгол телевиз тогтмол нэвтрүүлгээ явуулах болжээ. Монгол телевиз анх байгуулагдаад даваа пүрэв, бямба, ням гаригт нэвтрүүлэг дамжуулдаг байв.
Телевиз орчин үед
Интернэт түгээмэл тархах хүртэл телевиз хамгийн шуурхай мэдээллийн хэрэгсэл гэсэн байр сууриа хадгалж ирсэн. Хамгийн анх 1947 онд АНУ-д кабелийн телевиз байгуулагдсан. 1970-аад оны сүүл үеэс кабелийн сүлжээ ашиглан нэвтрүүлэг дамжуулах нь улам ихэссэн. Харин 1990 оноос хойш пост коммунист орнуудад кабелийн телевиз сонгодог утгаараа хөгжиж эхлэжээ. Ингэснээр телевизийн сувгийн тоо ч нэмэгдсэн байна. 1976 онд хиймэл дагуулын телевиз бий болов.
Орчин үед хиймэл дагуулын телевиз нь тоон систем ашиглан дуу дүрсний өндөр чанартай нэвтрүүлгийг үзэгчдэд хүргэж байна. Мэдээллийн технологийн хөгжлийн үр шимээр IPTV Internet Protocol Television бий боллоо. IPTV хамгийн гол давуу тал нь дүрс бичлэгийг үзээд зогсохгүй түүнтэй холбоотой бусад нэмэлт мэдээлэл авах, нэвтрүүлэгт шууд оролцох боломжтой. Мөн хэрэглэгч хүссэн нэвтрүүлгээ өөртөө тохиромжтой цаг үед үзэх боломж нээж өгдөг.
эх сурвалж : wikipedia.org