Японы “ХҮНИЙГ ҮЙЛДВЭРЛЭХ” сургуулийн боловсролын аргаас:

1. ЦАГ БАРИХ
Цаг барих нь хэлэхэд амархан боловч хийхэд хэцүү. Эдний хувьд хоцрох бол дэлхийн сүйрэл гэсэн үг. Зөвхөн хоцрох биш, эртдэх нь ч байж боломгүй зүйл юм. Тэгвэл хүүхдийг яаж цаг барьдаг болгодог вэ?
Цаг барьдаг сурагчийг өндрөөр үнэлдэг.
Сургууль төгсөхөд алтан 5-ын эзэн олны өмнө сургуулийн захирлаас баярын бичиг гардаж авдагтай адил суралцах хугацаандаа нэг ч тас, хоцролтгүй сурагч Kaikinsho буюу “бүтэн цагийн шагнал” гардана. Энэ нь их дээд сургуульд элсэхээс илүүтэйгээр ажил олоход сайнаар нөлөөлнө. Ярилцлага дээр бүтэн цагийн шагналаа бариад очвол “энэ нөхөр манайд орвол ажилдаа хэзээ ч хоцрохгүй, таслахгүй юм байна” гэсэн баталгаа болно. Зарим сургууль тас, хоцролт нь 3-с бага бол дэд шагнал өгдөг.
МИНУТЫН ӨМНӨ ДҮРЭМ.
Энэ дүрмийг 12-с дээш настай ямар ч Япон чандлан сахина. Аливаа арга хэмжээ эхлэхээс 5 минутын өмнө бэлэн байна гэсэн үг юм. Өдөр тутмын ажил сургуулиас авахуулаад, хурал цуглаан, тоглолт үзвэр бүр цаашлаад найзуудаараа нийлж архи уухдаа хүртэл 5 минутын өмнө цуглана. 5 биш 2 минутын өмнө очсон нэгнээ “японоо алдсан лгайч вэ!” гэж хараах нь холгүй. Тэр нь ч бас “хоцорсонд уучлаарай” гэж заавал хэлнэ. Ямар ч арга хэмжээ цагтаа эхлэхгүй бол амжилттай болохгүй гэж яс махнаасаа бодно. Сурагч гэлтгүй хоцорвол багш хүртэл уучлалт гуйна.
2. ТУУШТАЙ БАЙХ:
Япончуудын хоёр дахь туйлын зорилго бол тууштай байх явдал юм. Үзэл бодолдоо, гэр бүлдээ, ажилдаа, хичээллэдэг спортдоо гэх мэт бүхий л тал дээр тууштай байх нь жинхэнэ Япон хүний шинж чанар гэдэг. Энэ нь самурайн үеэс улбаатай гэсэн. Мэдээж бүх зүйлд тууштай төгс хүн байхгүй. Гэвч ядаж нэг зүйлд өөрийгөө бүрэн дүүрэн зориулж чаддаг ард түмэн юм. Тэр нь юу ч байж болно. 12 наснаасаа эхлээд тэтгэвэрт гарсан ч марафонд гүйсээр байгаа эмээ байхад чөлөөт цагаараа өдөр шөнөгүй анимэ үздэг залуу хүртэл байна. Тэгвэл хүүхдийг яаж тууштай болгон хүмүүжүүлдэг вэ?
СПОРТООР ХИЧЭЭЛЛҮҮЛ!
Сурагчдыг ямар нэг спортоор 6 жилийн турш тууштай хичээллэхийг шаарддаг. Дуу хөгжим, бүжиг, уран зураг гэх мэт урлаг байсан ч болно. Бүх сурагч өдөр бүр хичээл тарсаны дараа 2 цаг секцэнд явна. Дугуйлан хольж солихыг хориглоно. Жишээ нь 2 жил сагс тоглочоод 3 дахь жилдээ хөл бөмбөгийн багт орьё гэвэл хүлээж авахгүй. Буцаад сагсандаа орсон ч багынхан дундаа аль хэдийнэ нэр нүүргүй болсон байдаг. Сургуулиуд олон төрлийн дугуйлан, секцтэй. “Туйлбаргүй хүн бол хүний адаг” гэж үзнэ.
Ямар ч хүн аливаа зүйлд өдөр бүр 2 цагийг 6 жилийн турш зарцуулвал тодорхой хэмжээнд мэргэшинэ. Анхнаасаа авьяастай, шууд амжилт гаргадаг нь байх ч тийм хүүхэд ховор бөгөөд тэр бүр сайшаагддаггүй. Харин жирийн хүүхэд 6 жил яс хичээллээд үр дүн гаргах үед багш хамт олныхоо хүндлэлийг хүртэнэ.
АХ ЗАХЫН ЁСОН
Ангидаа нас чацуу хүүхдүүдтэй сурдаг бол дугуйланд орсноор дээд доод ангийнхантайгаа харьцаж, ах захын ёсонд суралцдаг. Үүнийг Jouge Kankei буюу махчилж орчуулвал “дээд доодын хамаарал” гэнэ. Ах хүнийг сэмпай, дүүгээ коохай гэнэ. Хааяа кинон дээр гардаг “номын ах аа, номын дүү минь ээ” гэдэг чинь энэ шүү дээ. Хал цэрэг, шиноков гэдэг шиг энд ч бас адил эрэмбэ дараалалтай. Эхний жилдээ бэлтгэл дуусаад заалны шалыг байнга угаана. Нэг дэвшээд арай цэвэр ажил хийнэ. Харин том ангийнхан бол бэлтгэлээ дуусаад шууд харина. Гэхдээ ах нар дүүдээ олон юм зааж сургадаг болохоор их хүндлэгдэнэ.
Хүүхдийг спортоор хичээллүүлж эрүүл чийрэг болгохын хажуугаар тууштай байдал, ах захын ёсонд сургах нь Японы ерөнхий боловсролын бодлого юм. Нэг сумаар хоёр биш бүр гурван туулай буудаж байна. Энд амжилтын үндэс бол “тууштай, тэвчээртэй байдал” юм.
3. ХҮНД ТӨВӨГ УДАХГҮЙ БАЙХ
Япон хүний эцсийн чанар бол аливаа хүнд гай болж, төвөг удахгүй байх явдал юм. Таньдаг ч бай, танихгүй ч бай хамт олондоо эсвэл нийгэмд гай болно гэдэг нүгэл. Мэдээжийн боловч хүүхэд битгий хэл том хүнд ч ойлгуулахад бэрх. Япон сургуульд маш энгийн ганц аргаар, гурван зүйлд сургаснаар энэ чанарыг хүүхдүүдэд олгодог.
Ганц арга нь сургуулийг цэвэрлэгчгүй байлгах. Гурван зүйл нь “хариуцлагатай_байдал”, “хамтын_ажиллагаа”, “хүн_ганцаараа_амьдардаггүй”-г ойлгуулах юм.
Сургуулиудад цэвэрлэгч байдаггүй. Сурагчид хичээл тарсны дараа дугуйландаа явахын өмнө өөрсдөө 30 минут цэвэрлэгээ хийнэ. Монголд жижүүр анги 7 хоногт нэг удаа их цэвэрлэгээ хийдэг бол энд бүх анги өдөр бүр их цэвэрлэгээ хийдэг гэсэн үг. Багшийн өрөө, анги танхим, коридор, 00, шат, заал, гадна талбай гээд бүх хэсгийг цэвэрлэнэ. Өдөр бүр цэвэрлэдэг болохоор сургуулийн байр байнга цэмцгэр. Хэн аль хэсгийг цэвэрлэхийг бүгдэд ил тод байлгаж, хариуцлага тооцох тогтолцоог бүрдүүлж, өөрт ноогдсон үүргээ биелүүлэх хариуцлагатай байдалд сургаж буй хэрэг. Жишээ нь 2 давхрын шат бохир байвал хариуцсан сурагчдыг дугуйлангаас нь дуудаж авчраад дахин цэвэрлүүлнэ. 10 хүнтэй сагсны секц 5-ын эсрэг 5 хийж байхад нэг нь цэвэрлэгээгээ дутуу хийснээс болж бэлтгэлээ дундаас нь орхивол үлдсэн 9 хүндээ төвөг удна гэсэн үг. Дахиж ингэхгүйн тулд цаашид шатыг мөлчийтөл нь цэвэрлэдэг болох юм.
Заал гэх мэт том талбайг хоёр гурван ангийн сурагчид хамтарч цэвэрлэнэ. Нэг хэсэг нь шаргуу цэвэрлээд үлдсэн нь залхуурч суугаад цагтаа амжиж дуусахгүй бол бүгд дугуйландаа явахгүй. Ингэж хамтдаа цэвэрлэж, хамтдаа дуусч, хамтдаа дугуйландаа явж, хариуцлага алдвал хамтдаа үүрнэ гэсэн зарчмыг баримталснаар хамтын ажиллагаанд сургадаг.
Эцэст нь сургуулийн байр цэвэр цэмцгэр байж, таатай орчинд сурах нь сурагч бүрээс хамаарч буйг хүнээр хэлүүлж бус, хүүхдүүд өөрсдөө ойлгосоноор нийгэмд хүн ганцаараа амьдардаггүйг цаашлаад хүн бүрийн оролцоо, хариуцлагатай байдал ямар чухал болохыг 6 жилийн турш өдөр бүр мэдэрснээр “жинхэнэ Япон хүн” төлөвшдөг байна. Сургуульд эрдэм мэдлэг, авьяас чадварыг олж авах нь чухал боловч нийтээрээ нэгдсэн ойлголттой болж төлөвших нь илүү чухал. Үүнийг хүүхэд яаж ч төлөвшиж болох эгзэгтэй буюу шилжилтийн насан дээр ойлгуулдаг нь учиртай.
Цаг барихыг үнэлж, спортоор хичээллүүлж, сургуулиа өөрсдөө цэвэрлэх замаар Япон улс ирээдүйгээ бэлдэж, энэ нь ч амжилттай хэрэгжиж байна.
Монгол хүнийг 3 үгээр тодорхойл гэвэл таны хувьд юу вэ? Цаашид ямар зан чанартай болгон төлөвшүүлвэл зохистой вэ?
Гэр бүлийн хүмүүжил хэдий чухал ч айл бүрт өөр учраас сургуулийн боловсролоор олгох “жинхэнэ Монгол хүн чанар”-ыг тодорхойлох нь зүйтэй
Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү