Монгол Улс 2006 оноос бага ангийн сурагчдад зориулж “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. 2020 оноос түүнийгээ өргөжүүлэн “Үдийн хоол” хөтөлбөр болгон хэрэгжүүлж байна.
Ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн сурагчдыг үе шаттайгаар үдийн хоолны үйлчилгээнд хамруулахаар төлөвлөсөн хэдий ч тогтвортой хүнсний хангамжийн тогтолцоо, хоол үйлдвэрлэлийн орчин нөхцөл, хүний нөөцийн асуудал, мөн дэлхийн нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын эдийн засгийн сөрөг үр дагавар зэргээс шалтгаалан дунд (6-9 анги) болон ахлах (10-12 анги) ангийн сурагчдыг “Үдийн хоол”-ны үйлчилгээнд хамруулах хугацаа тодорхой хугацаанд хойшлоод байгааг мөн мэдээллээ.
Хууль эрх зүйн хүрээнд тодорхой ахиц гаргаж, Ерөнхий боловсролын сургуулийн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг 2019 онд баталсан. Энэхүү хууль батлагдсантай холбогдуулан 20 гаруй холбогдох баримт бичгийг гарган хэрэгжүүлж байна.Сургуулийн хоолны эвсэл нь дэлхийн 87 гишүүн улс, Европын холбоо, Африкийн холбоог нэгтгэсэн байгууллага юм. Дэлхий дээр хүнсний аюулгүй байдлын өндөр эрсдэлтэй 349 сая хүн байгаагийн 153 сая нь хүүхэд, залуучууд байна. Сургуулийн хоол нь энэхүү байдлыг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.
Сурагчдын үдийн цайнд 1 ам.доллар зарцуулахад эрүүл мэндийн салбарт 9 ам.долларын зардлыг хэмнэх тооцооллыг Дэлхийн хүнсний хөтөлбөрөөс гаргажээ.
Эх сурвалж: БШУЯ