Цахим орчинд олон хэл дээрхи вэб-д байрлалтай, чөлөөт агуулгатай нэвтэрхий толины төсөл нь Википедиа юм. Мэдээллийн хэмжээ ба сэдвийн хүрээгээр Википедиа нь хүн төрөлхтний түүхэнд хэзээ нэгэн цагт зохиогдсон хамгийн бүрэн бүтэн толь бичиг ч гэж үздэг. Википедиаг сайн дураараа дэлхий даяар олон хүн хамтран бичдэг. Ихэнх өгүүллэгүүдийг "засварлах" гэсэн линкийг дараад л засвар хийж болно.
Википедиа (Wikipedia) — Америкийн Викимедиа сан хэмээх төрийн бус байгууллагын сервер дээр хадгалагдсан, хэн ч хувь нэмэрлэж, хянан шүүж, засаж шинэчилж болох, нийтийн хэрэглээний цахим нэвтэрхий толь юм. Википедиа дэлхийн хамгийн их ашиглагддаг арван цахим талбарт багтдаг бөгөөд олон сая хүнд энгийн мэдлэгийн сурвалж бичиг болдог.
Википедийн нэг онцлог нь мэдээллийг төрлөх хэл дээр нь өгснөөр түүний соёлын гарал үүслийн онцлогийг хадгалдагт байдаг. Википедиа гэсэн нэр нь вики (олон хүний хамтарч бүтээдэг цахим хуудас) ба энциклопедиа гэсэн 2 үгийг нийлүүлсэн нэр юм.
2001 онд эхэлсэн Википедиа нь маш хурдан хөгжиж, одоо хамгийн том лавлах цахим хуудасуудын нэг болсон байна. Анх Америкийн Bomis компанийн захирал Жимми Уэйлс англи хэлээр нийтээр засч болох цахим нэвтэрхий толь бүтээхийг зорьсныг ерөнхий хянан тохиолдуулагч Ларри Сэнгер гүйцэлдүүлжээ. Улмаар 2000 оны 3 сарын 9-нд Nupedia нэрээр эхэлсэн төсөл 2001 оны 1 сарын 15-ны энэ өдөр өнөөгийн Википедиа болж өөрчлөгдсөн юм. Эхэндээ дан англи хэлнийх байхдаа www.wikipedia.com хаягтай байсан бол олон хэлнийх болоод 2002 оноос хойш www.wikipedia.org хаягтай болжээ.
Википедиа Англи хэлээр анхлан гаргасан ба удалгүй олон хэлээр бичигдэх сүлжээ болж өдгөө 291 хэл бичгээр Википедиа нээгдэж, хамгийн ихдээ 5 сая, бүгд нийлээд 37 сая хуудас өгүүлэл бичигдээд байна. 2014 оны статистикт дурдсанаар сар бүр 500 сая хүн, 18 тэрбум удаа тус сайтын хуудсыг нээж харж байв. Википедиа олон хүнд тус болж талархлыг хүлээж, мөн олон хүнээс сөрөг шүүмж ч авч байгаа юм.