Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс БНХАУ-ын КОВИД-19-ийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэлээ.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан “Дэлхийд 657 сая хүн КОВИД-19-өөр өвчилснөөс 6.6 сая нь нас баржээ.
КОВИД-19 цар тахал, ялангуяа Омикроны давлагаа сүүлийн долоо хоногт дэлхий дахинд 21 орчим хувиар буурсан. Олон улсад BA.5 хувилбар 63 хувь, BA2.2.75, BQ.1 зэрэг хувилбар дэгдэлтийг үүсгээд байгаа аж.
Манай урд хөрш арванхоёрдугаар сарын 24-нөөс эхлэн цар тахлын мэдээллийг нийтлэхгүй байгаа. Гэхдээ ДЭМБ-ын мэдээгээр Хятад улсад өнгөрсөн 24 цагт 34 мянга гаруй тохиолдол, сүүлийн долоо хоногт 210 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн гэсэн байна.
Урд хөршид энэ долоо хоногийн өвчлөлийн тоо өмнөх долоо хоногоос 45 хувиар өссөн. КОВИД-19-ийн шалтгаант нас баралт 648 гэж мэдээлсэн нь өмнөх долоо хоногоосоо 50 гаруй хувиар нэмэгдсэн юм.
БНХАУ-д дэгдэлт үүсгээд буй вирусийн хувилбарыг арванхоёрдугаар сарын 19-24-ны сорьцын мэдээллээс авч үзвэл:
- 85 хувь нь Омикроны BF.7 гэх дэд хувилбар
- 15 хувь нь BA.5.2 гэх мэт олон дэд хувилбар өвчлөлийн тоог нэмэгдүүлж байна” гэв.