Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуун болон тус агентлагийн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын дарга Ц.Тэрбиш нар лангуу-кассын үнэ зөрдөг зөрчлийг давтан гаргуулахгүй байхад чиглэсэн үйл ажиллагааны зохион байгуулалтыг сайжруулах, цаг үеийн бусад асуудлын талаар “Номин”, “И март”, CU, “GS25”, “ЭФЭС”, “Сансар”, “Абсолют” зэрэг сүлжээ дэлгүүрүүдийн удирдлагууд, холбогдох албан тушаалтнуудтай ажил хэргийн уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуун оролцогчдод хандан “лангуу-кассын үнэ зөрдөг зөрчлийг 2022 онд шалгаж, 4 аж ахуй эрхлэгчид 5 сая төгрөгийн торгууль ногдуулсан боловч тухайн зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл ирсээр, зөрчил давтан гарсаар байна. Иймд торгоод орхидог байж болохгүй, гол нь зөрчил бодитой арилах суурь нөхцөлийг бүрдүүлж, хэрэглэгч хохирлоо бодитой арилгуулдаг байх нь чухал, ингэхийн тулд хэрэглэгчдийн мэдээлэл авдаг онцлогийг харгалзан орчин үеийн технологийн шийдлийг ашиглахаас гадна мэдээлэл хүргэх уламжлалт арга хэлбэрийг ашиглах, бусдынхаа хэрэгжүүлсэн сайн туршлагыг өөрийн онцлогт тохируулан хэрэгжүүлэх шаардлагатай. Тухайлбал, “Миний дэлгүүр” ХХК-аас “Зөв бичилтийн амлалт” арга хэмжээг хэрэгжүүлсэн, мөн “И март” болон “Номин”-оос ажилтнууддаа болон хэрэглэгчдэд зориулсан аппликэйшн /АПП/ гаргаж байгаа, хэрэглэгчдэд зориулсан киоск машиныг нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа зэрэг нь нэг алхам урагшилж байна. Энэ жилийн хувьд тус агентлагийн онцлог нь өнгөрсөн жил хэрэгжүүлсэн ажлуудын гүйцэтгэлд анхаарал хандуулж, бүрэн ажил хэрэг болтол үр дүнг нь үзэхээр ажиллах зорилготой ажиллаж байгаа” гэж дурдлаа.