Хүний эрхийн Үндэсний Комисс 2022 оны 12 дугаар сарын 04-ны өдрөөс эхлэн жанжин Д.Сүхбаатарын талбайд үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ эдлэж буй иргэдийн жагсаал, цуглаанд 7 дахь өдрөө ажиглалт, дүн шинжилгээ хийж байна.
Жагсаал, цуглааны үеэр согтууруулах ундаа хэрэглэсэн, нийгмийн хэв журам зөрчиж жагсагчдын болон иргэний нийгмийн ажилчдын биед халдсан асуудал гарч байгаа тул иргэд жагсаж цуглахдаа бусдын эрх чөлөөнд халдаж, нийгмийн дэг журам зөрчихгүй байхад анхаарна уу.
ХЭҮК-оос хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудтайгаа хамтарч хүний эрхийн хэрэгжилтийг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээх чиглэлээр онцгойлон анхаарал хандуулан ажиллаж байна.
Жагсаал цуглааны үеэр нийгмийн дэг журам зөрчсөн гэх 15 иргэнийг хууль сахиулах байгууллагаас саатуулсан бөгөөд Комиссын гишүүд болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн нар саатуулагдсан иргэдтэй уулзаж, Монголын Өмгөөлөгчийн Холбоотой хамтран хууль зүйн туслалцаа үзүүлж байна.
Мөн Д.Сүхбаатарын талбай дээр суулт хийж буй иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах асуудалд Комисс анхаарал хандуулж байгаа бөгөөд эрх бүхий албан тушаалтнаас талбайн урд байрлах авто зогсоолын хэсэгт гэр барих талаар санал гаргасан байна.
Түүнчлэн Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвтэй мэдээлэл солилцон ажиллаж байна.
Жанжин Д.Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарласан иргэний шинжилгээний хариу өлсгөлөн зарлахад харш гарсан тул өлсгөлөнгөө зогсоох зөвлөгөөг Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвөөс өгсний дагуу өлсгөлөнгөө зогсоолоо.
Суулт хийж буй иргэдийн аюулгүй байдлыг хангахад цагдаагийн байгууллагын алба хаагчид 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.