Шинэ жилийн баярын хамгийн эрхэм зочин бол бидний хэлдгээр өвлийн өвгөн билээ. Ихэнхи улс үндэстнүүд Санта Клаус гэдэг. Харин манай хөрш ОХУ-д Дед Мороз гэж нэрлэдэг. Цас мөсний орноос цан хүүрэг татуулсаар өвлийн өвгөн айлчлан ирэхдээ хүүхэд бүхний мөрөөдлийг биелүүлж, хүсэн хүлээсэн бэлгийг нь өгч баярлуулдаг. Том улаан хамартай, дун цагаан сахалтай, улаан дээл, өмдтэй өвлийн өвөө, Санта Клаусын тухай сонирхолтой баримтуудаас толилуулья.
Санта Клаус бол католик шашны Зул сарын баярын олонд шүтэгдсэн Мирликийн Николай хэмээх гэгээнтэн байсан гэдэг. Санта Клаус гэдэг үгийн гаргалгааг сонирхвол, Санта нь гэгээн гэсэн үг бол Клаус нь Николай хэмээх нэр ажээ. Тэрбээр Христийн тооллын өмнөх 300-аад оны үед Мирад /одоо Туркэд байдаг/ амьдарч байжээ. Чинээлэг айлын ганц хүү Николасын эцэг, эх нь тахалд нэрвэгдэж нас барахад бяцхан Николас сүмд өсч торнин 17-н насандаа урьд байгаагүй хамгийн залуу санваартан болсон аж. Түүний өгөөмөр сэтгэл, өв хөрөнгөө хэрэгтэй нэгэнд нь тараадаг байсан тухай олон домог яриа байдаг. Алтаар дүүргэсэн уутыг айлуудын янданд, эсвэл хатаахаар өлгөсөн оймсонд нь хийдэг байсан тухай яриа ч байдаг.
Хэдэн жилийн дараа Николас хамба болж хамбын малгай, урт дээл, цагаан сахал улаан нөмрөгтэй явдаг болжээ. Тэрээр сүмийн хамбын хөргийг бүтээдэг байхдаа Санта Клаус нэртэй болсон гэдэг. Түүнийг өөд болсны дараа сайхан сэтгэлийг нь хүндэлж бурхан мэт шүтэх болжээ. Эцэст нь Католик сүмийнхэн Крисмасын баяр болон Николасыг хүндэтгэх өдрийг хамтатган тэмдэглэдэг болсон аж. Николас арванхоёрдугаар сард таалал төгссөн учир түүний үнэнч шавь нар гэгээн үйлийг нь үргэлжлүүлж, зул сарын баяраар хүүхдүүдэд бэлэг тараах болсон байна.
Өнөөгийн Санта Клаусын дүр төрх 1804 онд болсон Нью Йоркийн Түүхийн нийгэмлэгийн уулзалтын үеэр нийгэмлэгийн гишүүн Жон Пинтардад бэлэглэсэн тоглоом дүүрэн оймстой Гэгээн Николасыг дүрсэлсэн модон баримлаас үүдэлтэй. Сантагийн хувцас анх цагаан, цэнхэр, ногоон өнгөөс бүрддэг байсан бол одоогийн улаан хувцас нь 1930 онд "Кока Кола" компани Санта Клаусыг анх удаа сурталчилгаанд ашигласан нь Дэлхий дахинд ийнхүү тархаж, алдаршуулах болсон ажээ.
Сонирхуулхад : Цаа буу хөлөглөсөн Сантагийн төрхийг “Толгойгүй морьтон” зохиолыг бичсэн Америкийн зохиолч Вашингтон Ирвин 1819 онд санаачилсан байна.