Зул сар, шинэ жилийн баярын хамгийн чухал зүйл бол бэлэг. Энэхүү баярыг бэлэггүйгээр төсөөлхийн арга үгүй билээ. Тэр дундаа хүүхэд багачууд зул сар, шинэ жилийн баяраар хамгийн ихээр хүсэн хүлээдэг зүйл бол яахын аргагүй бэлэг юм.
Гэр бүл хайртай дотны хүмүүстээ энэ л өдөр хамгийн нандин эрхэм бэлгийг бид бэлдэж өгдөг. Харин энэхүү бэлэг нь тухайн хүнийг илэрхийлэх толь ч болдог гэдэг. Өөрөөр хэлбэл сонгосон бэлгээр таны тухай ч бас ихийг мэдэж болно гэж Финляндын сэтгэл судлаачид үздэг байна. 1800 оны үеэс зул сарын баяраар гацуур мод чимэглэж, баярын зурагтай ил захидал илгээх болжээ. Харин 1900-аад оны үеэс бизнесийн салбарт зул сарын бэлгийн худалдаа хүч түрж, өнөөг хүртэл эл худалдаа өргөжин тэлсээр байгаа юм.
Зул сарын баяраар Голланд улсад 12-р сарын зураанд тэмдэглэдэг Гэгээн Николасын өдрөөс үүдэн Санта Клаусын бэлэг тараах уламжлал бий болсон аж. Уг өдрийн өмнөх орой хүүхдүүд гутлаа гадаа орхиод өглөө нь Гэгээн Николасын илгээсэн бэлгийг авдаг байна. Харин оймс өлгөх тухай гэвэл. Энэхүү уламжлал нэгэн түүхтэй холбоотой. Уг түүхэнд өгүүлснээр гурван охинтой ядуу эр хуримын инж бэлдэх бололцоогүйгээс үүдэн охид нь хүнтэй гэрлэж чаддаггүй байжээ. Гэтэл нэг орой Гэгээн Николас яндангаар нь ууттай алт унагаасан нь зуухны дэргэд хатаахаар өлгөсөн оймсон дотор орсон байв. Ийнхүү том охин нь хуримаа хийсэн юмсанжээ. Энэхүү түүхээс улбаатай зул сарын өмнөх орой зуухны дэргэдэх оймсонд бэлэг үлдээдэг уламжлал бий болжээ.
Сонирхуулхад өнөөдөр буюу 12-р сарын 26-ны энэ өдөр Их Британи ба Британийн хамтын нийгэмлэгийн орнуудад Бэлгийн өдөр (Boxing Day) гэсэн баяр тэмдэглэдэг байна. Энэ өдрөөр Христийн төрсөн өдрийн дараа том жижиг дэлгүүрүүдээс хүссэн бэлгээ хагас үнээр нь авч болдог олны дуртай өдөр ажээ. Бэлгээ хайрцагтайгаар тараадаг байсан учир Boxing Day хэмээн нэрлэжээ.