Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний түүхт 110 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын дарга Г.Занданшатарын нэрэмжит “Тусгаар тогтнолын үнэ цэн” сэдвээр нийтлэл, подкастын уралдааныг Парламентын сурталчилгаа, мэдээллийн төвөөс 12-р сарын 1-нээс 20-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Монголчуудын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн түүхэн уламжлал, төрт ёсны залгамж чанарыг сурталчлан таниулж, эрхэмлэх үнэт зүйлс, эх оронч үзлийг хойч үедээ төлөвшүүлэх зорилгоор цуврал уралдаануудыг явуулж байгаа юм.
Энэ удаа “Тусгаар тогтнолын үнэ цэн” нийтлэл болон подкастын уралдаанд эх орны өнцөг булан бүрээс, хилийн чанадаас сэтгүүлч, нийтлэлч, чөлөөт уран бүтээлч, оюутан залуус маань өөрсдийн харах өнцөг, сэтгэх оюун, илэрхийлэх мэдрэмжээ шингээсэн өөр өөрийн онцлог өнгө аястай 100 гаруй нийтлэл, 70 гаруй подкастыг ирүүлжээ. Өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар шилдэг оролцогчдыг хүлээн авч, шагнал гардууллаа.
Нийтлэлийн төрөлд тэргүүн байрыг МЗЭ, МСНЭ-ийн шагналт зохиолч, сэтгүүлч Б.Цогнэмэхийн “Тал нутаг дахь тэмцлийн гал”, дэд байранд сэтгүүлч Б.Баярбаясгалангийн “Ээж-Эх орон...Бид хоёрын дунд”, гуравдугаар байранд сэтгүүлч, нийтлэлч Т.Дарханхөвсгөлийн “Тунхаглан зарласан тусгаар тогтнолоо та бид хамгаалах ёстой, тусгай байранд МУИС-ийн оюутан А.Амаржингийн “Тусгаар тогтнолын үнэ цэн”, сэтгүүлч Б.Оргилмаагийн “Цэг биш таслал” зэрэг нийтлэлүүд шалгарчээ.
Харин подкастын төрөлд тэргүүн байрыг найруулагч Б.Өлзийбаяр, редактор А.Алтанцэцэг нарын “Реакц”, дэд байранд “Улаанбаатар Эрдэм” их сургуулийн оюутнуудын “Фокус” багийн “Тусгаар тогтнолын үнэ цэн”, гуравдугаар байранд түүхч, судлаач На.Батболдын “Чанад үйлс”, тусгай байруудад хэл бичгийн ухааны доктор, зохиолч, сэтгүүлч Лханаагийн Мөнхтөрийн “Бүтэн”, подкаст хөтлөгч Н.Ганбилэгийн “Нарнаас том А” зэрэг бүтээлүүд тус тус шалгарчээ. Энэхүү уралдаанд ирүүлсэн нийт бүтээлүүдэд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын түүхэн ач холбогдол, үнэ цэн, хувьсгалын удирдагчдын үйл хэргийг онцлохоос гадна өнөөгийн залуус шинэ зууныг өөрсдийнхөөрөө бүтээх, хүсэл тэмүүлэл, хариуцлага дүүрэн байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн эдийн засгийн тусгаар тогтнол, оюун сэтгэлгээний ондоошил, үндэсний өв соёлын залгамж зэрэг сэдвийг өргөн хүрээнд, өөр өөрийн өнцгөөр агуулга уялдааг нь тодотгосон байв.