Зул сарын баяр, шинэ жилийг мөнх ногоон гацуур модгүй төсөөлхийн аргагүй билээ. Энэхүү сүлд мод нь шинэ жилийн баярт зориулан засаж чимэглэсэн мод юм. Зул сарын баярыг тэмдэглэж эхлэхээс өмнө эртний Египетчүүд арванхоёрдугаар сарын хамгийн богино өдөр урт удаан амьдралыг бэлгэдэж, гэртээ далдуу модны ногоон навч авчирдаг байлаа. Ромчууд өвлийн баяраар газрын бурхнаа магтан дуулж орон гэрээ ногоон навчаар чимдэг байжээ. Мэргэч төлөгчид царс модны мөчирт алтан алим өлгөдөг байсан аж. Дундад зууны үед улаан алим өлгөсөн мөнх ногоон мод арванхоёрдугаар сарын 24-нд тэмдэглэдэг байсан байна.. Энэ нь Адам, Евагийн баярын бэлэг тэмдэг болдог байв.
Зул сарын модны тухай анхны бичвэр XVI зуунд хамааралтай. Германы Страсбург хотын иргэд уламжлалт ёсоор өвөл гацуур модыг өнгийн цаас, алим, жимс, ногоо, сарнайгаар чимэглэдэг байсан гэдэг. Удалгүй энэ уламжлал Европ даяар тархжээ. Харин Англид уг уламжлал гуравдугаар Георгийн эхнэр Герман гүнжийн ачаар орж ирсэн юм. Тэрбээр Английн хаан ордны анхны гацуурыг зассан билээ. АНУ-д энэхүү уламжлалыг Германы цагаач иргэд авчирсан гэдэг. 1804 онд Дирборн буюу одоогийн Чикаго хотод бэхлэлтэд байсан Америк цэргүүд Зул сарын баяраар зэргэлдээх ойгоос гацуур огтлон авчирчээ. Харин 1840 онд Винзорт хатан хаан Виктория, Герман нөхөр Алберт Кобургскийн хамт хүхүүдэд зориулж гацуур зассан байна. Манай хөрш ОХУ-ын хувьд зул сарын гацуур мод 1840-өөд оны үед дэлгэрсэн аж.
1842 онд Америкийн Вильямсбург, Виржини, Чарльз Миннегрод хотод мод чимэглэх эд зүйл худалдаалж эхэлсэн түүхтэй. 1851 онд Марк Карр гэгч эр Нью-Йоркийн гудамжинд хоёр тэрэг дүүрэн гацуур мод авчирч наймаалсан нь АНУ-ын түүхэнд анх удаа гацуур мод худалдсан явдал юм. Тус улсын 14 дэх Ерөнхийлөгч Ф.Пирс Цагаан ордонд Зул сарын гацуур мод засах уламжлалыг нэвтрүүлжээ.
Мөн гацуур мод Мусульман шашинтай орнуудад ч нэвтэрч амжжээ. Жишээлбэл: 1960-аад орны үед Ираны нийслэл Тегеран болон Марокко улсад гацуур чимэглэсэн байна. Дэлхийн хоёрдугаар дайнаас өмнө Туркэд гацуур мод засаж байсан боловч ой модыг хамгаалах зорилгоор 1936 онд К.Ататюрк хориг тавив.
Гацуур мод нь эрт дээр үеэс л элбэг дэлбэг, сайхан амьдралын бэлгэ тэмдэг болсоор ирсэн. Мөн бусад моддын дотор ямагт онцгой байр эзэлж иржээ. Түүнийг амьдралын бэлэгдэл, үхэшгүй мөнхийн мод гэж үздэг байв. Гацуур мөнх ногоон байдаг болохоор түүнд ямар нэг ид шид нуугдан байдаг хэмээн итгэдэг байв. Иймээс шинэ жилийн баярыг мөнх ногоон гацууртай холбон ид шидийн баяр гэж онцгойлон үздэг аж.