Та бидний сайн мэдэх “Тамгагүй төр” жүжгийн Эгэрэг, “Мандухай цэцэн хатан” киноны Ибрай тайш тэргүүтэй тайз, дэлгэцийн 200 шахам дүрийг урлан бүтээж, театр, кино урлагт өөрийн орон зай, өнгө төрх, бүтээл туурвилын арга барил бий болгож, ахмад үеэ залгамжлан, өөрийн үеийнхнээ манлайлж, залуу үеэ үлгэрлэн хөдөлмөрлөж, театр болон драмын урлагийг гадаад, дотоодод сурталчлах, ард түмнийг соёл, урлагаар соён гэгээрүүлэх, залуу уран бүтээлчдийг сурган хүмүүжүүлэх, бэлтгэх зэрэг их үйл хэрэгт хүчин зүтгэж байгаа Ардын жүжигчин Пүрэвдоржийн Цэрэндагва Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.
Мөн “Гамлет” жүжгийн Офелия, “Атга нөж” жүжгийн Өүлэн эх, “Мандухай цэцэн хатан” киноны Мандухай тэргүүтэй тайз, дэлгэцийн 100 гаруй дүрийг урлан бүтээхийн зэрэгцээ театрын удирдлага, зохион байгуулалт, урын сангийн бодлогыг оновчтой удирдан тодорхойлж, тайз, дэлгэцийн урлагийн залгамж халаа, мэргэжлийн уран бүтээлчдийг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, ард түмнээ соён гэгээрүүлэх зэрэг их үйл хэрэгт хүчин зүтгэж байгаа Ардын жүжигчин Намсрайн Сувд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.