Иргэний нисэхийн ерөнхий газраас ирэх есдүгээр сарын нислэгийн хуваарийг танилцууллаа. Ирэх сард нийт 29 удаагийн тусгай нислэг үйлдэхээр төлөвлөжээ. Гадаадаас ирэх хүсэлтэй иргэд нислэгийн хуваарийн дагуу тасалбар захиалахдаа агаарын тээвэрлэгчдэд шууд хандах юм байна.
Тусгаарлагдах шаардлагагүй буюу вакцинд бүрэн хамрагдаад 14 хоносон, коронавирусийн халдвар аваад эдгэрсэн иргэдийг тээвэрлэн авч ирэхээр болбол тээвэрлэгч компани Улсын онцгой комисст хүсэлт гаргаж нэмэлт нислэг үйлдэх боломжтой ажээ. Харин тусгаарлах байрны хүрэлцээнээс илүү хүн тээвэрлэж авч ирсэн тохиолдолд гарах зардлыг тээвэрлэгч компани өөрөө хариуцах юм байна.