“КОВИД 19”-ийн халдвар авсан, гэртээ тусгаарлагдан эмчилгээ хийж байгаа амьжиргааны түвшнээс доогуур амьдралтай, хүнс болон эм хангамж гэх мэт нэн яаралтай тусламж хэрэгтэй байгаа айл өрх, өндөр настан, хүүхдүүдэд тусламж үзүүлэх зорилго бүхий “УЛААН БҮС” зорилтот төслийг “Эрүүл Энхийн Түүчээ ТББ”-аас санаачлан зохион байгуулж хэрэгжүүлсээр байгаа билээ.
Өнөөдөр энэхүү #УлаанБүс аянд “JCI байгууллага” болох Дэлхийн хэмжээнд залуу удирдагчид, ажил хэрэгч хүмүүсийн сайн дурын үндсэн дээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагын JCI Ikh khuree “JCI Их Хүрээ салбар”-ийн сайхан сэтгэлт залуус нэгдэж 1 000 000 төгрөг хандивласан байна.
Мөн энэ талаар дуучин С.Гантогоо өөрийн Facebook PAGE хуудаснаа:
“Ер нь JCI байгууллага бол нийгэмд тулгарч байгаа маш олон асуудалд бодитойгоор хандаж байнга санаачилга гарган бусдыг уриалж, зүгээр л хэлээд орхихгүй хэрэгжүүлж байдаг гайхалтай байгууллага гэдгийг хэлмээр байна.
Гишүүний хувьд ЖиСиАй ИХ ХҮРЭЭ салбарынхаа сайн үйлстэн залуус та нартаа тус аяныг санаачилж, хамтран ажиллаж буй Эрүүл энхийн түүчээ ТББ болон Үдшийн хэмнэл студи залуусын өмнөөс талархаж байгааг минь хүлээн авна уу.” хэмээн нийтэлжээ.