Б.ХИШИГЖАРГАЛ: Хагас бие даасан байдалд шилжсэн тул ирэх онд эмч, ажилчдынхаа цалинг 50 хүртлэх хувь нэмнэ

Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Анагаах ухааны доктор, Тэргүүлэх зэргийн эмч Б.Хишигжаргалтай ярилцлаа.

-Сайн байна уу. Хоёр хоногийн өмнө эмч, ажилчдынхаа цалинг нэмэгдүүлэхээр болсон. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Сайн байна уу. Манай УНТЭ нь 2020 оны дөрөвдүгээр сараас эхлэн хагас бие даасан байдалд шилжин ажиллаж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлтүүд орсон. Энэ оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн эмнэлгүүд гүйцэтгэлээрээ санхүүждэг даатгалын шинэ журмаар ажиллаж байна. Энэ бүх хууль, эрхзүйн өөрчлөлтийн хүрээнд манай эмнэлэг нь нийт эмч, эмнэлгийн ажилчдынхаа цалинг үе шаттайгаар нэмж, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилт тавин ажиллаж байна. УНТЭ нь ТУЗ-аас баталсан 824 ажилтантай бөгөөд 483 хэвтэн эмчлүүлэх ортойгоор үйл ажиллагаагаа явуулдаг. УНТЭ 2020 онд хагас бие даасан байдалд шилжин ажиллаж эхлэх үедээ цар тахлын улмаас олон удаагийн хөл хорио тогтоосонтой холбоотойгоор үндсэн тусламж үйлчилгээгээ төлөвлөсний дагуу үзүүлж чадаагүйн улмаас эмнэлэг 2020 оны санхүүгийн тооцоогоор 653 сая төгрөгийн  өглөгтэй гарсан. 2021 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлангаар манай эмнэлэг санхүүгийн хувьд ашигтай ажиллаж он дамжиж ирсэн өглөгөө бүрэн төлж барагдуулсан.  Тиймээс бид энэ хэцүү цаг үед цар тахлын эсрэг зогсолтгүй тэмцэж байгаа эмч, эмнэлгийн ажилчдынхаа цалинг 20 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан юм.

Бид он дуустал эмнэлгийнхээ борлуулалтыг нэмэгдүүлэх чиглэлд түлхүү анхаарч ажиллах бөгөөд оны эцэст болон 2022 оны эхний хагаст гэхэд цалин, урамшууллаа 50 хүртэлх хувиар нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байна.

-Танай эмнэлгийн хувьд үйл ажиллагаа нь доголдож байгаа тасаг нэгж байна уу?

Цар тахлын үед УНТЭ болон бусад нэгдсэн эмнэлгүүд  хүний нөөцийн хомсдолтой байгаа хэдий ч зөв менежменттэй ажилласнаар хүнд цаг хугацааг хүндрэл багатайгаар даван туулж байна. Цар тахал анх Монгол Улсад дэгдсэн үеэс бүх эмнэлгийн байгууллагууд өөр, өөрийн менежментийг хийж ажиллаж байна. Хуучин эмнэлэг гэдэг энэ том байгууллагад эмч, үйлчлүүлэгч нь холилдоод л явдаг байсан бол өнөөдөр тэр байдал бүрэн утгаараа өөрчлөгдсөн. Өнөөдөр бид эмнэлгийг таван хэсэгт тусгаарлаж ажиллаж байна. Амбулаторийн эмч нар болон үйлчлүүлэгчид хэвтэн эмчлүүлэх тасагруу орохгүй, хэвтэн  эмчлүүлэх хэсэг нь улаан бүс буюу Ковидын бүс, ногоон бүс буюу бусад тусламж үйлчилгээг явуулах хэсэг болон хуваагдсан. Үүнээс гадна хүлээн авах хэсэг ч гэсэн халдвартай болон халдваргүй иргэнийг тус тусад нь хүлээн авч, дундын бүс буюу шинжилгээний хариу гартал хүлээх, эргэлзээтэй өгүүлэмжтэй иргэнийг байрлуулах хэсгийг гаргасан.  Ингэснээр ард иргэдэд илүү аюулгүй үйлчлэх боломж бүрдсэн.

Өнгөрсөн хугацаанд эмнэлгийн үндсэн тусламж үйлчилгээ хэвийн, ямар нэг доголдолгүй иргэдэд үйлчилж, эмч, эмнэлгийн ажилчид шат шатандаа хичээн ажилласаар байна. Жишээ нь бид цусны бүлэг өөр донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийлээ, кадавр донороор элэг бөөр шилжүүлэн суулгах эмчилгээнүүдийг амжилттай хийсээр байна. Үүнээс гадна донороос цусны үүдэл эс шилжүүлэн суулгах мэс заслыг хийхээр төлөвлөж бэлтгэл ажлаа хангаад байна.

Хэдийгээр цар тахалтай цаг үе хүнд хэцүү байгаа ч бид улсын төсвөөр эрхтэн шилжүүлэн суулгах төвийнхөө бүх тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлыг эхлүүллээ. Мөн чих хамар, хоолой болон эрүү нүүрний мэс заслынхаа тасгийн багаж тоног төхөөрөмжийг ЭМЯ санхүүжилтээр шинэчлэхээр болсон. Шинэ тоног төхөөрөмжүүдтэй болсноор өмнө нь хийх боломжгүй байсан олон мэс заслыг шинээр хийх боломж бүрдэх юм. Мөн дөрөвдүгээр давхрынхаа мэс заслын өрөөг бүрэн шинэчлэн олон улсын жишигт нийцсэн вакум мэс заслын өрөөнүүдийг улсын комисст хүлээлгэн өгсөн бөгөөд удахгүй ашиглаж эхэлнэ. Тус вакум мэс заслын өрөөний дотор тохижилтыг Монголын ипотекийн корпораци 79 сая төгрөгөөр тохижуулж өгч байгаа бөгөөд энэ завшааныг ашиглаад талархаж байгаагаа илэрхийлье. 

Arslan.mn

-Яаралтай тусламжийн болон эрчимт эмчилгээ үйлчилгээ ямар зохион байгуулалттайгаар хийгдэж байна вэ?

-Манай эмнэлгийн Яаралтай тусламж үйлчилгээний тасагт хоногт 80-100 иргэд хандаж, тусламж авдаг. Коронавирусийн цар тахал дотоодод тархсантай холбоотойгоор бид яаралтай тусламж, хүлээн авах тасгаа хоёр хэсэг болгон салгасан. Яаралтай тусламж-1 гэсэн хаалгаар сэжигтэй өгүүлэмжтэй үйлчлүүлэгчдийг, Яаралтай тусламж-2 хаалгаараа энгийн иргэдийг харьяалал харгалзахгүй хүлээн авч үйлчилж байгаа.

Мөн  Мэдрэлийн эмнэл зүйн төв дээрээ мэдрэлийн эрчимт эмчилгээний хэсгийг нээж ажиллуулж байна. Улс орнуудын эмнэлгийн чадавхийг нийт орны хэдэн хувийг эрчимт эмчилгээний ор эзэлж байна вэ гэдгээр нь үнэлдэг. Өмнө нь манай эмнэлгийн нийт хэвтэн эмчлүүлэх орны 2,4 хувийг л эрчимт эмчилгээний ор эзэлдэг байсан бол өнөөдөр энэ орны тоо нэмэгдэж, нийт орны 9 хувийг эрчимт эмчилгээний ор эзэлж байна. Үүнээс гадна эрчимт эмчилгээний ор нь өмнө нь ганцхан нэгжид хамаардаг байсан бол өнөөдөр мэс заслын дараах, дотор, зүрх, мэдрэлийн гэж дөрвөн нэгжид хуваагддаг болсон. Энэ нь эмнэлгийн тусламж үйлчилгээ хэрэгтэй хүндээ түргэн шуурхай хүрч байгааг харуулж байна. Үүнээс гадна  Нөхөн сэргээх тасгаа иж бүрнээр нь засварлаж, удахгүй ашиглалтад оруулах гэж байна. Мөн Эрүү нүүрний мэс заслын тасгийг иж бүрэн шинэчлэхээр ажлаа эхлүүлээд явж байна.

2020 оноос эхлэн УНТЭ нь Мэдрэлийн болон Зүрхний мэс заслын тусламж үйлчилгээг нэвтрүүлсэн. Энэ жил тус үйл ажиллагаагаа улам өргөжүүлж, өмнө нь манай эмнэлэгт хийгдэж байгаагүй зүрх, тархины нээлттэй мэс заслыг хийж эхлээд байна.

Өнгөрсөн жил манай эмнэлэгт шинэ технологи болох БиПлан ангиографийн аппаратыг суурилуулсан бөгөөд тус аппаратын тусламжтайгаар мэдрэл, элэг, зүрхний судасны оношилгоо, эмчилгээг нийтдээ 700 гаруй тохиолдолд амжилттай хийгээд байна. Мөн хэвлийн хөндийн мэс засал, цээжний хөндийн мэс засал гэх мэт ажилбаруудаа дараагийн шатанд хөгжүүлж, шинэ эмчилгээний арга, технологиудыг судалж байна.

-Цар тахлын үед эмнэлгүүд ор дэлгэн ажиллаж байгаа. Тэгвэл танай эмнэлэгт нийт хэдэн ор дэлгэсэн байгаа вэ?

-Эрүүл мэндийн сайдын А/318 тоот тушаалаар анх манай эмнэлэгт коронавирусийн өвчний үед хэрэглэх 80 орыг дэлгэсэн. Тэгэхдээ нөхцөл байдал хүндэрсэн, манай эмнэлгээр үйлчлүүлэх хүмүүсийн хүсэлтээр бид ороо нэмж, өнөөдрийн байдлаар нийт 176  орыг зөвхөн коронавирусийн халдвар авсан хүмүүст зориулан дэлгээд байна. Тэгсэн хэдий ч зөвхөн манай эмнэлгээр үйлчлүүлдэг буюу эрхтэн солиулах мэс засалд орж  дархлаа дарангуйлах эм уудаг, цусны хавдартай, бөөрний дутагдалтай хүмүүс халдвар авч бие нь хүндрэх тохиолдол их байна. Тиймээс бид дэлгэсэн орнууд дээрээ хүнд өвчинтэй хүмүүсээ түлхүү авах тал дээр анхаарч байна. Мөн бусад эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад хүндрэх, дөнгөж амаржсан эхчүүд ч манай эмнэлэгт хандах нь их байна. Манай эмнэлэгт уушиг түр орлуулах ЭКМО аппарат байдаг бөгөөд манай баг өнгөрсөн хугацаанд нийт 20 орчим хүнийд тус аппаратын тусламжтайгаар тусламж үйлчилгээ үзүүлээд байна.

-Цаашид УНТЭ эмнэлэг санхүүгийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээний хүчин чадлаа нэмэгдүүлэх боломжтой юу. “Хагас бие даасан байдал” менежментийн онцлог нь юу гэж харж байна вэ?  

-Хагас бие даасан байдлыг зарим иргэд эмнэлэг хувьчлагдчихлаа гэж буруу ойлгох нь бий. Хагас бие даасан байдалд шилжсэнээр эмнэлэг өөрийнхөө нөөц бололцоог ашиглаж, тусламж үйлчилгээгээ үзүүлэх боломжийг бүрдүүлж өгч байгаа юм. Өмнө нь эмнэлгүүдэд Сангийн яамнаас ажилчдын цалин, засвар үйлчилгээ, эм эмнэлгийн хэрэгсэл авах төсвийг тавиад өгчихдөг, бид түүндээ л тааруулж эмчилгээ, үйлчилгээгээ үзүүлдэг байсан бол гүйцэтгэлээрээ санхүүжих, хагас бие даасан байдалруу шилжсэнээр эмнэлэг аль илүү салбараа бренд болгон хөгжүүлэх, түүгээрээ эмчлүүлэгч, үйлчлүүлэгчээ татах, бусад тусламж үйлчилгээгээ өргөжүүлж хөгжүүлэх боломжтой болсон.

Мөн шинэ шинэ технологийг нэвтрүүлэх, эмч, эмнэлгийн ажилчидынхаа цалин нэмэх боломжтой болж байгаа.

Үүнээс гадна гүйцэтгэлээрээ санхүүжих буюу ЭМД-ийн 03 дугаар тоот тогтоолоор бүх оношийн хамааралтай бүлгүүдээрээ үнэлгээтэй болж өгсөн. Энэ үнэлгээ зарим эмчилгээ, үйлчилгээн дээр дутуу тавигдсан ч юм уу, эсвэл эмчилгээ үйлчилгээг илүү өргөжүүлээд хийлгэхээр санхүүжилт хүрдэггүй асуудлууд байгаа. Бид ЭМДЕГ болон төслийн багт хэлж ойлгуулаад аль болох орчин үеийн хөнөөл багатай эмчилгээ, мэс заслын тусламж үйлчилгээг хийхийг зорьж байна. Мөн 2020 онд манай эмнэлэгт байгуулагдсан амбулаторын буюу хоёрт талт эмийн сангийнхаа үйл ажиллагааг өргөжүүлж, хөнгөлөлттэй үнээр иргэдэд эмээ авах боломжийг бүрдүүлсэн. Эмийн сангийн үйл ажиллагаа өргөжсөнөөр эмнэлгийн санхүүгийн үйл ажиллагаанд маш том дэм болно. Мөн Эрүүл мэндийг Дэмжих төв буюу эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн төвийнхөө үйл ажиллагааг өргөжүүлж, улсын болон хувийн томоохон аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, урьдчилан сэргийлэх үзлэг болон шаардлагатай тохиолдолд манай эмнэлгийн VIP тасаг буюу төлбөртэй тасгаар үйлчлүүлэх боломжийг нэмэгдүүлсэн.

-Цар тахлын үед ажиллаж байгаа эмч нар халдвар авах нь нэмэгдсэн. Үүн дээр эмнэлэгийн зүгээс ажилчиддаа чиглэсэн ямар ажлуудыг хийж байна вэ?

-Эмнэлэг нь хамгийн эрсдэлтэй бүс учир  эмнэлгийн эмч, ажилчид ажлын байран дээрээ халдвар авах нь нэмэгдсэн. Тиймээс бид халдвар авсан ажилчдаа эмнэлэгтээ нэмэлт ор дэлгэн хэвтүүлэн эмчилж байна. Өнгөрсөн хугацаанд 70 гаруй ажилтанаа эмчилсэн бөгөөд ажилчид маань ч эмнэлгийн удирдлагын зүгээс гаргасан уг шийдвэрт баяртай байгаа. Мөн улаан бүсэд 14 хоног тусгаарлагдан ажиллаж байгаа ажилчдынхаа амрах хэсэг буюу ногоон бүсийг өөрийн эмнэлгийн хамгийн үнэ цэнэтэй тасаг болох VIP тасагт амрааж, амин дэмээр тогтмол хангаж, эрч хүчтэйгээр ажиллах боломж нөхцөлийг нь бүрдүүлсэн. Улаан бүсэд ажиллаж байгаад гарч ирсэн ажилчдаа өөрсдийн хүсэлтийг нь үндэслэн зочид буудалд долоо хоног тусгаарлалтанд байлгаж байна.  

Энэ мэт УНТЭ-ийн удирдлагууд эмч, ажилчдынхаа эрүүл мэнд, сэтгэл санааны байдалд тогтмол анхааран тэднийхээ хүсэл, шаардлага бүрийг боломжтой бүхий л хэлбэрээр биелүүлэхийг хичээн ажиллаж байна.

-Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг гадаад хамтын ажиллагаандаа хэрхэн анхаарч байна вэ?

-Манай эмнэлэг БНСУ-ын хэд хэдэн томоохон эмнэлгүүд болон Герман, АНУ, Тайвань гэх мэт улсын эмнэлгүүдтэй олон жил хамтран ажиллаж ирсэн. Цар тахал дэгдсэн цаг мөчөөс хойш бид гадаад хамтын ажиллагаагаа орхигдуулалгүй тогтмол цахим уулзалт, сургалтуудыг зохион байгуулж эмч, ажилчдаа хамруулсаар ирсэн.

Яг өнөөдрийн байдлаар манай эмнэлгийн нэг эмч БНСУ-д Зүрхний хэм алдагдлын мэс заслын тусламж үйлчилгээний чиглэлээр суралцаж байна. Цар тахлын нөхцөл байдал намжиж хэвийн амьдралын горимд шилжих үед бид эмч ажилчдаа гадаадад багаар нь олон төрлийн сургалтанд хамруулахаар одооноос бэлтгэлээ хангаж, судалгааны ажлуудаа эхлүүлээд байна. Аливаа нэг шинэ эмнэлгийн тусламж үйлчилгээг нэвтрүүлэхэд багийн ажиллагаа хамгийн чухал бөгөөд бид багаар нь сургах чиглэлд түлхүү анхаарч байна.

-Баярлалаа

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү