Өнөөдөр АНУ-ын сурагч Samantha Smith ЗХУ-д айлчилсан өдөр

Хүйтэн дайны ид үед буюу 1983 оны 07-р сарын 07-ны өдөр Москва хотын олон улсын нисэх буудалд ЗСБНХОУ-ын комунист намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Юрий Владимирович Андроповын урилгаар АНУ-ын Manchester Elementary School-ийн сурагч Саманта Смит эцэг, эхийн хамт газардсан юм.
214373006_5718478074889884_956191307622777956_n
 
Тэрээр Адроповын зочноор 14 хонохдоо Москва, Ленинград хотуудад зочилж, Зөвлөлтийн хүүхдүүдийн хамгийн том зуслан болох Артек зусланд амарсан юм. Смит өөрийн аялалын тухай дурсамж номондоо Ленинград хотын иргэд маш найрсаг, зочломтгой угтаж, түүнд олон төрлийн бэлэг өгч байсан нь гайхалтай басныг бичсэн байдаг. Мөн Москвад болсон хэвлэлийн бага хурлын үеэр “Зөвлөлтийн хүмүүс яг бидэн шиг юм” гэж хэлсэн байна.
Артект амрах үедээ тэрээр өөрт нь зориулан тусгайлан бэлдсэн байрнаас татгалзаж бусад хүүхдүүдтэй ялангуяа Орос хүүхдүүтэй хамт байхыг сонгосон бөгөөд харилцааны хувьд хялбар төхөмийг бодон Англиар ярьдаг багш нартай бүлэгт орсон. Тэрээр бусад 9 охинтой нэг тасагт байрлаж тэдэнтэй хамт усанд сэлж, ярилцаж, тоглож, орос дуу, бүжиг сурах зэргээр цагийг өнгөрүүлсэн байна. Артект тэрээр олон найз нөхөдтэй болсон бөгөөд тэдэн дундаас Ленинградаас ирсэн англиар чөлөөтэй ярьдаг Наташа Каширинатай илүү дотно нөхөрлөж байж.
 
Түүнийг 07-р сарын 22-нд нутагтаа очиход АНУ-ын зүүн хойд бүсд орших Мэйн мужийнхан нь цэцэг, улаан хивс, лимүзэнтэй угтаж авсан бөгөөд түүний нэр хүнд улс орон даяар өсч байлаа. Гэвч зарим нэг хүмүүс түүнийг ЗСБНХОУ-ын амьд суртал ухуулгын хэрэгсэл болчихлоо гэж дүгнэж байж.
Яагаад Саманта Смитийг Андропов урих болсон бэ? Багш, нийгмийн ажилтнуудыг гэр бүлд хүмүүжиж байсан Саманта охин 1982 оны 11 сард 10 настайдаа Зөвлөлтийн удирдагч Андроповд захиа бичин ЗХУ, АНУ-ын харилцаа яагаад ийм хурцадмал байдгийг ойлгохыг хүссэн юм.
Захианд:
“Эрхэм хүндэт ноён Андропов,
Миний нэр Саманта Смит. Би 10 настай. Шинэ ажилд тань баяр хүргэе. Би ЗХУ ба АНУ-ын хооронд цөмийн дайн болох вий гэж санаа зовж байна. Та дайн хийх эсэх тал дээр ямар саналтай байгаа вэ? Хэрэв та дайны эсрэг саналтай байгаа бол үүний төлөө юуг хийх гэж байгаагаа надад хэлээч. Энэ асуултанд та хариулахгүй ч байж болно, тэгэхдээ хэрэв та хүсвэл бич бас хүсч байгаа шүү. Та яагаад дэлхийг үгүй юмаа гэхэд манай улсыг байлдан дагуулахыг хүсч байна вэ? Бурхан бидэнд дэлхийг бүтээж өгөхдөө бусадтай хуваалцан, бие биенээ халамжлахыг хүссэн. Түүнээс хэсэг бүлэг нь бүгдийг эзэмшээд бусадтайгаа тэмцэх шаардлагагүй байх. Хүн бүр хүссэнээ хийгээд аз жаргалтай амьдарцгаая. Саманта Смит” гэсэн байв. Түүний энэ захидал нь тухайн үеийн төв хэвлэл “Правда” сонинд нийтлэгдсэн боловч Самантад хариу ирээгүй юм. Тэрээр захианд нь хариу өгөх эсэхийг лавлаж өгөхийг хүссэн захиаг АНУ-д суугаа ЗХУ-ын элчин сайдад бас бичив.
 
Эцэст нь 1983 оны 04-р сарын 26-нд ноён Андроповоос хариу захиа ирсэн юм. Захианд “Захидал бичсэнд талархаад Самантаг Марк Твейний номонд гардаг Том Сойерын найз Беккитэй адил зоригтой, үнэнч охин байна гэдгийг үнэлээд Зөвлөлтийнхөн бид 40 гаруйхан жилийн өмнө дэлхийг эзлэх гэсэн аймшигт дэглэмийн эсрэг байлдаж их хохирол амссан, энэ дайнд танай улс ч бидэнтэй хамтран оролцож байсан түүхийг та нар хичээл дээрээ үзсэн байх. Тиймээс бид дайныг огтхон ч хүсдэгггүй, үй олноор хөнөөх цөмийн зэвсгийг бууруулах цаашид бүүр устгах тал дээр байр суурьтай байгаа.
 
Зөвлөлтийн бүх иргэд олон улстай найрамдалт харилцаа, хамтын ажиллагаатай байж /ялангуяа АНУ шиг том улстай/ том, жижиг ямар ч дайныг хүсдэггүй. Одоо урин дулаан цаг ирж байгаа тул хэрэв эцэг, эх чинь зөвшөөрвөл та бүхэн манай улсад айлчлан биднийг яаж амьдарч байгааг өөрийн биеэр үзэж манай олон улсын хүүхдийн Артек зусланд амрахыг урьж байна. Ю.Андропов” гэсэн байв. /Захидлыг утгачлан товчилсон болно/
 
Саманта “Америкийн хамгийн залуу элчин сайд”-ын ажлаа үргэлжлүүлэн Японы элчин сайд Yasuhiro Nakasone-ийн урилгаар тус улсад очин Кобэ хотд болсон олон улсын хүүхдийн симпозиумд оролцсон юм. Тэрээр симпозиумын үеэр “хэн ч охиныхоо зочилсон улсыг бөмбөгдахийг хүсэхгүй” гэж хэлээд ЗХУ, АНУ жил болгон 14 хоног хүүхдүүдээ солилцуулан аялуулж байхыг уриалжээ. Энэ уриалгын хүрээнд 11 настай орос охин Катя Личева АНУ-д айлчилж байжээ.
Тэрээр удалгүй “ЗХУ-д хийсэн аялал” нэртэй ном бичжээ. Тухайн номны хамгийн гоё хэсэг нь Артект амрах үеиин тухайх хэсэг байсан байна.
214724838_5718478128223212_8510623216270352933_n
 
Харамсалтай нь 1984 оны 08-р сарын 25-ны өдөр Саманта аавын хамт ТВ-ийн зураг авалтын дараа буцаж явах үедээ нисэх зурвасын ойролцоо мод шүргэн осолдсон Beechcraft 99 онгоцны ослын улмаас амь үрэгдсэн юм. Уг ослын үеэр нийт 6 зорчигч, нисэх багийн хоёр гишүүн бүгд амь үрэгдсэн байна. Мэдээж түүний ослыг маш их улс төржүүлж ЗХУ-ын зүгээс санаатай аллага гэсэн хандлага их байсан боловч мэргэжлийнхний шинжилгээний хариугаар орой 22:05 цагийн орчимд бороотой байсан тул газарын радарын алдаанаас болсон санаандгүй осол болохыг нотолсон тайланг олон нийтэд хүргэж байсан байна.
Саманта Смит охины айлчлал нь хүйтэн дайны түгшүүрийг бууруулж, хоёр улсын хоорондын ойлголцолд тодорхой дэвшил гаргасан хэмээн үздэг юм.
Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү