Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор ЦЕГ, ОБЕГ, ЦУОШГ-аас хамтран мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баттулга "Гол усанд амь эрсэдсэн тохиолдол бүрд цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгадаг.
Энэ жилийн хувьд найман хүүхэд голын усанд живж нас барсан. Хүүхэд тус бүрийн нас барсан шалтгаан нөхцөлийг тогтооход эцэг, эхийн хараа хяналтгүй, хайхрамжгүй байдлаас болсон байсан. Эдгээр хүүхэд 1-5 насных бөгөөд гол ус руу асран хамгаалагчтайгаа л явсан байж таарна.
Сүүлийн 10 жилд 230 хүүхэд гол усанд амь насаа алдсан гэх харамсалтай тоо байна. Энэ ярьж байгаа тоо баримт манай гэр бүлд тохиолдох вий гэж иргэд анхаарах хэрэгтэй.
Удахгүй наадмын амралтын өдрүүд үргэлжлэх гэж байна. Аялал зугаалга хүний амьдралд заавал байх ёстой зүйл үү гэвэл биш. Байлаа гэхэд аюулгүй байдлаа бодоод гол усны ойролцоо аялж, зугаалахгүй байж, үер усны аюулаас сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг анхааруулъя” гэлээ.
Мөн хүүхдээ үл хайхарсан эцэг эхчүүдтэй холбогдох дараах зүйл заалт байдаг гэдгийг нэмж онцлов.
Эрүүгийн хуулийн 16.11 дүгээр зүйл. Хүүхдийг асран хамгаалах үүргээ үл биелүүлэх
- Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас хүүхдийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
- Энэ гэмт хэргийн улмаас хүүхдийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
- Энэ гэмт хэргийн улмаас хүүхэд нас барсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.