Эрх баригч нам 100 жилийн ойн босгон дээр Өршөөлийн хуулийг санаачилж, олон хүнийг хамруулах тухай яриа ам дамжин удаан хугацаанд яригдсан. Тэдний Өршөөлийн хуулийг хүлээсэн хүмүүс ч олон бий. Тэгвэл Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Өршөөлийн хуулийг хэлэлцжээ. Ингэхдээ өршөөлд ямар хүмүүс хамрагдах, хамрагдаж болохгүй байх, Өршөөлийн хууль батлах үндэслэлүүдээ хуулийн төсөлд тусгасан байна.
УИХ нийтдээ зургаан удаа Өршөөлийн хуулийг санаачилж, баталжээ.
- 1991 онд 1321
- 1996 онд 200
- 2000 онд 985
- 2006 онд 2318
- 2009 онд 2440
- 2015 онд 3671 ялтныг өршөөж суллажээ.
2021 оны зургадугаар сарын 28-ны байдлаар хорих ангид нийтдээ 4175 хоригдол байгаагаас цагдан хорих таслан сэргийлэн арга хэмжээ авагдсан 1045, баривчлах шийтгэл эдэлж буй 177, хорихоос өөр төрлийн ялаар 3669, албадлагын арга хэмжээ авагдсан 3984, нийт 13050 хоригдол ял эдэлж байгаа бөгөөд нэг хоригдолд өдөрт 6000-8000 хоолны зардал гаргадаг аж.
Хуулийн төслийг 2021 оны долдугаар сарын 1-ээс өмнө хэрэгжүүлэхээр төсөлд тусгажээ.
ӨРШӨӨЛД ХАМРАГДАХ
Ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоосон гэмт хэргийн хохирлын тодорхой хувийг нөхөн төлж, бусад хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх, өршөөлд хамруулахгүй болон ялаас хасах, хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солихоор зааснаас бусад хөнгөн гэмт хэрэг үйлдэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу тэнссэн, 7.6 дугаар зүйлд заасан хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан, 8.6 дугаар зүйлд заасан өсвөр насны хүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацааг тус тус өршөөн хэрэгсэхгүй болгоно.
ЭРҮҮГИЙН ХУУЛЬ:
6.7 дугаар зүйл.Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх
- 1.1.энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх
- 1.2.энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх
7.1 дүгээр зүйл.Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх
- 1.Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.
- 2.Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн, эсхүл хорих ялын дээд хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн гэмт хэрэг үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй.
- 3.Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно.
- 4.Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна.
- 5.Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.
- 6.Тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэнэ.
- 7.Тэнссэн хугацаанд гэмт хэргийн хохирлыг бүрэн төлж шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлж эрхийн хязгаарлалтыг зөрчөөгүй ба цаашид үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж үзвэл прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацааг дуусахаас өмнө ялаас чөлөөлж болно.
- 8.Тэнсэх хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг, тогтоосон хязгаарлалтыг зөрчөөгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх ял оногдуулахгүй.
- 9.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлж тэнсэгдсэн хүн хохирлоо нөхөн төлөх хугацааг шүүх тогтооно.
7.6 дугаар зүйл.Хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах
- 1.Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно. Энэ хугацаанд ялтанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хяналт тавина.
- 2.Ялтан хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай шүүгч захирамж гаргана.
- 3.Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд уг этгээд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулна.
- 4.Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг, тогтоосон хязгаарлалтыг зөрчөөгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх ялаас чөлөөлнө.
8.6 дугаар зүйл.Өсвөр насны хүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах
- 1.Шүүх анх удаа энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно.
- 2.Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан өсвөр насны хүн шүүхээс тогтоосон хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай шийдвэр гаргана.
- 3.Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд уг этгээд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулна.
- 4.Өсвөр насны хүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг, тогтоосон хязгаарлалтыг зөрчөөгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх ялаас чөлөөлнө.
ЭРХЭЭ ХАСУУЛСАН ЖОЛООЧ, БӨХЧҮҮДИЙГ ӨРШӨӨНӨ
Түүнчлэн Эрүүгийн хуульд зарим гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээсэн хоригдлын оногдуулсан ялаас, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасахаар тусгасан бөгөөд хорихоос өөр төрлийн ял оногдуулсан бол торгох ялын арван таван нэгжийг, нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг, зорчих эрхийг хязгаарлах ялын 1 өдрийг хорих ялын нэг хоногоор тооцож ялтны ялаас дүйцүүлэн хасна.
Мөн 2021 оны долдугаар сарын 1-ний өдрөөс өмнө Үндэсний их баяр наадмын тухай хууль тогтоомжид заасны дагуу үндэсний бөхийн барилдаан болон сур харваанд оролцох эрхээ хасуулсан бөх, сурын харваачийн үндэсний их баяр наадамд оролцох эрхийг нэг удаа өршөөн сэргээхээр тусгасан.
Тус хууль нь 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 24 цаг 00 минутыг хүртэл хугацаанд 2002 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хууль болон 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг болон Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд хамаарахаар тусгасан.
ӨРШӨӨЛД ХАМРАХГҮЙ
Өршөөлд хамруулахгүй зааснаас бусад Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдэж оногдуулсан торгох, баривчлах шийдвэрийг гүйцэтгээгүй байгаа, эсхүл хэсэгчлэн гүйцэтгэсэн бол үлдсэн хэсгийг нэг удаа өршөөн чөлөөлөхөөр, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд холбогдуулан нээсэн зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгохоор тусгасан.
Өршөөлд хамааруулахгүй гэмт хэргийг тодорхой тусгаж, хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хуулийн 7.4, 7.5, 9.4, 9.5, 9.6 дугаар зүйл заасны дагуу хэрэглэсэн албадлагын арга хэмжээг өршөөлд хамааруулахгүй.
Эрүүгийн хууль:
- 7.4.Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна.
- 7.5.Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.
9.4 дүгээр зүйл.Эрх хасах албадлагын арга хэмжээ
- 1.Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд нэг жилээс найман жил хүртэл хугацаагаар хуулийн этгээдэд нэг, эсхүл хэд хэдэн төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлах, эсхүл эрх хасах албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.
9.5 дугаар зүйл.Татан буулгах албадлагын арга хэмжээ
- 1.Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд хуулийн этгээдийг татан буулгах албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.
- 2.Хуулийн этгээдийг татан буулгасан тохиолдолд хөрөнгө, орлогыг хураан авч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, үлдсэн хөрөнгийг улсын төсөвт шилжүүлэх асуудлыг шүүх шийдвэрлэнэ. 3.Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар нь гэмт хэрэг үйлдсэн бол салбар, төлөөлөгчийн газрыг татан буулгаж болно.
9.6 дугаар зүйл.Хуулийн этгээдийн хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ
- 1.Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хуулийн этгээдийн ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.
- 2.Хуулийн этгээдийн хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ энэ хуулийн 7.5 дугаар зүйлд заасан журмыг баримтална.
Түүнчлэн ФАТФ-аас Монгол Улсыг “Саарал” жагсаалтад оруулсантай холбогдуулан Европын холбооны хар жагсаалт буюу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай, өндөр эрсдэлтэй гуравдагч улс орнуудын жагсаалтад оруулж байсан. Монгол Улс дээрх 2 жагсаалтад дахин орохгүйн тулд ФАТФ-ын зөвлөмжийн 3, 5, 35 болон шууд хэрэгжилтийн 7-д нийцүүлэн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, татвар төлөхөөс зайлсхийх, хулгайлах, дээрэмдэх, залилах, хөрөнгө завших, хүрээлэн байгаа орчны эсрэг зэрэг гэмт хэргүүдийг өршөөлд хамааруулахгүй байхаар тусгажээ.
Хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн 4.1, 4.2, 4.3, 4.4 дүгээр зүйлд заасны дагуу хэрэглэсэн албадлагын арга хэмжээг өршөөлд хамааруулахгүй бөгөөд хууль хэрэглэх журмыг тусгасан байна.
Зөрлийн тухай хууль:
4.1 дүгээр зүйл.Хөрөнгө, орлогыг хураах, шилжүүлэх
- 1.Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулж, зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хураана.
- 2.Хураасан хөрөнгө, орлогыг хохирол нөхөн төлөхөд зарцуулах, эсхүл устгах, шилжүүлэх эсэхийг холбогдох хуульд заасан журмын дагуу шийдвэрлэнэ.
- 3.Хуульд өөрөөр заагаагүй бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө, орлогоос хохирол нөхөн төлөхөд зарцуулж, үлдсэн хэсгийг улсын төсөвт төвлөрүүлнэ.
- Тайлбар: “Зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж зөрчил үйлдэн олж авсан мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, тэдгээрийг арилжаалж бий болгосон бусад эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, тэдгээрийг түрээслэх, ашиглах замаар олсон бүх төрлийн орлогыг ойлгоно.
4.2 дугаар зүйл.Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хураах
- 1.Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх бүхий албан тушаалтан зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, зэвсэг, хэрэгслийг хураана.
- 2.Зөрчил үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналгыг хураах, эсхүл түүний үнийг гаргуулах эсэхийг шүүх шийдвэрлэнэ.
- 3.Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл нь зөрчил үйлдсэн хүний амьжиргааны эх үүсвэр болсон эд зүйл, хэрэгсэл бол тэдгээрийг хураахгүй.
- 4.Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл гэдэгт зөрчил үйлдэхдээ ашигласан зэвсэг, хэрэгсэл, эд зүйл, тээврийн хэрэгсэл, уналга, зөрчилтэй бараа, бүтээгдэхүүн, эд зүйлийг ойлгоно.
4.3 дугаар зүйл.Хохирол, нөхөн төлбөр гаргуулах
- 1.Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдээс учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, зөрчлийн улмаас учирсан хохирол барагдуулах, хор уршгийг арилгах арга хэмжээнд зарцуулж, үлдсэн хэсгийг улсын төсөвт төвлөрүүлнэ.
- Тайлбар: Энэ бүлэгт заасан “эрх бүхий албан тушаалтан” гэж зөрчлийг шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтныг ойлгоно.
4.4 дүгээр зүйл.Албадан эмчлэх
- 1.Зөрчил үйлдсэн хүн донтох сэтгэцийн эмгэгтэй болох нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон бол шүүх түүнийг албадан эмчилгээнд хамруулахаар шийдвэрлэж болно.
- 2.Албадан эмчлэхтэй холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.
Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар хорих ялаар шийтгүүлсэн 4175 хоригдлоос 150 хоригдол ялаас бүрэн чөлөөлөгдөж, 371 хоригдлын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих, 188 хоригдлын хорих ялаас 2 жилийг хасч, өсвөр насны 25 хүн, нийт 709 хоригдол хорих ялаас чөлөөлөгдөж, 3466 хоригдол үлдэх бөгөөд зөвхөн тэдний хоол хүнсний зардлаас 1.7 тэрбум төгрөг хэмнэж, үлдсэн хоригдлыг хорих анги, байгууллагын хоригдлын байрны багтаамжид нийцүүлэн тараан байршуулж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой аж. Мөн хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн 3682 ялтнаас өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг үйлдэж торгох ял шийтгүүлсэн 118, нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн 6, эрх хасах нэмэгдэл ял шийтгүүлсэн 2, нийт 126 ялтан байгаа гэжээ.