Цар тахлын дараах эдийн засгийн идэвхжил зэсийн эрэлтийг нэмэгдүүлэх төлөвтэй байна. Үүнээс гадна зэсийн агуулах дахь нөөц бага байгаа нь ханшийг өсгөж, ирэх саруудад 13 мянган ам.долларт хүрэх боломжтойг зах зээлийн шинжээчид онцолжээ.
Зэсийн ханш өнгөрсөн сард түүхэн дээд амжилтыг шинэчлэн тогтоож, Лондоны металлын бирж дээр тонн нь 10724.5 ам.долларт хүрсэн билээ. Гэвч Хятадын Засгийн газраас түүхий эдийн ханшийг тогтворжуулах бодлого баримтлахаа зарласны дараа Лондоны металлын бирж дээр зэсийн ханш тонн нь 9868 ам.доллар болж буурав.
Лондоны металлын бирж дээр өнгөрсөн Ням гариг (2021.06.27)-ийн байдлаар тонн зэсийн үнэ 9432 ам.доллар байв.
“Bank of America”-гийн шинжээчид зэсийн ханшийн сулралт түр зуурынх бөгөөд зэсийн зах зээлд хаягдал зэсийн нийлүүлэлт нэмэгдэхгүй бол цаашид зэсийн агуулах дахь нөөц багасч, ханш нь 20 мянган ам.долларт хүрч болзошгүйг тэмдэглэжээ.
Энэ онд дэлхийн зах зээлд 186 мянган тонн зэсийн нийлүүлэлтийн хомсдол үүсч болзошгүй аж. Гэвч 2022 онд 369 мянган тоннд хүрч, түүнээс хойш нийлүүлэлт эрэлтээ давах төлөв ажиглагдаж эхэлжээ.
Ирэх жилүүдэд зэсийн нийлүүлэлт эрэлтээ давах төлөвтэй байна. Олон улсын зэсийн судалгааны группийн таамаглалаар, энэ онд дэлхийн зэсийн олборлолт 3.5 хувиар, ирэх онд 3.7 хувиар тус тус өсөх нь. Мөн тус групп 2021 онд дэлхийн зэсийн зах зээлд нийлүүлэлтийн илүүдэл 79 мянган тонн, ирэх онд 109 мянган тоннд хүрнэ гэж тооцоолжээ.
Ам.долларын ханш суларч байгаа нь зэсийн ханшийг өсгөх гол хүчин зүйл болж буйг зарим шинжээчид онцлов. Хятад улс түүхий эдийн ханшийн өсөлтийг тогтворжуулахаа мэдэгдсэн ч оновчтой шийдвэр гаргахгүй бол эдийн засгийн өсөлтөд тушаа болж болзошгүйг шинжээчид анхааруулжээ.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Хятадын зэсийн импорт өмнөх сараас 12.2 хувиар буурч, 484.9 мянган тоннд хүрсэн аж. Зарим үйлдвэрүүд түүхий эдийн ханш өссөний улмаас үйлдвэрлэлээ бууруулж, бараа татан авах хугацааг хойшлуулсан байна.
Хятад улс 2020 онд нийт 4.4 сая тонн цэвэр зэс импортолсон нь өмнөх оныхоосоо 38 хувиар буюу 1.2 сая тонноор өссөн үзүүлэлт аж. Хятадын Засгийн газар түүхий эдийн шууд худалдаа болон гэрээт худалдаанд хяналт тавихаар болжээ. Ирэх таван жилд гол түүхий эдийн ханшийн савлагаанаас хамгаалах бодлого баримталж ажиллах аж.
Түүхий эдийн ханшийн өсөлтийг тогтворжуулах талаар мэдэгдсэнээс хойш Хятадын дотоодын зах зээлд арматурын үнэ 3.6-3.9 хувиар, төмрийн хүдрийн үнэ 5.2 хувиар тус тус буурсан байна.
Хятад улс гангийн экспортыг хазаарлах зорилгоор өнгөрсөн дөрөвдүгээр сард 146 төрлийн ган бүтээгдэхүүний экспортод НӨАТ-ын буцаалт хийхгүй байхаар тогтсон. Мөн ган бүтээгдэхүүн, хаягдал төмрийн импортод ногдуулдаг татварыг бууруулсан юм.
Урд хөрш ОХУ, Мьянмар, Казахстан, Монгол зэрэг орноос төмрийн хүдрийн импортын хэмжээгээ нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Хятадын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо дотоодын болон хилийн чанад дахь төмрийн хүдрийн нөөц илрүүлэх ажлыг эрчимжүүлж, дотоодын үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх ажээ.