Өнөө шөнө, маргааш өдөр төвийн аймгуудын ихэнх нутгаар, цаашдаа төв болон зүүн аймгуудын нутгаар бороо үргэлжлэн орох тул үер усны аюулаас сэрэмжлэхийг Цаг уур орчны шинжилгээний газраас анхаарууллаа.
2021 оны зургадугаар сарын 29-нөөс долдугаар сарын 03-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг хүргэе. 29, 30-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 7-р сарын 01, 02-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 29-нөөс ихэнх нутгаар сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.