Аж ахуйн нэгжүүд 2020 онд ямар сорилт, бэрхшээлтэй нүүр тулсан бэ

 

Монгол Улсын 2020 оны ТОП 100 аж ахуйн нэгжийг шалгаруулах 20 дахь удаагийн арга хэмжээ ковидын нөхцөл байдлаас үүдэн өнөөдөр хоёр дахь удаагаа цахимаар болох гэж байна. Эдийн засаг, бизнесийн орчны толь нь ТОП 100 байдаг. Тусгал ч гэж хэлж болно. Уг эрэмбэ дарааллаас 2020 оны бодит байдал, өөрчлөлт, хувьсал, уналт доройтол харагддаг. Тэрчлэн хувийн хэвшлийн хөгжил, нийгэм, эдийн засагт гүйцэтгэж буй үүрэг, ач холбогдол нь илүү тодордог.

Тэгвэл 2020 он ямар жил болж өнгөрсөн бэ. Тийм ээ, хүнд жил байсан гэж тэд хэлэх нь дамжиггүй. Өнгөрсөн жил ямар өөрчлөлт гарсныг эргэн санацгаая. Юу болж өнгөрөв. Ямар сорилт ирэв. Одоо ч ковидын тархалт намжаагүй, хатуу хөл хорионы талаар төр засгийн түвшинд үе үе яригдаж, худалдаа, үйлчилгээний салбар цагийн хязгаарлалтад орсноос гадна зарим нь үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байна. Тухайлбал, аялал жуулчлалын салбар тэг зогсолт хийгээд удлаа.

 

ДНБ агшиж, гадаадын шууд хөрөнгө оруулалт буурав

Монгол Улсын ДНБ-ий хэмжээ 2020 онд 5.3 хувиар агшсан. Уул уурхай, олборлох салбар, үйлчилгээ, тээвэр, мэдээлэл холбоо, бөөний болон жижиглэн худалдааны салбар буурсан үзүүлэлттэй гарсан нь эдийн засаг хасах утгатай гарахад нөлөөлөв. Гадаадын шууд хөрөнгө оруулалт 2020 онд 29 хувиар буурч, шинэ хөрөнгө оруулалт огт нэмэгдсэнгүй. Хөдөлмөрийн зах зээлийн хувьд хамгийн тааруу мэдээтэй жил нь 2020 он байлаа. Танхимын судалгаагаар уг зах зээлд 100 гаруй мянган ажлын байр эрсдэлд орж, мөн тооны хүмүүс ажилгүй, орлогогүй болов.

27.1 мянган аж нэгж үйл ажиллагаагаа зогсоолоо

Татварын ерөнхий газрын 2020 оны тайлангаар 27.1 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоов. 132 мянга аж ахуйн нэгж татварын тайлан ирүүлсэн бөгөөд үүний 98 мянга буюу 74.2 хувь нь Х тайлан ирүүлсэн байлаа. Х тайлан ирүүлсэн аж ахуйн нэгжийн тоог хасаад, тайлангаа ирүүлсэн аж ахуйн нэгжийн тоог 2019 онтой харьцуулахад хоёр дахин буюу 34.5 мянга болж буурсан. Х тайлан гэдэг ашиггүй ажилласан эсвэл ямар нэгэн үйл ажиллагаа идэвхтэй явуулаагүй гэсэн үг.

Х тайлан ирүүлсэн аж ахуйн нэгжээ салбараар задалж үзвэл, агаарын тээвэр, аялал жуулчлал тэргүүтэй үйлчилгээ, хөнгөн үйлдвэрт амаргүй жил бол өнгөрлөө. 2021 он ч мөн адил хүндрэл, бэрхшээл, сорилт дунд үргэлжилж байна. Тодорхой бус байдал ч өнөө давамгайлсаар. Аж ахуйн нэгжүүд бизнесийн үйл ажиллагаагаа төлөвлөх, тогтвортой үйл ажиллагаагаа хэвийн явуулах эсэх нь 2021 онд ойлгомжгүй, бүрхэг хэвээр байна.

 

 

2020 онд эдийн засаг, бизнесийн орчинд ямар сорилт тулгарсан бэ?

1. Эрэлт буурсан, нийлүүлэлт доголдсон. Бараа бүтээгдэхүүний борлуулалт буурч, хүмүүсийн хүлээлт улам гутранги, өөдрөг бус болсон.

2. Эдийн засгийн идэвхжил удааширч эхэлсэн.

3. Дэлхийн эдийн засаг, бизнесийн орчин зогсонги байдалд орсон. Ковидын эрсдэл олон улсад улам нэмэгдэж, хөл хорио, хилийн хязгаарлалт олон улсын худалдаа, тээвэрт саад тотгор гарч ирсэн. Зарим бараа бүтээгдэхүүний хомсдол бий болсон. Түүхий эдийн татан авалт улам хүндрэлтэй байдалд шилжсэн.

4. Хүмүүсийн худалдан авах чадвар буурч, аж ахуйн нэгжүүдийн орлого тасарч, байдал улам хүндэрсэн. Цагийн хязгаарлалт худалдаа үйлчилгээний салбарт илүү ихээр нөлөөлж эхэлсэн.

5. Уул уурхайн экспорт гацаж, тэр тусмаа нүүрсний экспорт саатах болсон. Хил дээр урт цуваа үүсэж, цаг хугацааны төдийгүй эдийн засгийн алдагдал хүлээсэн.

6. Төрөөс ковидын эсрэг авч хэрэгжүүлсэн зарим зарим дүн муутай арга хэмжээ бизнесийн салбарын үйл ажиллагаанд нөлөөлж, хэвийн горим нь алдагдаж ирсэн.

7. Тодорхойгүй нөхцөл байдал бизнесийн орчинд үүссэн. Шинэ төслүүд гацаж, бүтээн байгуулалтын ажил нь зогсож эхэлсэн. Дийлэнх аж ахуйн нэгжийн орлого хөл хорио, хязгаарлалт нөлөөлж эхэлсэн.

8. Төлөвлөж байгаагүй гэнэтийн зардал аж ахуйн нэгжүүдэд гарч ирсэн.

9. Бараа бүтээгдэхүүний эргэлт саарч, үүнийг дагасан гацаа олширсон. Тухайлбал, Алтанбулаг, Замын Үүдийн боомт дээр бараа бүтээгдэхүүний бөөгнөрөл үүссэн. Энэ нь бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх, тээврийн зардал өсөхөд хүргэсэн.

10. Төгрөгийн ханш сулрах чиг хандлага тасралтгүй үргэлжилсэн. Төв банк алтны борлуулалтаас валютын нөөцөө ихээр нэмэгдүүлж чадсан ч эргээд тэрбум гаруй ам.доллар зөвхөн валютын дуудлага худалдаанд манай улс зарцуулсан. Хэдий тийм боловч төгрөгийн бодит ханш суларсаар.

11. УИХ болон Орон нутгийн сонгууль эдийн засаг, бизнесийн орчинд тогтворгүй уур амьсгал бүрдүүлсэн. Олон удаагийн сонгууль эдийн засгийн эрчийг сулруулж, бүтээмж буурсан.

12. Оюутолгой төсөл дагасан тааварлахад бэрх, тодорхойгүй байдал улам нэмэгдсэн. Төслийн тааламжгүй нөхцөл байдал бусад төслүүдэд ч шууд болон шууд бус байдлаар нөлөөлж эхэлсэн.

2020 онд дээрх сорилт, бэрхшээлийг хувийн хэвшил даван туулсан. Тэгвэл 2020 оны ТОП 100 хэр бүтээмжтэй ажилласан бэ...

Монгол Улсын 2020 оны ТОП-100 аж ахуйн нэгжийн төлсөн татварын хэмжээ нь 4.2 их наяд төгрөг байсан. Энэ нь татварын нийт орлогын 49 хувьтай тэнцэж байна. Борлуулалтын орлогын хэмжээ нь 32.6 их наяд төгрөг буюу ДНБ-ний 88 хувьтай дүйцэх дүнтэй байлаа. Борлуулалтын орлого нь 2019 онтой харьцуулахад буурсан үзүүлэлттэй гарлаа.

Эдийн засаг, бизнесийн сорилттой жилд хэдийгээр татвар, санхүүгийн үзүүлэлтүүд харилцан адилгүй буурсан ч ТОП-100 аж ахуйн нэгжүүд ажиллах хүчний тоогоо нэмэгдүүлжээ. 2020 оны ТОП 100 ААН-үүдэд ажиллагсдын тоо өмнөх жилээс 2 мянган хүнээр нэмэгдэж, 91 мянгад хүрсэн байна. Энэ нь нийт ажиллагсдын 8.1 хувьтай тэнцэх аж.

2020 оны ТОП 100 аж ахуйн нэгжүүдийг салбараар авч үзвэл, Худалдаа, үйлчилгээний салбарын 28 компани, уул уурхай олборлох үйлдвэрлэлийн салбарын 24 компани, газрын тосны хангамжийн 10, барилга замын салбарын 9, хүнсний болон хөнгөн үйлдвэрлэлийн 9, банк санхүү, харилцаа холбоо, тээвэр ложистикийн салбарын 13, хүнд үйлдвэрлэл, цахилгаан дулааны үйлдвэрлэлийн 7 компани тус тус эрэмбэлэгдсэн байна.

Ковидын нөлөө, хязгаарлалт, хил хаалттай үед газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ буурч, энэ төрлийн бүтээгдэхүүний импортлогч аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын орлого буурсан байна.

Худалдаа үйлчилгээний 28 компани хамгийн олноор 2020 оны ТОП 100 дотор багтсан ч борлуулалтын орлого нь буурсан. Харин хүнсний компанийн борлуулалтын орлого нэмэгдэж, эрэмбэ ахисан бол хөнгөн үйлдвэрлэлийн компаниуд эрэмбэ буурсан. Мөн борлуулалтын орлого нь үлэмж багассан байна. Тухайлбал, аялал жуулчлалын салбарын үйл ажиллагаа зогссон нь хөнгөн үйлдвэрийн салбарт шууд нөлөөлөв. Үүний нэг жишээ нь, Говь компани. Эдийн засаг хямралд орсон, онцгой нөхцөл байдал үүссэн жилүүдэд хүнсний компанийн эрэмбэ илүү ахиж, борлуулалтын орлого нь эрс нэмэгддэг жишиг 2020 оноор батлагдаж байна.
Хэдий ковидын нөхцөл байдлаас болж хил гаалийн үйл ажиллагаа хэвийн горимоор ажиллаж чадаагүй ч уул уурхайн эрдэс түүхий эдийн үнэ тогтвортой бөгөөд өсөлттэй байсан нь ТОП 100 дотор эдгээр чиглэлийн компани байр сууриа хадгалах, ахиулахад бодит хөшүүрэг болжээ.

Монгол Улсын ТОП-100 компанийн эхний 10 компаниар эрэмбэлэгдсэн компаниуд нь нийт ТОП-100 ААН-ийн улсад төлсөн татварын дүнгийн 51 хувь, нийт борлуулалтын орлогын дүнгийн 41 хувийг эзэлж байна. Эдгээр компаниудын борлуулалтын орлого, татварын хэмжээ, ашиг, хөрөнгийн хэмжээ нь 2020 онд өмнөх оноос буурсан байна. Харин ажиллагсдын тоо нь 900 орчим хүнээр өссөн дүнтэй байгаа юм.

Эхний аравт эрэмбэлэгддэг компаниуд нийт ТОП-100 компанийн ажиллагсдын 30 орчим хувийг бүрдүүлдэг байна. Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа явуулж буй салбараар нь харвал уул уурхай олборлох үйлдвэрлэл, банк санхүү, тээвэр ложистик, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын төлөөлөл 2020 оны ТОП 100-гийн 1-10 дугаарын эрэмбэд багтсан байна. Монголын эдийн засгийн толь болсон ТОП 100 аж ахуйн нэгж амаргүй давааг 2020 оны турш туулсан ч дахиад л давааны цаадах даваатай нүүр тулан зогсож байна, 2021 он. Ковидын эрсдэл, тархалт одоо ч нөхцөл байдлыг улам дордуулсаар...

Б.Тулгат

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү